Мэндчилгээ
Эрхэм хүндэт хамтран зүтгэгч анд нөхөд, ҮЭ-ийн гишүүд, идэвхтэн сонгуультан Та бүхэндээ угтан ирж буй шинэ тоолол, 2017 оны шинэ жилийн баярын халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Улиран одож буй 2016 он монголчууд бидний хувьд чухал үйл явдал, онцгой содон амжилт баяраар дүүрэн он болж, түүхийн хуудсанд үлдэж байна.
Та бид төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Хурлыг сонгох сонгуулиа амжилттай явуулж, Монголын тулгар төрийн 2225, Ардын хувьсгалын 95, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойг тэмдэглэн хуучин оноо үдэж байна. МҮЭ-ийн холбооны хамт олон Та бид ОУ-ын ҮЭ-ийн холбоо, Ази Европын 34 орны ҮЭ-ийн төлөөлөгч оролцсон Ази, Европын Хөдөлмөрийн X форумыг эх нутагтаа амжилттай зохион байгууллаа.
Эрхэм хүндэт анд нөхөд өө!
Улс орны эдийн засаг, улс төр, нийгмийн нөхцөл байдал таатай бус хүндрэлтэй байна. Ирж буй 2017 он түүхэн хариуцлагатай, амаргүй сорилтын жил байх болно. Улс орны эдийн засагт тохиогоод буй хүндрэлийг даван туулахын төлөө монгол хүн бүр нэгэн зорилго, нэгдмэл хүчээр хамтран зүтгэх ёстой болж байна. Эв, эеийг нэгтгэн, боломж нөөцөө дээд зэргээр ашиглаж, гишүүн байгууллага, ҮЭ-ийн гишүүн бүр идэвхтэй оролцоог ханган ажиллаж чадвал энэ төвөгтэй нөхцөл байдлаас гарч чадна. 2017 онд Монгол Улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхэн 100 жилийн ой, МҮЭ-ийн холбооны XXII Их хурал тохиосон тэмдэглэлт үйл явдлаар дүүрэн сайхан жил болно.
2017 онд монгол өрх, хүн болгоны амьдралд аз жаргал, инээд баяр, хөөр хөгжил, тэмүүлэл бахархал дүүрэн он болох болтугай. Хүн бүрийг эрүүл энхийн жаргал ивээж, эцэг дээдсийн минь сүлд түшиж, эрчимт хөдөлмөр, иргэний зүтгэлээр эх орны минь маргааш улам өнгөлөг гэгээлэг болж, монгол хүн бүрийн хийморь золбоо бадран, сэтгэл уужим, хараа тэнүүн байхын ерөөлийг өргөн барья.
МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.АМГАЛАНБААТАР