Ж.Эрдэнэбат: Монгол бол өнөөдөр л эдийн засгийн хямралтай болохоос ирээдүй нь өөдрөг орон
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт нар
2017.01.18

Ж.Эрдэнэбат: Монгол бол өнөөдөр л эдийн засгийн хямралтай болохоос ирээдүй нь өөдрөг орон

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт болон “Поларис ассет корпораци” /Polaris Asset Corporation/, “Женерал Электрик” /General Electric/, “Ж.П. Морган” /J.P. Morgan/ компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. 

Хатагтай Женифер Зимдал Галт,  Элчин сайдын хувьд 2017 оны анхны уулзалтаа Монгол Улсын Ерөнхий сайдтай хийж байгаадаа баяртай буйгаа хэлээд эдийн засгийн хүндрэлтэй өнөөгийн орчинд Монгол Улсын Засгийн газарт бүх талаар туслахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр Монгол Улсын засгийн газар болон ОУВС-гийн хооронд хийгдэж буй яриа хэлэлцээрт амжилт хүсч, АНУ-ын мянганы сорилын корпорацын хоёр дахь компакт төслийг Монгол Улсад амжилттай хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахаа мэдэгдлээ.

“Женерал Электрик” компанийн хувьд “Ж.П. Морган” компанийн санхүүжилттэйгээр Монгол Улсын “Эрдэнэс Монгол” компанитай хамтран түүхий нүүрснээс шингэн түлш болон дайвар бүтээгдэхүүн гаргаж авах төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Уг төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээг болон бие даасан байдлыг хангах, Улаанбаатарын утааг бууруулахад бодитой дэмжлэг болох, шатахууны импортын хараат байдлыг тодорхой хэмжээнд халах, ингэснээр долларын гадагшлах урсгалыг хумих, төслийг хэрэгжүүлж дуусахад үйлдвэр Монголдоо үлдэх зэргээр улсын эдийн засагт болон иргэдийн амьдралд олон эерэг ач холбогдолтойг төслийн багийнхан онцлов.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төслийг хэрэгжүүлэгч тал нь санхүүжүүлэгчээ олоод хамт явж байгаа ийм төслийг дэмжинэ гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн  хамгийн гол нь хугацаа алдахгүйгээр ажлаа эхлэх, хийх хэрэгтэй, хийнэ гэж хэлээд алга болдог, сунжирдаг төсөл олон бий, тэдний нэг болж болохгүйг анхаарууллаа. Ерөнхий сайд  Ж.Эрдэнэбат цааш нь “Монгол бол  өнөөдөр л  эдийн засгийн хүндрэлтэй байгаа болохоос ирээдүй нь өөдрөг, эдийн засаг нь маш өндөр хэмжээнд хүрч өсөх нь тодорхой орон. Тийм учраас та бүхэн зах зээл, төслийн гол түүхий эд, манай улсын ирээдүйг бодсон ч, оновчтой, эрсдэлгүй төсөл хэрэгжүүлэх гэж байгаа гэдэгтээ итгэлтэй байж болно” гэлээ