Төрийн албаны эрх зүйн шинэтгэл ба тулгамдсан асуудлууд сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал болов
Төрийн албаны эрх зүйн шинэтгэл ба тулгамдсан асуудлууд сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал болов
Уг хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх, доктор /Ph.D/, профессор Ч.Өнөрбаяр, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны дарга Д.Баатарсайхан нар тус тус удирдан явуулсан юм.
Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ:
“Төрийн албаны шинэтгэл, тулгамдсан асуудлын талаар санал, бодлоо солилцохоор хүрэлцэн ирсэн Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
1992 онд батлагдсан Үндсэн хуулиар төрийн үйл ажиллагааг улс төрийн нам, аж ахуйн үйл ажиллагаанаас тусгаарлаж төрийн албаны чиг үүргийг тодорхойлсон заалтууд хуульчлагдаж, 1992 оны УИХ-ын сонгууль засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу явснаар төрийн үйл ажиллагаа аж ахуйн үйл ажиллагаа, ялангуяа сумдын түвшинд хөдөө аж ахуйн нэгдэл, захиргааны үйл ажиллагаа тусдаа явагдах болсон юм.
Монгол Улсын төрийн албаны шинэ тогтолцоо 1995 онд бие даасан хуулиар зохицуулагдах болсноос хойш ардчилал бүрэлдэн төлөвшихөд түүхэн үүргээ гүйцэтгэж ирсэн. Эдүгээ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай; Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай, Захиргааны ерөнхий хууль зэрэг олон хууль батлагдсан нь төрийн албаны хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр ихээхэн ахиц дэвшлийг авчирсан юм.
Харин салбарын суурь хууль болох Төрийн албаны тухай хуулийн тухайд 2002 онд батлагдсанаасаа хойш нийт 40 удаа нэмэлт, өөрчлөлт орсон боловч зарчмын өөрчлөлтгүйгээр өнөөдрийг хүрчээ. Төрийн албаны шинэтгэл сүүлийн 7 жил гаруйн хугацаанд яригдаж, төрийн албаны хуулийн олон ч төсөл боловсруулагдсан. Улс төрийн намууд, УИХ-ын гишүүд, төрийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид идэвхтэй оролцож, ажлын хэсэг байгуулж ажилласан. Өнөөдрийн байдлаар гэхэд Улсын Их Хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал хэлэлцэхээр бэлтгэж байна. Гэсэн хэдий ч энэхүү шинэтгэл удаан явж байна гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой.
Улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, ард иргэд бүгд төрийн албанд тулгамдаж буй асуудал бол тогтвортой байдал, залгамж чанар гэдэгтэй санал нийлнэ. Бид асуудлаа санал нэгтэйгээр тодорхойлж чадаж байгаа нөхцөлд шийдлийн хувилбаруудыг хэлэлцэж нийгмийн зөвшилцөлд хүрэхэд хялбар юм.
Олон жил яригдаж буй шинэтгэлийг хийхэд хамтран ажиллаж, олон талын санаа бодлыг сонсож, асуудалд ул суурьтай, судалгаатай хандан ирээдүйд чиглэсэн ухаалаг шийдвэрийг гаргах ёстой. Энэ хурлын зорилго ч мөн салбарын мэргэшсэн судлаачдын судалгааг сонсож, бодлого тодорхойлогчдын шийдлээ уралдуулах суурь хөрсийг бордоход чиглэж байгаа юм.
Төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлыг хангаж түүний залгамж чанарыг бэхжүүлэх, төрийн алба хаагчид нь ашиг сонирхлын зөрчил болон намын аливаа үйл ажиллагаанаас ангид, хариуцлагатай байж, ёс зүйн хэм хэмжээг баримталдаг; төрийн албаны томилгоо нь чадахуйн зарчимд суурилдаг байх зарчмуудыг тогтоож бэхжүүлэх нь бидний нэн тэргүүний үүрэг юм.
Ажлын үр дүн, мэргэшлийн түвшин хангалттай, хууль, ёс зүйн хэм хэмжээг чандлан сахидаг албан хаагч хэдэн жилийн дараа ямар албан тушаалд очихоо төлөвлөж болохуйц Төрийн албаны тушаал дэвших тогтолцоо; төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, байгууллагын удирдах албан тушаалтан өөрчлөгдсөн ч ажлаа илтгэл төгс, айх айдасгүй хийх тогтвортой байдал; Удирдлагын хууль бус шийдвэрийг эсэргүүцэх зоригийг өгөх баталгааг бүрдүүлэхэд төрийн албаны шинэтгэлийн зорилго орших ёстой.
Олон намтай улс төрийн тогтолцоот Монгол Улсад мэргэшсэн тогтвортой төрийн алба ажиллах нь төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хангаж монгол төрийн дархлааг бэхжүүлэх суурь нөхцөл юм. Монгол Улсын төрийн албаны тогтолцоо бол ардчиллыг бодитоор хэрэгжүүлэх нөхцөл, баталгаа мөн.
Эрдэм шинжилгээний хурал нээснийг мэдэгдэж, Та бүхнийг хурлын үйл ажиллагаанд идэвхийлэн оролцохыг хүсье.
Та бүхэнд баярлалаа “гэлээ.
Эрдэм шинжилгээний бага хуралд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо үг хэлж, “Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт ба тулгамдсан асуудал” сэдвээр доктор /Ph.D/, профессор П.Одгэрэл, Мэргэшсэн, тогтвортой, үр дүнтэй боловсон хүчин төрийн албаны үндэс болох нь: Япон Улсын туршлага” сэдвээр доктор /Ph.D/, П.Амаржаргал, Төрийн жинхэнэ албан хаагчийн сахилгын хариуцлагын эрх зүйн зохицуулалт” сэдвээр доктор /Ph.D/ Н.Мөнхзул, “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмж” сэдвээр доктор /Ph.D/, Д.Сүнжид, "Төрийн албаны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж буй зарим хүчин зүйл" сэдвээр доктор /Ph.D/ Д.Мөнхтөр, “Төрийн албаны хуулийн зөрчил, хийдэл, бусад хуультай уялдаа холбоо, шийдвэрлэх арга зам” сэдвээр доктор /Ph.D/, профессор Б.Уранцэцэг нар тус тус илтгэл хэлэлцүүлсэн юм.
Илтгэлүүдийн дараа хэлэлцүүлэгт оролцогсод байр суурь, санал бодлоо илэрхийллээ. Төрийн албаны тухай хуулийн шинэ төслийн талаар ТАЗ-ийн гишүүн асан Б.Өнөбаатар хэлэхдээ “Улс төрийн намууд хүсэл, санаа, зорилгоо нэгтгэж байж энэ хуулийг хийх хэрэгтэй. Ингэж байж сонгуулиа дагаад 4 жил тутамд төрийн албаны ажилтнуудыг халдаг, сольдог байдал өөрчлөгдөнө. УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, УИХ-ын Тамгын газрын төлөөлөл эрдэм шинжилгээний хуралд ирж оролцоогүйд харамсаж байна. Улс төрийн намууд төрийн албыг хүмүүсээ дөрөв дөрвөн жилээр сургадаг дамжаа болгох ёсгүй. Төрийн албанд удаагүй, туршлага багатай хүнийг Төрийн нарийн бичгийн даргаар тавьдаг. Төрийн албыг тогтвортой болгох ёстой. Хариуцлагын тогтолцоо дээрээсээ эхлэх ёстой” гэж байлаа.
Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ш.Цогтоо “Энэ хуралд АТГ болоод яам, агентлагийн дарга нар өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон бол сайн байх байлаа. Чухал сэдэв хэлэлцүүлж байгаа ЕТГ, ТАЗ-д талархал илэрхийлье. Долоо, наймхан сарын дотор 29 мянган төрийн албан хаагчийг халж байгаа нь монголчуудыг БНСУ руу нүүхэд хүргэж байна. Хэн сонгуульд ялснаас үл хамаарч энэ суурь хуулийн төслийг УИХ баталж өгөхийг хүсч байна. Хавтгайрсан их халаа сэлгээ УИХ, Засгийн газрыг ч хөлдөө чирч мэднэ. Гаалийг л гэхэд 2-3 сар болоод л самарч байна. Гэтэл төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх ёстой” гэв.
ТАЗ-ийн дарга асан Д.Зүмбэрэллхам “Цаг үеэ олсон арга хэмжээ болж байна. Төрийн албаны тогтворгүй байдал гадна талаас ч муухай харагддаг. Би хэдэн жил дипломат алба хашихдаа үүнийг анзаарсан. Гаднынханд ч манай тогтворгүй байдал нөлөөлдөг. Энэ бол улстөрийн соёл, хүсэл, зорилготой холбоотой асуудал” гэж байлаа.
ХЗЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Үнэнбат “Хууль тогтвортой байх ёстой. Төрийн алба тогтворгүйгээс Монголын төрийн дархлаа, бахархал, үнэт зүйл алга болжээ. Ажиллаж байгаа хүмүүст итгэл, сэтгэл, зүтгэл бага байна. АНУ, ХБНГУ, Францын хууль гэж дээшээ харалгүй БНСУ, Японы хууль бидэнд ойр” хэмээв.
Ийнхүү илтгэл сонсч, асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн оролцогчид Төрийн албыг шинэчилж, сонгуулиас хамааран халаа сэлгээ явуулдгийг зогсоож, тогтвортой, залгамж чанартай ажиллуулах нь чухал гэдгийг онцолж, Төрийн албаны тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулах шаардлагатай гэж байлаа.