Эх дэлхийн цагт нэгдэцгээе
2017.03.24

Эх дэлхийн цагт нэгдэцгээе

“Эх дэлхийн цаг” маргааш тохионо.2007 онд Австралийн Сидней хотын 2.2 сая айл өрх, албан байгууллагаас эхэлсэн энэхүү хөдөлгөөн өдгөө дэлхийн 7000 хотыг хамарсан эх дэлхийн өдөр болтлоо өргөжиж чаджээ.

Дэлхийн бүх хүмүүсийг нэг цагийн турш гэрэл болон цахилгаан хэрэгслээ унтраахыг уриалан үүгээрээ эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүрийн оролцоо чухал гэх утга санааг илэрхийлсэн хөтөлбөрийг Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-аас санаачлан хэрэгжүүлж олон нийтийг нэгдэхийг уриалсаар ирсэн.

Энэ жилийн "Эх дэлхийн цаг"-ийн кампанит ажлыг БОАЖЯ-наас санаачлан маргааш буюу 25-нд 20.30 цагаас 21.30 цагийн хооронд Сүхбаатарын талбай дээр "Лаатай үдэш"-ыг зохион байгуулах юм.

"Эх дэлхийн цаг"-ийн гол зорилго нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эх дэлхийгээ авран хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршино.

2010 онд Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дах хөтөлбөрийн газрын санаачлагаар энэ хөдөлгөөнд нэгдэн орж Улаанбаатар хот, Ховд, Говь-Алтай, Увс, Хэнтий аймгуудад зохион байгуулсан бөгөөд дэмжигчдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна.

БОАЖЯ-аас зохион байгуулж байгаа кампанит ажилд Та бүхнийг идэвхитэй оролцон 2017 оны 3 дугаар сарын 25-ний 20:30-21:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо нэгдэн Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа зогсохыг уриалж байна.

Арга хэмжээний талаарх мэдээллийг EARTH HOUR MONGOLIA фэйсбүүк хуудсанд нэгдэн авна уу.

https://www.facebook.com/Earth-Hour-Mongolia-695466960633634/?notif_t=page_admin&notif_id=1490078116633638