С.Чинзориг: Татвар төлөгч иргэн жилд 240 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэнэ
2017.01.11

С.Чинзориг: Татвар төлөгч иргэн жилд 240 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэнэ

УИХ-ын нэр бүхий гишүүд Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулахтухайхуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ талаар төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн С.Чинзоригоос дараах зүйлийг тодрууллаа.

-Хуулийн төслийн гол агуулга нь юу вэ. Төслийг баталснаар иргэдэд ямар ач холбогдолтой вэ?

-Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт саарч, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавх суларснаас цалин хөлс Төдийлэн нэмэгдсэнгүй. Цаашид дорвитой нэмэгдэх хандлага ажиглагдахгүй байна.

Энэ байдал нь иргэдийн, ялангуяа бага орлоготой хэсгийн амьжиргаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа.

Иймд хувь хүний орлогын албан татварт үзүүлэх хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах замаар бодит орлого, худалдан авах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дээрх хуулийн төслийг боловсруулсан.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 240 мянган төгрөгөөр тогтоож, энэ сарын 1-нээс мөрдөж эхэллээ. Хувь хүний орлогын албан татварт үзүүлэх хөнгөлөлтийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод

хэмжээтэй тэнцүү байхаар хуульчлан тогтоовол татвар төлөгч иргэн жилд 240 мянга, сард 20 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломж бүрдэнэ.

-Хуулийн үйлчлэлд зөвхөн төрийн албан хаагчид хамрагдах уу?

-Үгүй ээ. Бидний тооцоолсноор Хүн амын орлогын албан татварын тухай хуулийн хөнгөлөлтөд орлого багатай 600 орчим мянган хүн хамрагдахаар байгаа. Өөрөөр хэлбэл, зөвхөн төрийн албан хаагчдын цалинг нэмснээс илүү өргөн цар хүрээг хамарна. Нөгөөтэйгүүр, энэхүү хуулийн төслийг баталснаар цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх тусам хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт нь нэмэгдээд явдаг байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой гэж ойлгож болно.

-Хуулийн төсөл баталбал төсөвт хэчнээн төгрөгийн дарамт үүсэх вэ?

-Хуулийн төслийн хэрэгжих хугацааг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр тус- гасан. 2018 онд улсын төсөвт хувь хүний орлогын албан татвараас төвлөрөх орлого 89 тэрбум төгрөгөөр буурах боловч

иргэдийн бодит орлого нэг татвар төлөгчид сард 13 мянга, жилд 156 мянган төгрөгөөр өснө. Нийгмийн даатгалын санд цалин хөлсөө мэдүүлж шимтгэл төлөгч 575 мянган иргэн байгаа бөгөөд татварын хөнгөлөлт эдэлсэн иргэдийн бодит орлого 89 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн тооцоог гаргасан.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөл боловсруулах болсон шалтгаан нь юу вэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэл ажлын байр нэмэгдүүлж, бий болгодог. Иргэдийг байнгын, тогтмол орлоготой болгодог үндсэн арга хэлбэр шүү дээ. Тийм ч учраас УИХ, Засгийн газраас жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогоор зайлшгүй дэмжих шаардлагатай байдаг. Нэг үеэ бодвол жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт улсын төсвөөс эх үүсвэрийг нь шийдэж өгөөд зээлийн санг нь бүрдүүлээд явж байна.

Энэ онд гэхэд л төсөвт 40 тэрбум төгрөгийг жижиг зээл маягаар үйлдвэрлэл эрхлэгчдэд хүргэхээр тусгасан. Нөгөө талдаа тэдэнд үйл ажиллагаа явуулахад зайлшгүй хэрэгтэй байгаа тоног төхөөрөмж, сэлбэгийг гаалийн албан татвараас чөлөөлөх асуудал байгаа юм.

Өмнө нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлдөг хууль хэрэгжиж байсан. Гэвч 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нээр хүчингүй болсон. Тиймээс уг хуулийн төслийг өргөн барьсан.

-Хуулийн хэрэгжилтийн хугацаанд хэчнээн төгрөгийн татварын хөнгөлөлт эдэлсэн бэ?

-2014-2016 оны хооронд нийт 1419 иргэн, ААН 3201 төрлийн 7000 тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг импортоор оруулж ирсэн байдаг. Ингэснээр 13.2 тэрбум төгрөгийн гаалийн чөлөөлөлтөд хамрагдсан гэсэн тооцоо бий.

Мөн төрөөс бизнес эрхлэгчдийг дэмжиж байгаагийн үр дүнд дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж улмаар экспортлох сонирхолтой байгаа бөгөөд чөлөөлөлтөд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн бүтээмж 20-30 хувь нэмэгдсэн гэсэн судалгаа ч байдаг.

Судалгаагаар мах махан, нөөшилсөн бүтээгдэхүүн, мод боловсруулах модон материал, ноос ноолуур, арьс шир, оёдол, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ гэсэн хөнгөн хүнсний салбарууд чөлөөлөлтөд хамгийн их хамрагдсан байсан.

-Гаалийн татвараас чөлөөлөх тоног төхөөрөмжийн жагсаалтыг шинэчлэх үү?

-Хуулийг баталвал хэчнээн нэр төрлийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх вэ гэдэг жагсаалтыг Засгийн газраас шинэчлэх юм. Ялангуяа дотоодын үйлдвэрлэлээ дэмжих.

хамгаалах чиглэлээр импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн бодлоготойгоо уялдуулж жагсаалтаа шинэчилнэ гэсэн үг.