Ц.Даваасүрэн: Гарал, үүслийн гэрчилгээ шаардахгүй болбол...
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж байна.
Уг хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн төсөл санаачлагчаас асуулт асуулаа.
Ц.Даваасүрэн: Хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд хатуу бодлого баримтлах хэрэгтэй
Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байна. Төсөлд шинэлэг зохицуулалт орсон харагдана. Хуулийн төсөл батлагдсанаар хяналт, шалгалтын явцад хүчин мөхөсдөж байсныг нөхөх, чангатгах, тодорхой арга хэмжээ авах боломж бүрдэнэ гэж бодож байна.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд хатуу бодлого баримтлах нь зүйтэй.
Гарал, үүслийн гэрчилгээ шаардахгүй болбол хэрэглэгчийн эрхийг хамгаалахад хүндрэл учирч, хуурамч бараа бүтээгдэхүүн оруулж ирэх нөхцөл бүрдэж, хүнсний аюулгүй байдал алдагдах болов уу гэж бодож байна.
Т.Аюурсайхан: Давхардсан хяналт, шалгалт байж болохгүй
"Хүнсний аюулгүй байдал аюултай түвшинд хүрсэн. Хүний эрүүл мэнд, амь насанд сөргөөр нөлөөлж буй тохиолдол цөөнгүй гарах болсон.
Тиймээс стандартын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэхээс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэгч гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч, арилгадаг байх, дотоод хяналт сайтай байх, шаардлагатай тохиолдолд бараа бүтээгдэхүүнээ зах зээлээс эргүүлэн татдаг байх тогтолцоо, соёл бүрдэх зайлшгүй шаардлага тулгараад байна.
Гарал үүслийн гэрчилгээ шаардахгүй болсон тохиолдолд үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнээс дээж авч, шинжилдэг байх, хүний эрүүл мэнд, амь насанд сөргөөр нөлөөлөх эсэхийг урьдчилан тогтоох шаардлагатай.
Бүтээгдэхүүний дээж авч, шинжлэх процедурыг Мэргэжлийн хяналтын байгууллага хариуцдаг. Шаардлагатай бол Гаалийн байгууллага тодорхой бараа бүтээгдэхүүнээс дээж авдаг. Мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагууд хоорондоо мэдээлэл сайтай байж, шинжилгээний хариуг харилцан зөвшөөрдөг байх нь зүйтэй. Давхардсан хяналт, шалгалт байж болохгүй.
Олон улсад хэрэв хугацаа нь дууссан, муудсан бараа бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлсэн бол хүн амын эрүүл мэндэд аюул учруулсан гэж үзээд хатуу хариуцлага тооцдог. Ингэснээр бүх түвшинд хариуцлага дээшилдэг байна.