“БНМАУ-ын бүтээн байгуулалтын он жилүүд ба Ю.Цэдэнбал” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд мэндчилгээ илгээв
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “БНМАУ-ын бүтээн байгуулалтын он жилүүд ба Юмжаагийн Цэдэнбал” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд Монгол Улсын Их Хурлын дарга, МАН-ын дарга М.Энхболд мэндчилгээ илгээлээ.
УИХ-ЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид аа! Эрхэм хүндэт зочид оо!
Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн тэгш ой энэ онд тохиож байна.
XX зуунд төр улс, түмэн олныхоо өмнө мөнхийн гавьяа байгуулсан төрийн зүтгэлтнүүд цөөнгүй төрөн гарсан боловч нэгэн зууны тал хувьд нь эрх баригч нам болон төр, засгийн тэргүүнээр ажилласан хүн Монгол төрийн гарамгай зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалаас өөр үгүй билээ. 1984 оны наймдугаар сард хуралдсан МАХН-ын Төв Хорооны VIII бүгд хурал, БНМАУ-ын түүхэн хөгжлийн нэн чухал үед тус улсад социализмын үндсийг байгуулсан, соёлын хувьсгал хийсэн, хөдөө аж ахуйг өөрчлөн, улс орноо амжилттай үйлдвэржүүлсэн, түүнчлэн манай орны нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхэжсэн нь Ю.Цэдэнбалын нэр хүнд, түүний олон талт бүтээлч үйл ажиллагаатай салшгүй холбоотой гэж дүгнэжээ. Энэ бол төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбалд Монголын ард түмнээс өгсөн түүхэн үнэлэлт байв. Гэвч ороо бусгаа цагийн эрхээр охорхон хугацааны дотор Ю.Цэдэнбалд өгөх үнэлгээ хэдэнтээ хувирч, түүнд эх орон ард түмнээс нь олгосон алдар цолыг хүчингүй болгож байсныг ч бид мартах учиргүй.
Цаг цагаараа байдаггүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн зарлигаар 1997 онд Ю.Цэдэнбалын алдар цол, төрийн дээд шагналыг буцаан олгож, 2003 онд хуралдсан МАХН-ын XXII их хурал намын гишүүнчлэлийг нь сэргээсэн юм.
Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн үеэр Монголын ард түмний өмнө байгуулсан их гавьяаг нь алдаршуулахын зэрэгцээгээр түүний удирдлагаар өрнөсөн бүтээн байгуулалтын ололт амжилт, туршлага, сургамжийг цэгнэн дэнслэх нь зүйд нийцнэ. Чухамхүү энэ учир шалтгаанаар өнөөдөр “БНМАУ-ын бүтээн байгуулалтын он жилүүд ба Юмжаагийн Цэдэнбал” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Энэ хурлаар Ю.Цэдэнбал нам, төрийг удирдан жолоодсон он жилүүдэд БНМАУ-д өрнөсөн бүтээн байгуулалтын ололт амжилт, туршлага болон түүнд Ю.Цэдэнбалын гүйцэтгэсэн түүхэн үүргийг олон талаас нь дэлгэн харуулж, үнэлж дүгнэх нь дамжиггүй.
Энэхүү сонирхолтой хурлыг амжилттай зохион байгуулсан ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн удирдлага, эрдмийн хамт олонд талархлаа илэрхийлж, эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.
Монгол төрийн өлмий бат орших болтугай.