УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2016.12.23

Ц.Даваасүрэн: Хөгжлийн банк анх байгуулагдсан зорилгоосоо ухарсан уу, ухарсан

УИХ-ын чуулганы хуралдаанаар "Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэллээ.  

Ц.Даваасүрэн: Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг яаж 1 их наяд төгрөгт хүргэх юм бэ?

Сангийн сайд Б.Чойжилсүрэн банк, санхүүтэй холбоотой мэдээлэл өгье гэж хэлсний үндсэн дээр Хөгжлийн банкны асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хаалттай хуралдсан.

Банк, санхүүгийн байгууллагын толгойлж буй хүмүүст хандаж хэлэхэд, аливаа тайлбар, мэдээлэл хийхдээ улстөржсөн хандлага огт гаргаж болохгүй. Хариуцлагаас мултрах сэтгэхүйгээр ярьж болохгүй.

Гадаад улс оронд төв банк, санхүүгийн томоохон байгууллагын мэдэгдлийг дагаад үнэт цаас, хувьцааны үнэд хэлбэлзэл гардгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх.

Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн уулзалтуудад оролцож, үг хэлэхэд чухал байр сууринаас хүлээж авна. Тиймээс үг хэлэхдээ бодолтой хандах хэрэгтэй. Өмнө нь иймэрхүү байдал ажиглагдсан учраас өнөөдөр зориуд цохон тэмдэглэе гэж бодлоо.

Засгийн газраас оруулж буй саналыг дэмжихээс өөр аргагүйд хүрсэн. Саналыг дэмжихгүй, Хөгжлийн банкийг дампууруулъя гэвэл өр барагдуулах албаны хуучин муу түүх л давтагдана. Хэн нэгний гараар ороод алга болно.

Хөгжлийн банк анх байгуулагдсан зорилгоосоо ухарсан уу, ухарсан. Хөгжлийн банкийг улсын хөгжлийг дэмжсэн дэд бүтэц, бүтээн байгуулалтын арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх зорилгоор улсын төсвөөс гадуур байгуулсан.

Одоо улсын төсөв рүү бүх алдагдлаа чихлээ. Үүнээс болж, төсвийн алдагдал асар их хэмжээгээр нэмэгдсэн. Ийм байхад Хөгжлийн банкны шаардлага бараг алга. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, хөтөлбөрүүдээ санхүүжүүлээд явдаг хуучин зарчим руу шилжиж болохоор байна.

Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг 1 их наяд төгрөгт хүрэхийн тулд Засгийн газар бонд гаргая гэж ярьж байна. Ингэж шийдвэл Засгийн газрын өр нэмэгдэж, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зөрчигдөнө. Тиймээс Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг яаж 1 их наяд төгрөгт хүргэх вэ?

Эдийн засаг хямралтай байхад компаниуд Засгийн газрын бонд худалдан авч, эх үүсвэрүүдээ бүрдүүлээд явна гэвэл хүндрэлтэй байх. Өнөөдөр бид гаднаас мөнгө гуйгаад л гүйгээд байна. Гэтэл бидэнд Тамсаг, Оюу толгой, Тавантолгойн орд байна.

Яагаад Оюу толгойн төслөөр Рио Тинто 6 тэрбум ам.долларын хөрөнгө босгочихоод, энэ хөрөнгөө өөрсдөө зарцуулчихсан. Ингээд байхад бид дуугарахгүй байна шүү дээ.

Өнөөдөр Монголын төр өөрийн баялгаараа хөрөнгө босгож чадахгүй байна.

Оффшор бүсэд их хэмжээний хөрөнгө хадгалаастай байгаа тухай ярьж байна. Гэтэл өнөөдөр төрийн албан хаагчдаас бусад хүнд оффшор бүсэд данстай байх, хуулийн этгээд байгуулахыг дэмжээд явж байна.

9 сая ам.доллараас ч их хэмжээний мөнгөний асуудал яригдаж байна шүү дээ. Тиймээс Монгол Улс хөрөнгө мөнгөний асуудал дээр тэр дундаа олон улсаас хөрөнгө босгох тал дээр эх оронч үзэл, сэтгэхүйгээр хандах цаг болсон. Хэрэв Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг 1 их наяд төгрөгт хүргэнэ гэж шийдвэр гаргасан тохиолдолд энэ мөнгийг хаанаас, яаж босгох вэ?

Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэмж, дүрмийн санг нэмэгдүүллээ гэж бодьё. Ямар эх үүсвэрээс яаж босгох вэ? Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг ямар бодлогоор явуулах вэ? Экспорт, хөдөө аж ахуй чиглэлийг дэмжих юм уу? Засгийн газар уг банкийг ямар бодлогоор цаашид авч явах вэ? Ямар ирээдүй харагдаж байна?

Б.Чойжилсүрэн: Төсвийн тодотголоор Засгийн газарт хуваарилсан хөрөнгөөс Хөгжлийн банкийг санхүүжүүлнэ 

Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн үе шаттайгаар нэмэгдүүлж, 1 их наяд төгрөгт хүргэх тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас өргөн барьж, хэлэлцүүлж байна. Хэрэв хаалттай хэлэлцсэн бол нарийн тоонуудыг хэлэх боломжтой байлаа.

Хөгжлийн банкны дотоод нууцтай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүдэд илэн далангуй хэлэх гэдэг үүднээс Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хаалттай горимоор хэлэлцсэн. Сая харамсалтай нь хаалттай горимоор хэлэлцье гэсэн санал дэмжигдсэнгүй.

2016 оны 11 дүгээр сарын 29-ний байдлаар, ханшийн тэгшитгэлийн алдагдал 179 тэрбум төгрөгт хүрээд байна. 12 дугаар сарын 31 гэхэд ханшийн тэгшитгэлийн алдагдал улам нэмэгдэнэ. Хөгжлийн банкнаас олгосон зээлийн нөхцөл хүндэрсэн учраас сан байгуулах шаардлагатай.

Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтээр бол хамгийн багадаа 200 тэрбум төгрөгийн хөрөнгө бүхий сан байгуулах шаардлагатай гэсэн тооцоо гаргасан.

Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг 1 их наяд төгрөг хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлж, эх үүсвэр талд дэмжвэл Хөгжлийн банк өөрөө олон улсын санхүүгийн зах зээлээс хямд эх үүсвэр татаж, үүгээрээ 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжтой. Цаашид тус банкны санхүүгийн үзүүлэлтүүдийг сайжруулж байж олон улсын зах зээлээс хямд эх үүсвэр татах боломж бүрдэнэ.

Тантай санал нэг байна. Хөгжлийн банк анх байгуулагдсан зорилгоосоо хазайсан.

Тиймээс УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын гишүүдтэй хамтран Хөгжлийн банкны тухай шинэчилсэн найруулгын төслийг дэд даргад өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг ирэх 7 хоногоос хэлэлцэж эхлэх болов уу гэж бодож байна.

2016 оны төсвийн тодотголоор Засгийн газрын шинээр хийх зээллэгийн ашиглаагүй дүн 3 их наяд гаруй төгрөг байна. Үүнээс 1 их наяд төгрөгийг Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг санхүүжүүлнэ гэж тогтоолын төсөлдөө тусгаж оруулж ирлээ. Өрийн хязгаарт багтаж байгаа.