Хөрс, бэлчээр хамгаалах талаар Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гардуулах ёслол боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 2-ны өдөр гаргасан Хөрс, бэлчээр хамгаалах талаар Засгийн газарт чиглэл өгсөн 158 тоот зарлигийг БОАЖЯ, ХХААХҮЯ-нд гардуулан өгөх ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Олон улсын Хөрс хамгаалах өдөр өнөөдөр тохиож байгаа тул уг үйл явдлыг бэлгэдэн уг зарлигийг холбогдох яамдын төлөөлөлд ийнхүү гардуулсан юм.
Зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг нар БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга нарт гардуулан өгөв.
Ерөнхийлөгчийн Зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Зохион байгуулалтын албаны зөвлөх Г.Баттогтох уншиж сонордууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөрс, бэлчээр хамгаалах талаар Засгийн газарт чиглэл өгсөн уг зарлигт:
“Нэг. Хөрс хамгаалах, хөрсний доройтлыг бууруулах, нөхөн сэргээх ажлыг эрчимжүүлэх, энэ чиглэлээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, иргэд, аж ахуйн нэгжийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосугай.
- Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад хууль, тогтоомжийн хэрэгжилтэд судалгаа хийж, хуулиудын хэрэгжилтийг хангах, эрчимжүүлж, шинэчлэх,
- Суурьшлын бүс, газар тариалангийн болон бэлчээрийн хөрсний доройтолд дүгнэлт гаргаж, хөрс, бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх богино, дунд, урт хугацааны бодлогын нэгдсэн хөтөлбөр боловсруулан батлан хэрэгжүүлэх,
- Хөрс, бэлчээрийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгож жил бүр бүртгэх,
- Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр ашиглах уламжлалт арга ажиллагааны дэвшилтэт хэлбэрийг хэрэгжүүлж, хөрс, бэлчээрийг сайжруулах, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх,
- Хөрс, бэлчээр хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн арга хэмжээнд зарцуулах зардлыг 2019 онос эхлэн жил бүр орон нутгийн төсөвт тусгаж, хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах, хяналт тавих,
- Хөрс хамгаалах үндэсний өдөртэй болох,
Хоёр. Хөрс хамгаалах өдөр уул уурхай, газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд, холбогдох төрийн болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран хөрс хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр ажил зохион байгуулж, тэдгээрт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг нийт иргэд, ТББ, хэвлэл, мэдээллийн байгууллагад уриалсугай.
Гурав. Зарлигийн биелэлийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон нийтэд тайлагнаж байхыг Засгийн газарт үүрэг болгосугай” гэжээ.