2012.02.14

Төрөх эмнэлгийн бэрхшээл,зовлонг амьдрал дундаас сонслоо

УИХ-д суудалтай гурван нам буюу Монгол Ардын Нам, АН, ИЗН-ын эмэгтэйчүүдийн байгууллагууд хамтран "Хүүхдийн төлөө" сэдэвт анхдугаар форумыг энэ сарын 16-ны өдөр зохион байгуулна. Уг форумд Нийгмийн ардчилал МЭХ-ноос "Төрөлт, хүн ам зүйн бодлого" сэдвээр бодлогын илтгэл тавьж хэлэлцүүлэх юм.Тиймээс уг салбарын тулгамдсан асуудлыг амьдрал дундаас буюу салбарын эмч, мэргэжилтэн, сувилагч, асрагч нараас сонсох зорилгоор өчигдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв/ ЭХЭМҮТ/ буюу Эх нялхаст тус холбооны удирдлага өчигдөр зочиллоо. УИХ-ын гишүүн, Нийгмийн ардчилал-МЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол тэргүүтэй холбооны төлөөллийг эмч, мэргэжилтнүүд талархан хүлээж авсан.

Учир нь тэд эмэгтэйчүүд энэ салбарын тулгамдсан асуудлыг илүү нарийн гярхай олж харж чаддаг учир шийдлийг ч бас гаргана гэж итгэж буй ажээ. Нийгмийн ардчилал-МЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан, "Петровис" ХХК-ийн ерөнхий захирал Д.Энхчимэг нарын төлөөлөл тус төвийн захирал Ш.Энхтөр, ЭМЯ-ны Стратеги бодлогын төлөвлөлтийн газрын дарга С.Энхболд, ЭМЯ-ны Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Я.Буянжаргал нарын хамт нийслэлийн бүх төрөх, хүүхдийн эмч, мэргэжилтэн, асрагч, сувилагч нарын санал бодлыг сонсч, харилцан ярилцсан юм.

Амьдрал дунд л жинхэнэ асуудал байдаг учир халуун гал тогооныхоо хамгийн бэрхшээлтэй асуудлуудыг тэд хөндлөө. Тус төвийн захирал Ш.Энхтөрийн ярьснаар өнгөрсөн онд 2007 оныхоос 3000-аар олон буюу 5000 гаруй эх төрсөн байна. Ингэж ачаалал эрс нэмэгдсэн ч санхүүжилт хийгээд эмч, ажилтнуудын тоо өсөөгүй нь бэрхшээл дагуулсаар байгаа аж. ЭХЭМҮТ-д хөдөө орон нутгаас жирэмсний хүндрэлтэй эхчүүд ирж төрдөг ба энэ нь нийт төрөлтийн 47 хувийг эзлэх болжээ. Түүнчлэн дутуу төрөлттэй нярай энд л ирж хүн болдог, ургийн гаж хөгжлийг эхийн хэвлийд нь оношлох үүрэгтэй ганц төв гэхчилэн тэдний ажлын онцлог өвөрмөц. Төрөх эмнэлгийн үйлчилгээний стандартаар бол хэвийн нөхцөлд нэг сувилагч 15-20 хүнд үйлчилдэг бол өнөөдөр энэ тоо 30 давсан байх жишээтэй. Эрүүл мэндийн сайдын тушаалаар ачаалал ихтэй ажилладаг эмнэлгийн ажилчдын цалинг багагүй хувиар нэмэх шийдвэр байдаг ч тус төв санхүүжилт байхгүйгээс ердөө 10 хувийн нэмэгдэл олгодог байна.

Түүнчлэн төрөлтийг эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд хамруулах зэрэг олон чухал асуудлыг хөндсөн. Төрөх эмнэлгүүдийн эрүүл ахуйн стандарт алдагдсан, их засвар хийлгүй арав, хорин жил болсон, мөөгөнцөртсөн зэрэг нийтлэг бэрхшээлийг ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөрийн нэгэн адил III төрөх эмнэлгийн ерөнхий эмч Бат-Очир ч хэллээ. Мөн ирэх зун ашиглалтад орох ёстой III эмнэлгийн барилгын ажил зогсонги байдалтай байгааг тус эмнэлгийн ерөнхий эмч УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд дуулгалаа. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нийгмийн бодлогын байнгын хороог хариуцдаг байхдаа тус эмнэлгийн байрыг бариулах шийдвэр гаргуулсан юм байна. Тэрбээр эмнэлгийн барилгыг баригдаж байгаа л гэж санажээ. Тиймээс уг ажилд хяналт тавьж, хариу мэдэгдэхийг Нийслэлийн боловсролын газрынханд хэллээ. Үүний зэрэгцээ эрүүл мэндийн салбарын төсөл, тендерт нарийн шалгуур тавихгүй бол энэ мэтээр гомдол, санал их гарч байгааг холбогдох газруудад анхааруулав.

Тэрбээр намуудын эмэгтэйчүүд хамтран нийгмийн тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулж, нэг зорилго, нэгдмэл бодлоготой ирэх сонгуульд оролцох болсныг дуулгасан. Эрүүл мэндийн салбарт ажиллагсадын олонхи нь эмэгтэйчүүд. Тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэй төрийн түшээгийн хувиар, эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүний хувиар онцгой анхаарна гэсэн билээ. Төрөх эмнэлгийн эмч, ажилтан, ажилчидтай хийсэн уулзалтаас гарсан санаа оноогоор "Эмэгтэйчүүд чадна" форумд тавих илтгэлийн дүн нуруу босох ба тулгамдеан асуудлуудыг шат дараатай шийдвэрлэхийн төлөө эмэгтэйчүүд хүчээ нэгтгэж ажиллах юм. Нийгмийн ардчилал-МЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд тус төвд төрсөн ээжүүд болон бяцхан үрсэд гарын бэлэг гардуулж, эрүүл энхийг хүслээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.