Төмөр замын бодлогыг хэрэгжүүлэх шинэ компани байгууллаа
2012.04.02

Төмөр замын бодлогыг хэрэгжүүлэх шинэ компани байгууллаа

Засгийн газрын шийдвэрийн дагуу өнгөрсөн долоо хоногт "Үндэсний төмөр замын суурь бүтэц" компанийг байгуулахаар боллоо.

Төмөр замын суурь бүтцийг хариуцан гүйцэтгэх шинэ компани ийнхүү байгуулагдсан нь өнгөрсөн  долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэг байлаа. "Үндэсний төмөр замын суурь бүтэц" болон "Монголын төмөр зам" компаниудын төрийн мэдлийн хувьцааг 51 хувиас доошгүй байхаар зохицуулж, үлдсэн 49 хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалахаар болж байна. Ингэснээр төмөр замын дэд бүтцийг барьж,байгуулахад шаардлагатай хөрөнгө оруулалтыг татахаар боллоо. ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж энэ талаар хэвлэлд  өгсөн ярилцлагадаа "Зарим сонин хэвлэлд "Монголын төмөр зам" ХК-ийн эрхийг шинэ компанид шилжүүлчихлээ, булаагаад авчихлаа гэсэн ташаа мэдээллүүд гарсан байна. Суурь бүтэц эзэмших шинэ компани байгуулснаар "Монголын төмөр зам" ХК-ийн үйл ажиллагаа зогсчихож байгаа юм биш. Энэ хоёр компанийн нэг нь суурь бүтцийг эзэмшиж, нөгөө нь тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулна" хэмээн онцолжээ.

Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлагдсаны дараа шинэ төмөр замын суурь бүтцийг "Монголын төмөр зам" ХК эзэмшиж байсан. Тус компанийнхан хэд хэдэн чиглэлд шинэ төмөр зам барих ажлыг эхлүүлж, ТЭЗҮ-ийг ч хийлгээд байгаа билээ. Компанийн 49 хувийг  дотоодын хөрөнгийн бирж дээр арилжаалахаар болж шийдвэр гараад байсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн долоо хоногт байгуулагдан "Үндэсний төмөр замын суурь бүтэц" ХК-тай үйл ажиллагааны чиглэл, хийж хэрэгжүүлэх ажлын хувьд төдийлөн ялгаагүй харагдаж байгаа юм. Тийм ч учраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Засгийн газар "Монголын төмөр зам"ХК-ийн эрхийг хязгаарлаж, шинэ компани байгууллаа" гэх мэдээлэл гарсан. Харин энэ асуултад салбарын сайд Ц.Дашдорж "Одооноос эхлэн төмөр замын тээвэрлэлтийн төрийн өмч давамгайлсан үүрэг "Монголын төмөр зам" ХК-нд очиж байгаа" хэмээн хариулсан байна.

 Гэхдээ хоёр компани ямар ялгаатай юу гэдгээс илүүтэйгээр төмөр замын бодлогыг хэрхэн урагшлуулах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй гэж салбарын сайд мөн онцолжээ. Өөрөөр хэлбэл, шинэ төмөр замын бодлогыг төлөвлөсөн хугацаанд түргэн шуурхай гүйцэтгэхийн тулд "Үндэсний төмөр замын суурь бүтэц" компанийг байгуулсан гэх. Энэ хүрээнд шинэ төмөр замын төслийг санхүүжүүлэхэд Хөгжлийн банкнаас 399 тэрбум төгрөгийн бонд гаргахаар боллоо.

Өмнө нь "Монголын төмөр зам" ХК бүх ажлыг хэрэгжүүлэхэд 55 сая ам.доллар шаардлагатай гэж байсан ч хөрөнгө оруулалт шийдэгдээгүй.

Харин энэ удаад Засгийн газраас шинэ компани байгуулахын хамт хөрөнгө оруулалтын хүрээнд 399 тэрбум төгрөгийн санхүүжилтийг  шуудхан шийдчихлээ. "Мон-голын төмөр зам" ХК-ийн үед гуйгаад ч дийлдээгүй санхүүжилтийн асуудал ийм хурдан шийдэгдсэн болохоор тодорхой хэмжээнд хардлага бий болоод байна. Тухайлбал, Засгийн газар "Монголын төмөр зам" ХК-ийн эрхийг санаатайгаар хязгаарлаж, шинэ компани оруулж ирлээ, магадгүй шинэ компанийн ард талд хэн байна вэ гэх мэт. Бүр цаашилбал, УИХ-ын гишүүн Х.Баттулгын хийж буй үйлдэлтэй холбоотой байхыг ч үгүйсгэхгүй билээ. Юутай ч "Үндэсний төмөр замын суурь бүтэц" компани байгуулагдлаа. Удахгүй ажилдаа орох болов уу.

Шинэ компани чухам ямар бүтэцтэй байх, хэн гэдэг хүн яаж удирдах, хэн ажиллах гэх мэт мэдээлэл одоохондоо бүрхэг байна. Шинэ байгуулагдсан компанид хэн ажиллах вэ гэдэг боловсон хүчний асуудал илүү анхаарлын төвд байгаа юм. Нөгөөтэйгүүр шинээр байгуулагдсан компанийн техник, технологи нь хэр байх вэ, төмөр замын төслийг хэрэгжүүлсэн туршлага гэх мэт олон асуудал яригдах учиртай. "Монголын төмөр зам" ХК-ийн хувьд 2008 онд байгуулагдсан, өдгөө хөл дээрээ тогтчихсон компани. Шинэ төмөр замын төслийг хэрэгжүүлж, хэд хэдэн газарт хөрс хуулалтыг эхлүүлж, гэрээ хэлцэл байгуулаад байгаа. Өөрөөр хэлбэл, хавьгүй туршлагатай байгаа юм. Гэхдээ одооноос эхлэн иймэрхүү туршлагатай компани нь зөвхөн тээврийн асуудал хариуцахаар болсон. Шинэ байгуулагдсан компани төмөр замынхаа суурь бүтцийг хариуцан ажиллах учиртай. Нэг нь суурь бүтцээ, нөгөө нь тээврээ хариуцна. Энэ хоёр компани хамтран ажиллаж, уялдаа, холбоотой ажиллаж чадвал болохгүй, бүтэхгүй гэх зүйл ч харагдахгүй байна.