Эх орноосоо урвах гэдэг заалт байх ёстой гэв
УИХ-аас өнөөдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор эх орноосоо урвах гэдэг заалт байхгүй болсон талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Түүний тайлбараар бол дээрх хуульд зөвхөн дайны байдлын үед дайсны талд ажиллах юм бол эх орноосоо урвагч болно. Бусад тохиолдолд урвагч биш болж байгаа. Ийм хуулийг УИХ баталлаа. Энэ заалтыг “Зэвсэгт халдлага мөргөлдөөний үед дайсны талд дэмжлэг үзүүлсэн, хамтран ажилласан бол 12-20 жил хүртэл хугацаагаар, эсвэл бүх насаар нь хорино” гэж орууллаа. Ингэснээр эх орноосоо урвах гэдэг заалтыг байхгүй болголоо.
Хүчин төгөлдөр үйлчилж байгаа өнөөдрийн Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлд “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалд аюул учруулж болохуйц гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улсын тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, мөн дайн бүхий байдал зарласан үед дайны талд шилжин орсон бол 16-25 жил хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байсан. Энэ хоёр заалтыг харьцуулан харвал шал өөр.
Өөрөөр хэлбэл, өнөөдөр баталсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зөвхөн дайны үед эх орноосоо урвах гэдэг заалт хамаарна. Бусад тохиолдолд хамаарахгүй болж буй нь ноцтой зүйл гэв.
Хоёр дахь ноцтой асуудал нь гадаадын тагнуулын албатай хууль бусаар хамтран ажиллах гэсэн заалттай холбогдож байгаа аж. Энэ нь Монгол Улсын иргэн гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээллийг цуглуулсан, хадгалсан, хулгайлсан, дамжуулсан бол 8 жилийн хорих ялаар шийтгэхээр болсон нь маш ноцтой. Ийм аюултай хуулийг ирэх долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлэх болж байна.
УИХ дээр Х.Нямбаатар хуулийн төслийг ахалсан нэртэй ажиллаж, янз бүрийн юм оруулж ирсэн нь ийм ноцтой байдалд хүргэлээ. Хуульд нэг үг, нэг таслал бүхэлдээ нэг утга агуулдаг.
Энэ тухай би Тагнуулын ерөнхий газрын даргатай уулзаж, хэлсэн. Үе, үеийн Тагнуулын газрын дарга байсан хүмүүсийг дуудаж уулзаж, долдугаар сарын 1-ээс хууль хэрэгжихээс урьтаж,Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэлээ.
Г.Дарь