УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
2017.01.13

Ё.Баатарбилэг: Эрүүл мэндийн байгууллагын зохиомол ачаалал буурч, хүртээмж сайжирна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.11.12/ нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Согтууруулах ундаа хэтрүүлсэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг уг хуулийн төслийг боловсруулах болсон шалтгаан, батлагдсанаар гарах үр дүнг хуралдаанд оролцож буй гишүүдэд танилцуулсан юм. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

"Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай анх 2003 онд батлагдсан. Энэ хуулиар архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, өөрийн үйлдлийг хянаж, чадахгүй болсон этгээдийг албадан эрүүлжүүлэх үйл ажиллагааг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хариуцах ажлын хүрээнд хамруулан гүйцэтгэсээр иржээ.

2013 онд дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг эрүүлжүүлэх байрыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяалалд шилжүүлэн, ажиллуулахаар заасан байдаг.

2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлсэн хуулийн хэрэгжилтийн хугацаанд эмнэлгийн өвчтөнд хүлээн авах тасагт өөрийн үйлдлээ удирдах чадваргүй, хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон гудамж, талбайд ухаангүй унасан, энэ байдлаас болж осол, гэмтэл, гэмт хэрэг зөрчилд өртөж болзошгүй болсон этгээдийг хүлээлгэн өгч иржээ.

Эмнэлэгт хүргэгдэн ирсэн согтуу этгээд, иргэд эмнэлгийн байгууллагын дотоод журам, ариун цэвэр, халдвар, хамгааллын дэгийг ноцтой зөрчин, эмнэлгийн ажилтан, өвчтөнүүдийн амгалан байдлыг алдагдуулж, багаж, тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээн, гэмт хэрэг үйлдэх нөхцлийг бүрдүүлж байна.

Иймд Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх арга хэмжээний эрх зүйн зохицуулалтыг дахин хянаж үзээд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгааг харгалзан энэхүү хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулж байна.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн төсөл батлагдсанаар төрийн захиргааны байгууллагын харьяалал оновчтой болж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх үйл ажиллагааг холбогдох байгууллагууд чиг үүргийнхээ дагуу зохицуулах эрх зүйн орчин бүрдэнэ.

Мөн нийгмийн хэв журмыг сахиулах зорилт бодит утгаараа хэрэгжин, эрүүл мэндийн байгууллагын зохиомол ачаалал буурч, тусламж үйлчилгээний хүртээмж чанарт эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна."