Ц.Дашдорж: Нисэхийн олон улсын стандарт шаардлагыг бүрэн хангасан нисэх буудалтай болно
2012.04.24

Ц.Дашдорж: Нисэхийн олон улсын стандарт шаардлагыг бүрэн хангасан нисэх буудалтай болно

Хөшигийн хөндийд баригдах шинэ нисэх буудлын талаар ЗТБХБ-ын сайд Ц.Дашдоржоос цөөн зүйл тодрууллаа.
-Хөшигийн хөндийд баригдах шинэ нисэх буудал ашиглалтад орсноор ямар давуу талтай вэ?

-Шинэ нисэх буудал баригдсанаар нисэх онгоцны үйлчилгээнд тулгарч байсан хүндрэлүүдийг арилгах, нислэгийн аюулгүй ажиллагааны хангалтыг дээшлүүлэх, агаарын тээвэрлэлтийг тогтворжуулах, агаарын тээврийн эдийн засгийн өсөлт, хөгжлийг дэмжих зэрэг өндөр ач холбогдолтой. Мөн агаарын хөлгийн нислэгийн хоёр талын буулт, хөөрөлт хийх боломжтой болж нисэх буудлын ашиглалтыг одоогийн байгаа 73 хувиас 98 хувьд хүргэх (олон улсын стандарт 95 хувь), цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс шалтгаалах нислэгийн саатлыг одоогийн байдлаар 2.3 хувь байгааг 0.5 хувь болгож бууруулах (1000 нислэгт таван саатал хүртэл) болно. Түүнчлэн бизнес эрхлэгчдийн сонирхлыг татах таатай орчин бүрдэж, тээвэрлэлт болон дамжин өнгөрөлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.

-Нийт хэдэн төгрөгийн санхүүжилтээр босох вэ. Хөрөнгө мөнгөний асуудал бүрэн шийдэгдсэн үү?

-Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас  (ЛСА) энэхүү төслийн техник,эдийн засгийн үндэслэлийг тодотгох, тус байгууллагаас олгогдох зээлийн үндэслэл, хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор урьдчилсан судалгаа (SAРRОF) хийж, судалгааны тайланг гаргасан. Энэхүү судалгааг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк хоорондын «Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл»-ийн барилгын ажлын нийт төсөвт өртөг 29,9 тэрбум япон иен үүнээс 25,5 тэрбумыг Зээлийн хөрөнгөөс 4,4 тэрбум иенийг Монголын тал хариуцан гаргахаар болсон.

-Улаанбаатар хотоос нэлээд зайтай юм. Дэд бүтцийн асуудлыг давхар шийдвэрлэх үү?

-Шинэ нисэх буудалд зорчигчдын үйлчилгээний болон техник технологийн барилга байгууламжууд баригдах бөгөөд эдгээрийн дулаан хангамжийн эх үүсвэр, бохир ус цэвэрлэх байгууламж, цэвэр усны хангалтыг бие даасан байдлаар шийдвэрлэж, байгаль орчинд эерэг нөлөө бүхий орчин үеийн өндөр технологийг сонгож хийхээр төлөвлөөд байна. Мэдээлэл холбооны өндөр хурдны шилэн кабелиар холбох, нийслэлтэй холбох хурдны авто замыг барьж байгуулах зэрэг ажлууд төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байна. Мөн Хөшигийн хөндий тийш 110 кВт-ын цахилгаан дамжуулах хоёр эх үүсвэр бүхий шугамыг татах 9,8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил хийгдэж эхэлсэн. Дээрх ажлуудыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ.

-Шинэ нисэх буудлын талаар салбарын сайдын хувьд ямар төсөөлөл байна?

-Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг цаашид өргөтгөх, параллель зурвастай болгох, ложистик төв болгох зориулалтаар том карго терминалийг шинээр байгуулах, перроныг өргөтгөх, зорчигч үйлчилгээний барилгыг өргөтгөх боломжуудыг зураг төслийг боловсруулахдаа тооцож үзсэн. Шинэ  нисэх буудал нь нислэгийн хөдөлгөөний удирдлага, зорчигчдын үйлчилгээнд зориулагдсан орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдож найдвартай ажиллагаа, үйлчилгээний чанарт тодорхой ахиц бий болж иргэний нисэхийн олон улсын стандарт, шаардлагуудыг бүрэн хангасан том бүтээн байгуулалт болно.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.