С.Чинзориг: Үндсэн цалин, нэмэгдэл гэж байхад цолны цалин гэдгийг хасч болохгүй юу?
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг цагдаагийн албан хаагчдын цалин хөлстэй холбоотой асуудлыг хөндсөн юм.
С.Чинзориг: Цолны цалин гэсэн сонин нэр томьёо оруулжээ
Хуулийн төслийн 87,8 дахь хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, цолны цалин, доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ гэж заасан байна. Эндээс харахад, “цолны цалин” гэсэн шинэ ойлголт оруулж ирсэн байх юм.
Хөдөлмөрийн тухай хуульд, цалин хөлс гэж үндсэн цалин, нэмэгдэл хөлс, урамшууллаас тогтоно гэж заасан байдаг. Намрын ээлжит бус чуулганаар Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдэл, нэмэгдэл хөлс нь үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй гэж заасан шүү дээ.
Гэтэл энэ заалтаас бултахын тулд шинээр цолны цалин гэсэн ойлголт оруулж ирж байх шиг. Доор дурдсан нэмэгдэл гэдгийг харахаар 87,10 дахь хэсэгт Төрийн албаны тухай хуульд заасан зохицуулалт уг хуульд хамаарахгүй гэж оруулж өгсөн байна. Тэгсэн атлаа цолны цалин гэсэн сонин нэр томьёо оруулжээ.
Хуулийн төслийн 87,3,4 дахь хэсэгт эрдмийн зэрэг, цолны... гэдэг үг байна. Эндээс харахаар цолны нэмэгдэл гэж байх шиг байгаа юм. Нэмэгдэл нь үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна гэдэг нь цагдаагийн албан хаагчид хамаарахгүй гэж байдаг. Нэмэгдэл дотор цолны нэмэгдэл гэж байна. Гэтэл дахиад цолны цалин гэж оруулж ирсэн байдаг. Цолны цалин гэдгийг найруулгын засвар гэж үзээд хасчихаж болохгүй юу?
Ц.Нямдорж: Би ч гэсэн энэ ойлголтыг хасах санал гаргасан
Батлан хамгаалахтай холбоотой хуулийн төслүүд өмнөх парламентаар хэлэлцэж эхлээд энэ парламентын үед батлагдсан. Үүн дотор үндсэн цалин, цолны цалин гэсэн хоёр ойлголтыг хоёуланг нь тусгасан байдаг.
Миний бие байнгын хороонд санал оруулахдаа УИХ-ын гишүүн С.Чинзоригийн хэлсэнчлэн цолны цалин гэдгийг хасах санал оруулсан. Гэтэл өмнө нь батлагдсан хуулиудад цолны цалин гэж байгаа учраас уг хуулийн төсөлд мөн адил тусах ёстой гэж байнгын хорооны гишүүд үзсэн.
Угтаа бол С.Чинзоригийн ярьж байгаа зөв. Цолны цалин гэж угаасаа байхгүй. Хуулийн хэрэгжилтийн явцад хуулийг эргэн харж, засах шаардлагатай гэж үзэж байна. Харин хуулийн төслийн 87,3,4 дахь хэсэгт заасан нэмэгдэл гэдэг бол эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл юм шүү. Цэргийн цол биш. Зэрэг дэв юм.
Ер нь цагдаагийн албыг бусад албатай харьцуулахын аргагүй хүнд л дээ. Тийм болохоор үндсэн цалин дээр нэмэгдэл нь ахиухан байх нь зохистой гэж үзэн 40 хувийн хязгаарлалтад цагдаагийн албан хаагчдыг хамааруулахгүй байх нь зүйтэй.
Муу юм болгонд цагдаа нар өдөр, шөнөгүй явж байгаа шүү дээ. Эрүүгийн нөхцөл байдал маш хүнд байгаа энэ үед нийгмийн амгалан тайван байдлыг сахин хамгаалах үүрэгтэй цагдаагийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах нь зөв. Тиймээс Төрийн албаны тухай хуульд заасан нэмэгдлийн хязгаарлалт байж болохгүй юм. Энэ саналыг гишүүд дэмжих байх.
Цагдаагийн албан хаагчийн үндсэн цалинг шүүх, прокурорынхонтой харьцуулах аргагүй. Шүүгч нарын цалинг 3 сая ба түүнээс дээш хэмжээгээр тогтоож өгсөн. Прокурорууд тэднээс дутахааргүй. Харин цагдаагийн албан хаагчийн үндсэн цалин бол 1 сая төгрөг дотор л эргэлдэж байгаа.
Хамгийн хүнд үүрэг гүйцэтгэдэг ахлагч нар нийт цагдаагийн албан хаагчдын 70 орчим хувийг эзэлдэг. Тэдний цалин 600-700 мянган төгрөг байдаг. Орон нутагт нэг хэсгийн төлөөлөгч, нэг цагдаа байдаг. Өдөр, шөнөгүй ажилладаг. Эхнэр нь ажил хийх бололцоо байдаггүй. Дээр нь стресс, шахалт дарамт нэмэгдэнэ. Цагдаагийн ажил шиг хүнд ажил ховор доо.