Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны шаардлагад хариу ирүүлжээ
2017.05.12

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны шаардлагад хариу ирүүлжээ

МҮЭ-ийн холбооноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах болон эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хариуг ХНХ-ын сайд Н.Номтойбаяраас ирүүлсэн байна. 

Тус албан бичигт тэтгэврийн насыг 2018 онд шууд 65 насанд хүргэхгүй. Эмэгтэй хүний тэтгэврийн нас 2037 онд 65-т хүрэх бол эрэгтэйчүүдийн тэтгэврийн нас 2027 онд 65-д хүрнэ. Эрэгтэй хүн хүсвэл 2018 онд 60 насандаа гарч болохоор хуульд нэмэлт заалт орсон бөгөөд эрэгтэй хүн 60 насанд буюу 6 сарын өмнө тэтгэвэрт гарахын тулд 20 жил 3 cap ажилласан байх болзлыг хангасан байна.

Тэтгэврийн даатгалд даатгуулсан даатгуулагч ердийн нөхцөлөөр эрэгтэй 60, эмэгтэй 55 настайдаа, мөн олон хүүхэд төрүүлсэн даатгуулагч эх 50 настайдаа, түүнчлэн нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авах ахмад настан эрэгтэй 60, эмэгтэй 55 настайдаа тэтгэвэр тогтоолгож байгааг жил бүр 6 сараар нэмэгдүүлж эрэгтэй, эмэгтэй 65 насанд хүргэнэ. Тэтгэврийн нас нэмэгдүүлэх талаар хууль батлагдсанаар дунд хугацаанд буюу 2018-2020 онд 98.2 -227.5 тэрбум төгрөгийн зардлыг тэтгэврийн сангаас бууруулахаар тооцсон болно Тэтгэврийн насыг нэмэгдүүлэхэд богино, дунд хугацаанд үүсэх эрсдэл, иргэдэд учрах ачааллыг бууруулах, даатгуулагчид сонголт хийх боломж олгох хувилбарыг мөн тусгасан болно.

Хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10-25 хувиар 4 шатлал бүхий татвар ногдуулах бөгөөд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг 2018 онд 120.0 мянган төгрөг, 2019 онд 160.0 мянган төгрөг, 2020 онд 200.0 мянган төгрөг, 2021 онд 240.0 мянган төгрөг болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлнэ. Одоогоор 900.0 мянга орчим татвар төлөгч бүртгэлтэй байгаа бөгөөд нийт татвар төлөгчдийн 95 орчим хувь нь 10 хувиас бага татвар төлөхөөр, үлдэх 5 гаруй хувь нь татварын шатлалд хамрагдаж 10 хувиас их татвар төлөхөөр байна.

Мөн Улсын Их Хурлын 2017 оны намрын Чуулганд тэтгэврийн наснаас гадна тэтгэврийн шинэчлэлийн бусад асуудлыг цогцоор нь хөндөх багц хуулийн төслийн өргөн мэдүүлэх болно. Уг хуулийн төсөлд тэтгэврийн насны доод хязгаарыг уян хатан мөрдөх, тэтгэвэр бодох томьёог өөрчлөх, хөдөлмөрийн хөнгөлөлттэй нөхцөлийг цэгцлэх, тэтгэвэр бодоход баримтлах цалингийн дундажыг тодорхойлох аргачлалыг өөрчлөх гэх мэт асуудлыг тусгаж байна.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог хуралдуулж эдийн засаг, нийгмийн бодлогын асуудлаар үндэсний хэмжээнд зөвлөлдөх арга хэмжээний хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгуулахаар телөвлөж байна. Үүнд:

-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороог 2017 оны 5 дугаар сарын 24-ний дотор хуралдуулах;

-  Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчлэлийн асуудлаар 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хэлэлцүүлэг хийх;

-  Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтран нийгмийн зөвшлийн талуудыг оролцуулан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдер хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг болно.

Ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийн баталгааг сайжруулах, шинээр ажлын байр бий болгох, иргэдийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлэх ажлын хүрээнд Засгийн газар, МАОЭНХ, МҮЭХ-ны төлөөллөөс бүрдсэн Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хурлаар 2017 онд хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажилгүйдлийг бууруулахаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 6 хөтөлбөр баталж, хэрэгжүүлж байна. Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээнд 80.0 мянган иргэнийг хамруулж 50.0 мянган иргэнийг ажилд зуучлах, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдэд 60.0 мянган иргэнийг хамруулж 12.0 мянган түр ажлын байр, 10.0 мянган байнгын ажлын байрыг шинээр бий болгосноор ажилгүйдлийн түвшинг 9.0 хувиас ихгүй байлгахаар байна.

Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төрийн албан хаагчдын цалин хөлсийг одоогийн түвшинд хадгалах, 2017-2019 онд бүтцийн өөрчлөлтөөр олноор халахгүй байх, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдсөн бол нөхөн томилгоо хийхгүйгээр ажил, үүргийг оновчтойгоор хуваарилах, шаардлагатай тохиолдолд Төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад дахин зохион байгуулалт хийх замаар хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх юм.

Эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн нөхцөлд цалин нэмэгдүүлэх боломж хомс байгаатай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас цалингийн зээлийн хүүг 3 пунктээр бууруулж, зээлийн шимтгэлийн зардлыг тэглэх талаар арилжааны банкуудтай хамтран ажиллаж байна гэсэн байна.