2017.01.13

О.Баасанхүү: Барын амнаас гараад арслангийн аманд” гэгч болох вий

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.11.12/ нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Согтууруулах ундаа хэтрүүлсэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүү хууль санаачлагчаас хэд хэдэн асуулт асуусан юм. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Эрүүлжүүлэх” гэдгийг “эрүүл чийрэг болгох” гэж сольмоор байгаа юм. Учир нь хуучин эрүүлжүүлэх байр бол миний ойлгож байгаагаар хүнийг нүцгэлээд, адел нөмрүүлээд орхидог. Энэ байрнаас нилээд чийрэгжиж гардаг тийм л газар байсан. Энэ нөхцлийг сайжруулах үүднээс эмнэлэг рүү эрүүлжүүлэхийг шилжүүлсэн байдаг.

Байнгын архи уудаг 140-150 хүн байдаг. Тэднийг яах вэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд аа! Энэ бол маш ноцтой асуудал. Зарим хүн тохиолдлын шинжтэй эрүүлжүүлэгдэж байхад нөгөө хэсэг нь эрүүлжүүлэхээс өөр очих газаргүй болсон байдаг. Тэгвэл эдгээр хүмүүст чиглэсэн бодлогыг уг хуулийн төсөлд тусгасан уу?

Миний мэдэхээр Сонгинохайрхан дүүрэгт архичидтай тэмцдэг ТББ бий. Ямар ч дэмжлэг байдаггүй. Баянзүрх дүүрэгт бас бий. Мөн төрөөс ямар ч дэмжлэг байхгүй. Харин дарамтад байдаг. Тиймээс энэ мэт сайн дурын үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудыг дэмжих заалт уг хуулийн төсөлд бий юу?

Архи хэтрүүлсэн иргэд эрүүл мэндийн байгууллагын ачааллыг нэмж байгааг ойлгож байна. Гэхдээ “барын амнаас гараад арслангийн аманд” гэдэг шиг зориулалтын эрүүлжүүлэх байр ч үгүй, өмнөх орчин руугаа л чихэх гэж байгаа байх. Өмгөөлөгч хүний хувьд эрүүлжүүлэхийн орчин, нөхцлийг сайн мэднэ.

Эрүүлжүүлэх байранд эмч ажиллуулья гэвэл төсөв бий юу? Эрүүл мэндийн үйлчилгээ хүртээмжтэй байж чадах уу? Тиймээс тэдний эрүүл мэндийг хамгаалах, камераар хяналт тавих боломж, нөхцөл бий юу? 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тодорхой гурав, дөрвөн асуудлыг тусгаж өгсөн. Хуулийн төслийн шинэлэг зохицуулалт нь эмнэлэг нь эмнэлгээрээ, эрүүлжүүлэх нь эрүүлжүүлэх байраараа ажиллаг гэсэн агуулгатай. Сүүлийн жилүүдэд Согтууруулах ундаа хэтрүүлсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж, хүндрэл учруулж байна.

Тиймээс эрүүлжүүлэх байрыг хуучин байсан цагдаагийн байгууллагын харьяалалд байлгаж, эрүүлжүүлэх байранд цагдаагийн байгууллагын ажилтан, бага эмч мэргэжилтэй, цэргийн цолтой төрийн тусгай албан хаагч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг байсан. Энэ жишгээрээ явна гээ хуулийн төсөлд тусгасан.

Бидний өргөн мэдүүлсэн төсөлд бага эмч нарын цалин, эрүүлжүүлэх байрны орчин, нөхцлийг сайжруулах тухай заалт ороогүй. Ердөө л эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүрэн шилжүүлье, цагдаагийн албан хаагч, бага эмч нь эрүүлжүүлэх байрандаа ажилладагаараа ажиллана.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн 7,2, 8,1, 9,1, 12,1, 12,5 дахь хэсгүүдэд Эрүүлжүүлэх байранд ирсэн хүмүүст эрүүл мэндийн үйлчилгээ хэрхэн үзүүлэх, хэрэв хүндрэлтэй нөхцөл үүсвэл хэрхэх талаар, ямар дүгнэлт гаргах вэ гэдгийг маш тодорхой, нарийвчлан тусгасан байдаг.