О.Баасанхүү: АН-ын хэрүүл ил байдаг бол МАН-ынх далд, илүү хорон байх юм
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.02.22

О.Баасанхүү: АН-ын хэрүүл ил байдаг бол МАН-ынх далд, илүү хорон байх юм

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-УИХ намрын чуулганы төгсгөлд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргалаа. Та Орхон аймгаас сонгогдсон гишүүний хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байв?

-Энэ асуудал 2013 оноос хойш яригдсан. Тэр үед “Эрдэнэт”-ийн 49 хувь зарагдах гэж байна гэж хэлснээсээ болж тухайн үед бүлгийн дарга, сайд болж чадаагүй. Байнгын хорооны дарга байхдаа хугацаанаасаа өмнө ажлаа өгч байлаа. Ер нь бол дарамт шахалт байсан гэсэн үг. Би тухайн үед одоогийнхоосоо илүү ганцаардаж байсан. Аргаа барахдаа би “Намын дарга, АН хоёр ажил хийлгэсэнгүй” гэж хэлж байлаа шүү дээ.

Гэхдээ би Эрдэнэтчүүддээ амлалт өгсөн. Энэ нь Эрдэнэтийн хаалт хөгжлийн сангийн тухай хууль санаачлах тухай юм. Эрдэнэтчүүд үйлдвэр хэзээ хаагдах юм бол, хаагдасны дараа юу болох вэ гэдгийг асууж тодруулж байна. АНУ-аар жишээ авахад үйлдвэр түшиглэсэн хотууд үйлдвэр нь дампуурахад дагаад дампуурч байна. Үүн шиг “Эрдэнэт” хотыг балгас болгож болохгүй учраас хуулийн төслөө 2016 оны арванхоёрдугаар сарын 20-доор өргөн мэдүүлсэн.

Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан үйл явц нь томоохон хуйвалдаан байсан нь үнэн. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын талд 49 хувиа зарах нь тодорхой байсан. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг “Ростех” компани банкиндаа өртэй байсан юм билээ. “Ростех” компани ганц “Эрдэнэт”-ийг өмчилдөггүй. Үүнийг нь олон улсын банкны хуралд явж байгаад Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ сонсч ирээд банкныхандаа танилцуулаад худалдаж авах үйл явц эхэлсэн юм билээ.  

65-ын бүлэг “Эрдэнэт”-ийн асуудлыг яаж шийдэх нь өөрсдийнх нь асуудал. Гагцхүү хуульд нийцүүлсэн шийдвэр гаргаарай гэж би хэлсэн. Би хуульч хүн.  Зарим хүн намайг 49 хувийг хувьд авсан процессыг өмөөрч байна гэдэг. Надад бол аль аль талд нь ямар нэг ашиг сонирхол байхгүй. Одоо гараад байгаа тогтоол, нөхцөл байдлыг харахаад төрийн 51 хувь 66 болж, үлдсэнийг нь хувийн хэвшилд үлдээх нь гэж би харж байна. 

“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид авах тогтоолд “...Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээ зохион байгуул” гэж заасан.

-“Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авах шийдвэр гарчихаад байхад 66:34 болно гэхээр яана гэсэн үг вэ?

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн өмчид авах тогтоолд “...Хөгжлийн банк болон Монголбанкнаас Худалдаа хөгжлийн банкинд байршуулсан мөнгөн хөрөнгө, ногдол ашиг, вексель зэрэг эх үүсвэрээс суутган тооцох хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээ зохион байгуул” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, 49 хувийн энгийн хувьцааг гэж байгаа нь бүгдийг нь төр мэдэлдээ авна гэсэн үг биш. 

Монголын төрөөс авсан мөнгөндөө суутгаад үлдэх хувийг нь тодорхойлох нь. Өөр гарц үлдсэнгүй. Өгсөн мөнгөндөө тааруулж хувиа авч байгаа юм гэвэл олон улсын шүүхэд маргаан үүсэх нь бага. 200 сая ам.долларыг өөрсдөө гаргачихсан байгаа шүү дээ. Энд бас нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. 51:49 хувийн хувьцаа эзэмшигчид хоорондоо хуралдаж чадахгүй, шахаагаа хийж чадахгүй байгаа хүмүүст 49 хувийн хувьцаа эзэмшигчид байхгүйгээр хурал хийх нь дээр байгаад байна шүү дээ.

Тэгэхгүй бол МАН дампуурчих гээд байна. “Эрдэнэт”-ийг саалийн үнээ гээд гоё нэрээр нэрлэчихсэн хэр нь байнга шахаа явсан. Үүнийг Эрдэнэтчүүд мэднэ. Ийм ноцтой байгаа үед МАН үнэхээр ард түмнээ бодох гээд байна уу эсвэл төрийн хэмжээг томруулах гээд байна уу. Би бол 51:49-ийг төрдөө аваад Эрдэнэтийн иргэдэд сан байгуулаад ашиг болон татвараас хуримтлал бүрдүүлээд “Эрдэнэт” үйлдвэр хаагдлаа гэхэд дахин үйлдвэр байгуулах санхүүжилтийг Эрдэнэтийн төлөө хадгалах ёстой. 

-Нэгэнт төр 100 хувь мэдэлдээ авах шийдвэр гаргачихсан байхад маргааныг хэн шийдэх юм. 49 хувийг авсан тал олон улсын шүүхэд хандан гэж та үзээд байна уу?

-Олон улсын хууль тогтоомжийн дагуу гээд Арбитрын шүүхэд хандаж таарна. Хэн ч 400 сая ам.доллар хулгайлчихсан миний буруу гэхгүй. Эцэс төгсгөлгүй шүүх, хэрүүл болно. Энэ хэрүүл удаан явснаас болж Эрдэнэтийн иргэд бүү хохироосой. Би парламентад хоёр дахь удаагаа сонгогдож ажиллаж байна. Тиймээс аливаа асуудалд хий хоосон цэцэрхэх биш ул суурьтай, нотлох баримттай яримаар байна.

Зарим гишүүн надад “Та Эрдэнэтийн асуудалд байр сууриа илэрхийлж, хэвлэлийн хурал зарлаач, тэгэхгүй бол тойргийнхон чинь таныг хаяна шүү” гэж хэлсэн. УИХ-д ганцаараа байгаа гишүүн тодорхой саналаа ярьсан нь зөв байдаг.Түүнээс би ганцаараа учраас шийдвэрийг нь зогсоох, шийдвэр гаргадаг шууд эрх мэдэлтэй хүн биш. Тиймээс би саналаа өгч байгаа юм. Миний саналыг Эрдэнэтчүүд 100 хувь дэмжинэ гэдэгт би эргэлзэхгүй байдаг. 

-Намрын чуулганы завсарлагааны өдрүүдэд та ямар ажил хийхээр төлөвлөв. Тойрогтоо ажиллахад “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар сонгогчид тань мэдээж асуух байх?

-Тойрогтоо ажиллана. Гэхдээ жил ажилласныхаа дараа хийсэн зүйлтэй очиж,сонгогчиддоо өөрийгөө таниулах ёстой гэж би боддог. Тойрог дээр нэг ширхэг ч хадаас хадаагүй хүн тойргоос дэвших хэцүү. Тэр утгаараа би өнөөдөр иргэдийнхээ өргөдөл гомдол, яагаад заримыг нь шийдэж чадаагүй юм гэдгийг тайлагнах ёстой. Хамгийн багаар бодоход тойрогтоо жилд дөрвөн удаа ажиллах хэрэгтэй. 

-Шинэ парламент бүрэлдээд анхны намрын ээлжит чуулган завсарлалаа. Энэ удаагийн чуулганыг та дүгнэвэл?

-Намрын чуулганаас эв нэгдэл, шийдвэр гацахгүй, эдийн засгийг сэргээж болох хууль тогтоомжууд гарах нь гэсэн хүлээлт ард түмэнд байсан. Намрын чуулганыг харахад нэг талаас маш их популист хуулиуд гарлаа.Амьжиргааг тэгж ч дээшлүүлнэ, насны хишиг өгье гэх мэтийн хууль баталлаа.

Ард түмнээ доромжилж байгаа аятай 75-аас дээш насны хүнд 50 мянган төгрөг өгье, ингэхдээ 10 гаруй бичиг баримт бүрдүүлж ир гэж байгаа. Олон хүүхэдтэй хүн хүүхдээ хараад гэртээ сууж байгаадаа гутарч 30-40 мянган төгрөг ав гэх агуулгатай. Хуулиудын санаа зөв ч чанар муу байна. Хоёрдугаарт, эдийн засгийн таван асуудал бий. Үүнийг тойроод 65-ын бүлэг “зодоон” хийлээ дээ.

Энэ нь Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банк, Төрийн банк юм. Үүний төлөө 65-ын бүлэг өөрөө өөрсдийгөө огцруулчих гээд зарим нэг нь эдийн засгийн зээл авах гэж байхад нь санаатайгаар зээлийг нь зогсоох ажил хийлээ. АН-ын хэрүүл ил байдаг бол МАН-ынх далд, илүү хорон байх юм. Улс төрийн бүлэглэл байдаг гэдгийг би өмнө нь ч, одоо ч мэдэж байна. 

-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай багтсан байсан. Өнгөрсөн парламентын үед ч энэ талаар ярьж байгаад өөрчлөлт оруулж амжаагүй. Та хуульч гишүүний хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудалд ямар байр суурьтай явдаг юм бэ? 

-Хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа ч энэ удаа боломжгүй. Үндсэн хуулийн талаар гурван санал үргэлж явдаг. Нэгдүгээрт, Үндсэн хуулийг өөрчлөх хэрэггүй. Яагаад гэвэл бид Үндсэн хуулиа мөлжиж дуусаагүй гэдэг. Хоёрт, Үндсэн хуулийн ядаж 25 хувийг нь өөрчилье, батлаад 25 жил болчихлоо гэх нэг хэсэг бий. Гуравт, Үндсэн хуулийг цоо шинээр хийе гэх нэг тал. Шинэ Үндсэн хуультай болъё гэхээр муу, сайн нь хамаагүй тойрч суугаад ярих бэлэн төсөл одоогоор байхгүй. 25 хувийг нь өөрчилье гэхээр юуг нь өөрчлөх тал дээр зарчмын хувьд санал нэгдээгүй. Ядаж хот гэдэг үгээ оруул л даа. Шүүмжилж бол бүгд чадаж байна. Огт өөрчлөх ёсгүй гэдэг дээр яриад ч хэрэггүй биз дээ.