2017.04.03

Цахилгаан хэрэгсэлтэй эсэх нь маш бага жин дарна

3 дугаар сарын 31-нээс эхэлсэн эхэлсэн Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа энэ сарын 10-нд дуусна. Улсын хэмжээнд 600 мянган айл өрхөөр орж, мэдээллийн санг шинэчлэхээр 7900 орчим ажилтан, албан хаагч ажиллаж байна.

Уг судалгааг Азийн хөгжлийн банкны 4,5 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хийж байгаа юм. Айл өрхийн аж байдал, амьжиргаа 3 жилийн дотор тодорхой хэмжээнд өөрчлөгдсөн байдаг учраас ийнхүү 3 жил тутамд нэг удаа уг судалгааг авч байхаар Засгийн газрын тогтоол гарчээ.

Гурван жилийн өмнө оюутан байсан бол сургуулиа төгсөж, ажилтай болно, эмэгтэйчүүд ажил эрхэлж байсан бол хүүхэд төрүүлж болно, шинээр гэр бүлээ бүртгүүлж байсан бол өрх толгойлсон эцэг, эх болсныг үгүйсгэхгүй. Энэ мэтээр гэр бүлийн гишүүд, тэдний аж амьдралд ямар өөрчлөлт гарсан болохыг судалгааны үндсэн дээр мэдэх боломжтой.

Өмнөх судалгаанд хөргөгч, зурагт, угаалгын машин зэрэг өдөр тутмын ахуйн хэрэгсэлтэй эсэхээс хамаарч тодорхой бүлэгт хамруулж, халамжийн бодлогоо чиглүүлж байсныг олон нийт шүүмжилж байсан.

2017 оны судалгаанд цахилгаан хэрэгсэлтэй эсэх нь өрхийн амьжиргааны түвшинг тогтооход маш бага жин дарах бөгөөд үр дүн нь Хүүхдийн мөнгө олгох, олгохгүйд нөлөөлөхгүй, гол нь нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт тэгш, хүртээмжтэй олгох зорилготой гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Иргэн та судалгааны ажилтанд бүх асуумжийн дагуу үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Харин судалгаанд хамрагдах хүсэлтэй ч өдөртөө гэр нь эзгүй байдаг бол баг, хороондоо мэдэгдэж, орой цаг тохирч болох юм. Судалгааг албан ёсоор эхлэхээс өмнө туршилтын журмаар 14 мянган айл өрхөөс судалгаа авахад тэдний 44 хувь хуурамч мэдээлэл өгчээ.

Таны өгсөн мэдээллийг өрхийн нэгдсэн санд шивж оруулахдаа өмч хөрөнгө, иргэний бүртгэл, газар өмчлөл, тээврийн хэрэгсэл, банк санхүү гээд олон төрлийн бүртгэлтэй тулгаж байгаа учраас үнэн, худал мэдээлсэн эсэх нь тэр дороо мэдэгдэх юм.

Тиймээс амьдралын боломжтой атлаа худал мэдээлэл өгч халамжийн бодлогыг урвуулан ашиглахыг байхыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас иргэд, олон нийтэд уриалж байна.