Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2017.01.10

Мянганы сорилтын корпорацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ дахь Монгол-Америкийн парламентын бүлгийн дэд дарга Л.Оюун-Эрдэнэ нар өнөөдөр /2017.01.10/ АНУ-ын Засгийн газрын гадаад тусламжийн агентлаг Мянганы сорилтын корпораци (MCК)-ийн Сонгон шалгаруулалт хариуцсан захирал Кристофер Мэлони тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Кристофер Мэлони цаг гарган хүлээн авч уулзаж байгаад нь УИХ-ын гишүүдэд талархал илэрхийлээд МСК-ийн Удирдах зөвлөл Монгол Улсыг МСК-ийн хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор дахин шалгаруулсан. Энэ хүрээнд Монгол Улсад ажиллаж, Засгийн газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, цаашдын хийх ажил, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тэр дундаа Монгол Улсын Засгийн газрын авлигатай тэмцэх арга хэмжээ, хүчин чармайлтын талаар мэдээлэл авах, санал солилцохоор ирснээ уламжлав.

Мянганы сорилтын корпорацийн удирдах зөвлөл жил бүрийн арваннэгдүгээр сард хуралдаж, 20 гаруй шалгуур үзүүлэлтээр санхүүжилт өгөх улс орныг шалгаруулдаг бөгөөд ингэхдээ тухайн улс шалгуур үзүүлэлтийн 50 хувийг хангаж байгаа эсэх, ардчиллын үнэт зүйлийг хадгалж, хамгаалж байгаа эсэх, авлигатай хэрхэн тэмцэж байгаа зэргийг нь харгалздаг. Монгол Улс хэдийгээр хоёр дахь компакт гэрээ байгуулах орноор шалгарсан ч сүүлийн хэдэн жилд авлигатай тэмцэх ажилд төдийлөн ахиц харагдахгүй байна. Иймд ирэх жилүүдэд тодорхой ажлууд хийх талаар холбогдох байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн талаараа ноён Кристофер Мэлони танилцуулаад Улсын Их Хурал дахь авлигын эсрэг Монголын парламентын бүлэг /МОНПАК/-ийн талаар мэдээлэл авах сонирхолтой байгаагаа хэлэв.

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Монгол улс хоёр дахь удаагаа сонгогдсонд баяртай байгаагаа илэрхийлээд “УИХ дахь авлигын эсрэг бүлэг нь авлигатай тэмцэх чиглэлээр хууль тогтоомж боловсруулж батлуулах, мэдээ мэдээллийг хуваалцах, ил тод байдлыг хангах, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах, сургалт явуулах зорилготой байгуулагдсан. Mанай улсын парламентын түүхэнд авлигын эсрэг парламентын бүлэг гурав дахь удаагаа байгуулагдаж байна. Оны өмнөхөн Улсын Их Хурлаас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан. Өнгөрсөн жилүүдэд авлигатай тэмцэх хууль, эрх зүйн шинэчлэлийг хийж, авлигатай тэмцэх, албан тушаалтнуудын хөрөнгө орлогын бүртгэлийн хяналтын бүтцийг сайжруулж, мэдээллийн сангаа бүрдүүлж чадсан. Мөн Авлигатай тэмцэх газрыг чадавхжуулах, боловсон хүчнийг бэлтгэх, авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн хяналтыг сайжруулах чиглэлд түлхүү анхаарч ажилласан. Үр дүн ч гарсан” гэв.

Мянганы сорилтын корпорацитай хоёр дахь компакт гэрээг байгуулах манай Үндэсний ажлын алба 2015 оны 5 дугаар сард байгуулагдсан. Уг корпорацийн үндсэн зорилго нь ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг хангахад чиглэсэн төсөл хөтөлбөрийг боловсруулах юм. Монголын эдийн засгийн өсөлтийг хангаж, ядуурлыг бууруулахад ямар чиглэлд хөрөнгө оруулалт хэрэгтэй талаар хийсэн  судалгаагаар макро эдийн засгийн тогтворгүй орчин, микро эдийн засгийн үйл ажиллагаа явуулах таагүй орчин, Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдэлтэй эрүүл мэндийн асуудал ирээдүйд томоохон хэмжээний эдийн засгийн өртөг, зардлыг бий болгож байгаа дүн гарсан байна.

Иймд тус корпорацийн удирдлагууд хоёр дахь компакт гэрээний үйл ажиллагааг Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэснийг төлөөлөгчид уулзалтын үеэр хөндөж байсан юм.

Уулзалтад Мянганы сорилтын корпорацийн Европ, Ази, Номхон далай болон Латин Америкийг хариуцсан захирал Жонатан Брукс, АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Жон МакДаниэл, Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх Ж.Баярмаа болон албаны бусад хүмүүс байлцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.