Б.Алтантуяа: Эрхээ мэд, эрхээ шаард, эрхээ эдэл
“Эмнести интернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяатай төрийн хариуцлагын талаар товч ярилцлаа.
-Танай байгууллага хүний эрхийн чиглэлээр хүчтэй дуу хоолой болж явдгийн хувьд төрийн хариуцлага дээр ямар санаа бодол, дүгнэлттэй байдаг вэ?
Төр өөрийнхөө гаргаж буй бодлого шийдвэрт хяналт тавьж, хариуцлага тооцох ёстой. Гэтэл үүнийг хэрэгжүүлэх улс төрийн хүсэл зориг дутмагаас болоод хяналт хэрэгжихгүй байна.
Иймээс олон нийтийн эрх ашиг хохирох, хүмүүсийн амьдрал доройтох нь ихэсч байна. Эмнести интернэшнлийн зүгээс төрийн албан хаагчдын ял завших байдал, хариуцлагаас мултрах, хариуцлага тооцохгүй байх хөрс суурийг маш ихээр бүрдүүлж өгч байгаад төрийг шүүмжилдэг.
Өнгөрсөн онд Олон улсын “Эмнести интернэшнл” байгууллага дэлхийн дахинд маш олон улс оронд эрүү шүүлт тулгасан гэмт хэрэгтнүүдтэй, төрийн албан хаагчдад ял завшуулсанаас болоод эрүүдэн шүүх гэмт хэрэг газар авч байгаа талаарх судлагааг хийж, асуудлын үнэн мөнийг илчилсэн. Ийм дүр зураг манай улсад ч гэсэн адилхан байгаа.
Тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хянадаг, шалгадаг механизм байхгүй.
- Монголын төрд эргээд өөрийнхөө гаргадаг тушаал шийдвэрийг хянадаг шалгадаг механизм байна уу.
Байхгүй. Улсын их хурлаас, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүдийг хэн шалгах юм.
Олон нийт, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэж, хүчтэй шаардлагыг тавих хэрэгтэй. Энэ дуу хоолой цаашаа нийгмийн сүлжээгээр дамжиж олон нийтэд хүрч, давалгаалах ёстой.
Давалгаалж чадвал ял завшиж байгаа хүмүүст гишгэх газар үлдэхгүй. Нуугдах газар бий болгохгүй. Тэгэхээр тэд өөрийнхөө гишгэсэн мөрөө эргэж хардаг болно. Алдаа гаргахгүйн төлөө хичээх болно.
-Яагаад төр хариуцлага алдсан албан тушаалтандаа, сайдтайгаа, гишүүдтэйгээ хариуцлага тооцож чадахгүй байна вэ?
Гэхдээ хариуцлага тооцох асуудлыг нэг хоёр иргэн эсвэл нэг хоёр ТББ хашгираад хийж чадахгүй. Эрх баригчдын зүгээс байнга хариуцлагыг сул байлгах сонирхол байгаа учраас маш хэцүү.
Тиймээс Монголын ард түмэн нийтээрээ хүсэх ёстой. Улс төрчидтэй хариуцлага тооцох механизм нь сонгууль. Харамсалтай нь манай иргэдийн сонгогчдын боловсрол бага байгаа.
Түүнчлэн сонгуулийн хуулиар сонгох эрхийг хүчгүйдүүлэх, нэр дэвших процесс гээд олон хүчин зүйл нөлөөлж байна.
Иргэд хяналтаа тавьж, сэрэмжтэй байх учиртай. Хэн нэгэн эрх баригч өмнөөс нь сайхан болгох юм шиг ойлгож болохгүй. УИХ, ЗГ-т хяналт тавих нь хамгийн чухал.
Үүнд иргэдийн оролцоо хэрэгтэй. Тиймээс Эмнести интернэшнлээс иргэдийг эрхээ мэд, эрхээ шаард, эрхээ эдэл гэж уриалдаг.
-Эрүүдэн шүүх гэмт хэргийг төрийн албан хаагчид, хууль сахиулагчид үйлддэг. Тиймээс тэдний үйлдэж буй гэмт хэргийг шалгах, хянах механизм Монголд маш их хэрэгтэй гэдгийг хүний эрхийн байгууллагууд хэлдэг. Гэтэл УЕП-ын дэргэх мөрдөх албыг татан буулгаж ухралт хийсэн. Нэг хэсэг Тахарын албанд энэ үүргийг шилжүүлнэ гэсэн. Одоо ямар байдалтай байгаа бол. Энэ бас төрийн хариуцлагыг илтгэх зүйл байх?
Улс төрчид, эрх баригчдын зүгээс ял завшихын тулд хариуцлагаас аль болохоор мултрахыг хүсч байгаа нь ойлгомжтой. Хараат бус механизмыг монголд бий болгохгүй цаг хугацаа алдаад байгаа нь маш харамсалтай.
Өнөөдөр эрүүдэн шүүгдсэн хохирогчид айдастай байна. Тэдний дуу хоолой цөөдөж байна. Тэд биднээр дамжуулж дуу хоолойгоо өргөж байгаа ч хүч сул байна. Монгол улсын шүүх шударгаар шүүж чадахгүй байна. Тэрийг сүүлийн үед болж байгаа үйл явдлаас харж болно.
Шүүхийн тогтоолууд хэрхэн яаж хүчингүй болдог вэ гэдгийг харлаа. Шүүхэд хэргийг шударга бусаар шүүснээс болж ямар хохирол гарч байна вэ. Ерөнхийлөгч хүртэл шүүхийн талаар асуудал хөндөж байна. Улс төрчид энэ удаа хийхгүй бол дараагийн удаа тэднийг сонгохгүй.