О.Баасанхүү Их хурлын гишүүдийг намдаа урив
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.02.14

О.Баасанхүү Их хурлын гишүүдийг намдаа урив

Хөгжлийн банкны хуулийг батлах эсэх дээр УИХ-ын гишүүд халуухан мэтгэлцэв. Нэг хэсэг нь “Стэнд бай” хөтөлбөрт орсны дараа уг хуулийг хэлэлцэж батлах нь зөв гэж үзсэн бол нөгөө хэсэг нь уг хуулийг яаралтай баталж, цаг алдалгүйгээр хөгжлийн төслүүдийн санхүүжилтийг босгох хэрэгтэйг сануулж байлаа.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва хуулийг батлах саналтай байсан бол Төсвийн байнгын хороон дарга Ч.Хүрэлбаатаруг хуулийг түр хугацаагаар хойшлуулах саналтай байсан юм. Хэлэлцүүлэг дэх асуулт хариулж дуусч, горимын санал хэлэх. үеэр О.Баасанхүү гишүүн эрх баригч МАН-ын бүлгийн гишүүд саналаа нэгдээгүй байгааг гайхаж байсан. Тэрбээр “...Хоёр байнгын хороон дарга нь өөр юм яриад байх юм. Бүлэг дээрээ саналаа нэгтгэж чаддаггүй бол Та бүхэн МАХН-д хүрээд ир...” гээд тус намыг үнэмлэхүй олонхи байхдаа хэзээ ч санал хуваагддаггүй байсныг эргэн сануулав. Эрх баригч нам МАХН нэртэй байх үедээ парламентад 72 суудалтай байсан бөгөөд тэр үед Н.Энхбаяр тус намд “хаан” байсан юм.