Мэндчилгээ
УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ
2016.12.28

Мэндчилгээ

Эрхэм хүндэт генералууд, улс орноо батлан хамгаалах их үйлст зүтгэж яваа ахлагч, офицерууд, эх орны минь дөрвөн зүг, найман зовхист энхийн манаанд зогсоо, дайчин тангарагт цэрэг эрс, ахмад дайчид, азай буурлууд болон даян дэлхийн энх амгалангийн ариун үйлст Монгол Улс, Монгол цэрэг, Зэвсэгт хүчнийхээ нэр алдрыг мандуулж яваа энхийг сахиулагчид Та бүхэндээ ШИНЭ ЖИЛИЙН баярыг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна.

Улиран одож буй 2016 онд та бүхний сэтгэл зүтгэл, хичээл чармайлтын үр дүнд манай Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин ажил үйлс, амжилт бүтээл өрнүүн байлаа. Тухайлбал олон жилийн турш салбартаа хүлээлт үүсгээд байсан батлан хамгаалахын эрх зүйн орчны шинэчлэл болох Батлан хамгаалахын багц хуулийг батлуулах томоохон ажлыг Та бүхэнтэйгээ хамтран хийж чадсанаа тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Улс орныг батлан хамгаалах нь өөрөө өргөн цар хүрээтэй, улс орны бүхий л салбарыг хамрахын зэрэгцээ иргэн бүрийн оролцоонд тулгуурласан цогц арга хэмжээ болохыг Улсын Их Хурал анхааран үзэж "Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай" хуулиар Батлан хамгаалах яамыг Ерөнхий чиг үүргийн яам байхаар баталлаа. Энэ нь төр, засгийн зүгээс батлан хамгаалах асуудалд ач холбогдол өгч бидэнд хүлээлгэж байгаа томоохон үүрэг, хариуцлага мөн гэж үзэх учиртай.

Ажлаа хүлээж авснаас хойш "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр", түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Батлан хамгаалах яамнаас авч хэрэгжүүлэх бодлогын зорилт, арга хэмжээг оновчтой тодорхойлох, "Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг боловсруулан батлуулах, батлан хамгаалах төрийн бодлого, багц хуулийн хүрээнд "Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030" баримт бичиг, "Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр"-ийг Засгийн газрын хуралдаанаар батлуулах зэрэг ажлуудад голлон анхаарлаа. Түүнчлэн Монгол Улсын 2016 оны төсвийн тодотгол, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэлд батлан хамгаалах сайдын төсвийн багцад тусгах саналыг нэлээдгүй сайн боловсруулан шийдвэрлүүлж чадлаа. Энэ хугацаанд Батлан хамгаалах яам, ЗХЖШ, Зэвсэгт хүчний зарим анги, салбаруудын бодит байдалтай танилцаж тодорхой тодорхой асуудлуудыг шийдвэрлээд байна. Мөн цэрэг эрс тэдний гэр бүл, нийгмийн хамгаалалд онцгой анхаарал хандуулан ажилласны дүнд олон алба хаагч орон сууцтай боллоо . Гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр хүрээгээ тэлж байгаагийн дотор хөрш болон бусад орнуудтай батлан хамгаалах салбарт харилцах хамтын ажиллагаанд ахиц гарч, энхийн төлөөх үйлсэд манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Монгол улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 105 жилийн ойг угтан  "Монгол Улсын тусгаар тогтнол ба батлан хамгаалах бодлого" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа. Эх орныхоо тусгаар тогтнолыг эрхэмлэн дээдэлж, Монгол Улсын батлан хамгаалах бодлогыг нэгэн биед тохиох амь нас, хувийн бодол, баяр жаргалаа умартан монгол түмнийхээ нийтлэг эрх ашигт үнэнч явж, түүхийн алтан аргамжийг тасдахгүй авчирсан өвөг дээдсийн нандин уламжлалыг залгамжлан  явах нь иргэн бүрийн тэр тусмаа батлан хамгаалахын бие бүрэлдэхүүний нэн тэргүүний эрхэм үүрэг юм.

Мөн Нийслэлийн хэмжээнд ханиад томуу ихэсч, эмнэлэгийн ачаалал хэтэрч байгаатай холбогдуулан Батлан хамгаалах яам нь нийгмийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу Цэргийн төв эмнэлэгтээ 50 ортой Хүүхдийн түр тасаг нээн ажиллуулахаар болоод байгаа нь Эрүүл мэндийн салбарт тулгамждаж буй асуудлыг шийдвэрлэхэд Батлан хамгаалах салбар анхаарч байгаагийн нэг илрэл юм. Цаашдаа өнөө хүрсэн амжилтаа бататгаж боломж бололцоогоо дайчлан зэвсэгт хүчнийг чадварлаг болгон хөгжүүлэх, зэвсэглэл техникээ шинэчлэн сайжруулах, цэргийн биеийн тамирыг хөгжүүлэх, салбарынхаа ажиллагсдыг орон сууц, нийгмийн хамгааллыг сайжруулахад хүч чармайлтаа нэгтгэн ажиллаж ахиц гаргана гэж найдаж байна.

Угтан золгож буй 2017 онд улс орны маань батлан хамгаалах чадавхи улам ахиж, өргөсөн тангарагтаа үнэнч Та бүхний минь санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхны дээдээр бялхахын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөж байна.

УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ