Улсын Их Хурлын дарга М.Энхболд Олон улсын парламентын холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа
ОУПХ-ны 136 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд ОУПХ-ны ерөнхийлөгч Сабер Хоссейн Чаудритай уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд ОУПХ-ны чуулганыг эх орондоо амжилттай зохион байгуулж байгаад нь баяр хүргээд, “Монгол Улс ОУПХ-ны үйл ажиллагаанд элссэн цагаасаа хойш идэвхтэй оролцож ирлээ. Манай улс 1962 онд ОУПХ-нд элссэн. 1992 онд байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан үеэс харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан” гэв.
Дэлхий даяар тэгш бус байдлыг арилгах, улс орнуудын тогтвортой хөгжлийг хангах, хүн амын сайн сайхан амьдралын нөхцөл бололцоог бүрдүүлэх сэдвээр энэ удаагийн Чуулган болж буйд сэтгэл хангалуун байна. Монгол Улс “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийг парламентаараа баталсан. Дэлхийн улс гүрнүүдийн удирдагчид 2015 онд дэлхий нийтийн хүсэл зоригийн илэрхийлэл болсон “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг баталсан билээ. Монгол Улс эдгээр зорилтыг биелүүлэхийн төлөө урьдын адил чармайж ажиллана гэж УИХ-ын дарга М.Энхболд онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр “Ази, Номхон далайн бүлгийг тэргүүлж байгаагийн хувьд тус байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар эрхлэн гүйцэтгэнэ. Тиймээс манай Тамгын газрын ажилтнуудыг ОУПХ-ны шугамаар зохион байгуулагдаж буй сургалт, бусад арга хэмжээнд оролцуулах талаар анхаарч өгнө үү” гэсэн хүсэлт тавилаа.
Ноён Сабер Хосейн Чаудри ОУПХ-ны үйл ажиллагаанд Монгол Улс байнга идэвхтэй оролцсоор ирснийг үгийнхээ эхэнд тэмдэглэв.
Тэрбээр улс орнуудын үндэсний парламент улам илүү нэгдэж ажиллах шаардлагатай байгаа нь дэлхий нийтэд өрнөж буй сүүлийн үеийн асуудлуудаас тодорхой байна. Биднээс тухайн улс орны ард иргэд, дэлхий нийт илүү ихийг хүсэн хүлээж байгааг бид ойлгох ёстой. Тиймээс парламентууд үйл ажиллагаагаа уялдуулах шаардлага урьд урьдынхаас илүү чухал болж байна гэж онцлов.
Ноён Сабер Хосейн Чаудри ОУПХ-ны шугамаар үндэсний парламентын ажилтнуудыг сургалтад хамруулах, дадлага хийх боломжоор хангадаг. Энэ арга хэмжээнд Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудыг хамруулах боломжтой гэж бодож байна гээд хүний эрхийг хамгаалах, түүний дотор хүний эрхийг хамгаалах үүрэгтэй парламентчдын өөрсдийн эрхийг хамгаалах асуудал чухал байна. Тиймээс энэ удаагийн чуулганы үеэр Та өөрийн төлөөлөгчдийн дотроос ОУПХ-ны бүтцийн нэгж болох Парламентчдын хүний эрхийн хорооны хуралдаанд нэг хүнийг томилж оролцуулна уу гэсэн хүсэлт тавилаа. Түүнчлэн парламентыг чадавхижуулах нь чухал тул чадамжаа өөрсдөө үнэлэх ажлыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран танай парламент хэрэгжүүлбэл бид баяртай байх болно гэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд Парламентчдын хүний эрхийн хорооны хуралдаанд туршлагатай парламентч Д.Лүндээжанцанг томилон оролцуулъя, чадамжаа үнэлэх ажилд оролцоход татгалзах зүйлгүй гэж хэллээ.
Уулзалтын төгсгөлд Монголын болон Бангладешийн парламентад хоёр орны парламентын бүлгийг байгуулж харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байгаагаа хоёр тал илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.