“Монгол хүн” аяныг эхлүүллээ
“Монгол хүн” хүмүүжлийн аяны анхдугаар зөвлөгөөн өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Уг зөвлөгөөнөөр “Монгол хүүхэд”, “Монгол хүн”-ийг бий болгох, хүмүүжлийн асуудлыг түлхүү хөндөн ярилцсан юм. Тус аянд төрийн болон хувийн өмчийн 623 цэцэрлэг, ерөнхий боловсролын 225 сургууль, 8 боловсролын төв хамрагдах бөгөөд 2020 он хүртэл 4 жилийн хугацаанд үргэлжлэх аж.
Зөвлөгөөний нээлтийн үеэр тус аяныг санаачлагч НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга Д.Мөнхжаргал хэлэхдээ “Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн болох багаасаа” гэсэн цогц хөтөлбөрийг тусгасан. Энэ ажлын эхлэл нь энэхүү аян юм. Монгол хүнээ бэлтгэх аяныг маань болон боловсролын салбарынхны ажлыг дэмжиж, бодлогын түвшинд асуудлыг шийдвэрлэхээр өнөөдөр хүрэлцэн ирсэн хүмүүстээ баярлалаа.” гэв.
Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд эрдэм мэдлэг олж авахын зэрэгцээ зөв хүн, Монгол хүн болон төлөвших нь хамгийн чухалгэдгийг салбарын сайд онцлон хэллээ. Тиймээс НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооноос санаачилсан уг аян чухал ач холбогдолтой гэдгийг Ж.Батсуурь сайд хэлж байсан юм.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Боловсролын зорилго бол бичиг үсэг суралцаж, шинжлэх ухааны мэдлэг олгоод зогсохгүй, ирээдүй хойч үеээ хариуцлагатай амьдрах арга ухаанд сургаж, ёс суртахууны эрхэм чанаруудыг эзэмшсэн хүн болгон төлөшүүлэхэд чиглэгдэх ёстой. Тиймээс боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах, хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн асуудлыг боловсролын байгууллага бүрийн эн тэргүүний зорилт болгон анхааралдаа авах шаардлагатай. Тиймээс бид хүүхэд багачуудад түүх, хэл соёл, өв уламжлал, зан заншил, үндэсний ухамсар, эх оронч сэтгэлгээг суулгах, бүтээлч хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэхэд чиглэсэн “Монгол хүн” аяныг хэрэгжүүлж байна” хэмээлээ.
Аяны үр дүнг 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдөр дүгнэх юм байна.