“Залуу эрдэмтэн солилцооны хөтөлбөр" хэрэгжүүлнэ
2017.05.01

“Залуу эрдэмтэн солилцооны хөтөлбөр" хэрэгжүүлнэ

Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн урилгаар БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгч, профессор Бай Чун Ли тэргүүтэй төлөөлөгчид манай улсад 2017.04.29-05.03-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2017.05.01/ БСШУС-ын сайд Ж.Батсуурь профессор Бай Чун Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

БСШУС-ын сайд Ж.Батсуурь уулзалтын эхэнд “Тавдугаар сарын дундуур “Нэг бүс, нэг зам” хөтөлбөрийн хүрээнд Бээжин хотноо зохион байгуулагдах Дээд хэмжээний уулзалтын үеэр миний бие хоёр хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэхээр төлөвлөөд байна. “Залуу эрдэмтэн солилцооны хөтөлбөр”, “Монгол Улсад шинжлэх ухааны парк, инновацийн дэд бүтцийг байгуулах” тухай санамж бичгүүдийг хоёр орны Шинжлэх ухааны яамдууд үзэглэхээр харилцан тохиролцоод байна” гэв. Уулзалтад БСШУС-ын зөвлөх Н.Бэгз, БСШУСЯ-ны Инноваци, өндөр технологийн хэлтсийн дарга Д.Одгэрэл нарын холбогдох албаны хүмүүс байлцав.

Энэ удаагийн айлчлал нь 1999 оноос хойшхи хоёр дахь удаагийн томоохон айлчлал юм. Айлчлалын зорилго нь Монгол, Хятад хоёр орны шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг шинэчлэн баталгаажуулахад оршиж байна. Мөн энэ өдөр  БНХАУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч Хятадын Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн талаар нээлттэй лекц зохион байгуулах юм.

Хятадын Шинжлэх ухааны Академийн төлөөлөгчдийн  бүрэлдэхүүнд БНХАУ-ын Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгчөөс гадна тус акадмемийн Гадаад хамтын ажиллагааг Удирдах газрын ерөнхий захирал, профессор Жин Хуа Цао, Баруунхойд бүсийн Эко-хүрээлэн буй орчин, нөөцийн судалгааны  хүрээлэнгийн ерөнхий захирал, доктор Ванг Тао,  Нүүрсний химийн хүрээлэнгийн ерөнхий захирал, профессор Жиан Гуо Ванг, Гадаад хамтын ажиллагааг  Удирдах газрын орлогч захирал Бо Лун Нинг  нар багтаж байна.