II төрөх эмнэлгийн барилгын засварт шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлнэ гэв
2017.04.28

II төрөх эмнэлгийн барилгын засварт шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлнэ гэв

Он гарснаас хойш Хүрээ амаржих газар эх, нярайн эндэгдэлгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний тулд бид бүх төрлийн тоног, төхөөрөмжүүдийг сайжруулах тал дээр ажиллаж байгаа хэмээн Хүрээ амаржих газрын дарга Р.Оюунханд ярилаа.

Төрөх эмнэлгүүдийн ачаалал тулгамдаж буй асуудлыг сонсож, зарим асуудлыг шийдвэрлэх үүднээс Эрүүл мэндийн яамны Ажлын хэсэг өнөөдөр I, II, II төрөхөд ажиллаж, үйлчилгээтэй нь танилцсанаас бид II төрөхийг онцлон сурвалжиллаа.

Сонгинохайрхан дүүргийн 68,000 гаруй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд үйлчилгээ үзүүлдэг II төрөх буюу Хүрээ амаржих газар 1959 онд байгуулагдаж, түүнээс хойш одоог хүртэл хуучин барилгадаа үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.
ТӨРӨХ ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫН ЗАСВАРТ 500 ОРЧИМ САЯ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ

Хүрээ амаржих газрын дарга Р.Оюунханд “Манай төрөх Сонгинохайрхан дүүргийн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд эх барих болон нярайн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Нийслэлийн хүн ам нэмэгдэхийн хэрээр манай төрөхийн ачаалал ч мөн адил нэмэгдэж байна.

Энэ хүрээнд нэгдүгээрт, барилгаа өргөжүүлж, засвар үйлчилгээ хийх шаардлагатай байгаа. Өнөөдрийн байдлаар бидэнд 1,400 м.кв орчим талбайд засвар үйлчилгээ хийхээр байна.

Үлдсэн талбайн хувьд бусад байгууллагуудад төсөл хөтөлбөр бичих, тусламж өрнүүлэх, ажилчдынхаа дотоод нөөц бололцоогоор засвар хийсээр ирсэн.

Хоёрдугаарт, мэдээж тоног төхөөрөмжийн шинэчлэлийн асуудал. Эмчилгээ, оношилгооны, дэмжих үйлчилгээний тоног төхөөрөмжүүд стандартын төвшинд хүрэх нэн шаардлагатайгаас гадна гуравдугаарт, эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтний дутагдалтай байдал бий” хэмээн тайлбарлалаа.

Одоогийн байдлаар Хүрээ амаржих газарт төрсний дараах тасаг, төрөх тасаг, мэс засал, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасаг, халдваргүйтгэл ариутгал, угаалгын тасаг, эмийн сан, захиргаа зэрэг нийт 1,477.3 м.кв талбайд 500 орчим сая төгрөгийн төсөв шаардлагатай байгаа юм байна. 

"ХҮРЭЭ АМАРЖИХ ГАЗРЫН ХУВЬД ОЛОН ХҮН АМТАЙ ДҮҮРГИЙН АЧААЛЛЫГ ҮҮРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА БОЛОВЧ ХУУЧНЫ БАРИЛГАТАЙ УЧРААС ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ НЭН ДАРУЙ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА"

ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат “ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргын ахалдаг Удирдлагын зөвлөлийн хурал байдаг.

Энэхүү Удирдлагын зөвлөлийн хурлаар эх барих, эмэгтэйчүүд, эхийн эндэгдэл, 0-5 насны хүүхдийн эндэгдлийн асуудлууд тавигдсан.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр ажлын хэрэгжилтийг  газар дээр нь үзэх, эх хүүхдийн эрүүл мэндийн асрамж үйлчилгээтэй танилцах, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэх тал дээр зорьж байна.

Хөрөнгө санхүүгийн хүндрэлтэй, тухайлбал бид төсвийн тодотгол дээр 50 орны 500 сая төгрөгийн асуудлыг Засгийн газарт тавьсан. Тэр нь шийдэгдээгүй байна.

Энэ асуудлыг шийдүүлэх тал дээр амаржих газруудын ажилчид санал, санаачлага гаргаж байна. Илүү цагаар ажиллаж байгаа, ор, тоног төхөөрөмжийн асуудлуудын тооцоо судалгаа нь 500 гаруй сая төгрөг байгаа юм.

Хүрээ амаржих газрын хувьд олон хүн амтай дүүргийн ачааллыг үүрч ажиллаж байгаа боловч хуучны барилгатай учраас засвар үйлчилгээ нэн даруй хийх шаардлагатай байна. Тиймээс бид холбогдох яам, тамгын газруудад хандаж, шийдвэрлүүлнэ” хэмээв.