АН-ын бүлэг төсвийн тодотголд дүгнэлт хийх ажлын хэсэг байгуулжээ
2017.04.04

АН-ын бүлэг төсвийн тодотголд дүгнэлт хийх ажлын хэсэг байгуулжээ

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсонтой холбогдуулан энэ сарын 15-ны дотор багтааж, төсвийн тодотголыг батална.

Тэгвэл АН-ын бүлэг ОУВС-гийн нөхцөлүүдийг төсөвт тусгасан байдалд дүгнэлт хийх ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ахалж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа, Я.Санжмятав, Б.Пүрэвдорж багтаж байгаа аж.

АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа төсвийн тодотголыг онцгойлон авч хэлэлцжээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Төсвийн тодотголд зардал ерөөсөө танагдаагүй. Харин иргэдээс авах татварын хэмжээ нэмэгдсэн. Энэ бол бидний байр суурьтай нийцэхгүй. Олонхоороо хүч түрэн ОУВС-гийн хөтөлбөрт нэгдэж, 440 сая ам.долларын халхавчин доор 5.5 тэрбум ам.долларын өрийг шинээр нэмж тавих асуудлыг АН зөвшөөрөхгүй” гэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан эрх баригчид төсвийн тодотгол хийхдээ зардлын хэмжээг нэмэхгүй гэж амласан ч эсрэгээрээ байна гэв. Тодруулбал төсвийн тодотголын төслийг харвал Ерөнхий сайд 2.2 тэрбум төгрөгөөр, Засгийн газрын хэрэг эрхлэх газар 1.2 тэрбум төгрөгөөр, Зам тээвэр хөгжлийн сайд 160 тэрбум төгрөгөөр, БОАЖЯ нэг тэрбум төгрөгөөр төсвөө нэмэгдүүлсэн байна.

ОУВС зардлаа буулгаж, хэмнэлт хий гэсэн шаардлага тавьж байна. Засгийн газарт хэмнэлт хийх хангалттай боломж бий. Гэсэн хэдий ч үүний эсрэг хийж байна хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэллээ.

Түүнчлэн "АН эрх барьж байгаа үед эдийн засгийн нөхцөл ямар байсан гэдгийг Монголын ард түмэн мэднэ. Тухайн үед 1 тонн нүүрсний үнэ 30 ам.доллар, 1 тонн зэсийн үнэ 3000 ам.доллар хүрч байв. Харин өнөөдөр дэлхийн зах зээл дээр түүний эдийн үнэ өсөж байна. Монголд мөнгө орж ирж байна. Төсөвт орж ирсэн мөнгийг бид өөрсдийн сахилга батаар зарцуулахаас биш гадаадын ямар нэгэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэггүй. Тийм учраас ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь зөв үү буруу юу гэдгийг бид хэлэлцэх ёстой" хэмээн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэв.