Ц.Даваасүрэн: Хүсэл шуналдаа ханадаггүй нөхдүүдийн боломж л нэмэгдэнэ
2011.05.12

Ц.Даваасүрэн: Хүсэл шуналдаа ханадаггүй нөхдүүдийн боломж л нэмэгдэнэ

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Сүүлийн үед намуудын санхүүжилтийн талаар нэлээд яригдаж байна. Үүнтэй холбогдуулан МАН ирэх оны УИХ-д нэр дэвших хүмүүсээсээ 100 сая төгрөг татна гэдгээ зарласан гэсэн. Харин та нэр дэвшигчдээс татах урьдчилгаа мөнгөө төлсөн үү. Энэ талаар таны байр суурь ямар байна вэ?


-Тийм зүйл яригдаагүй болохоор ямар мөнгө төлөх билээ. Миний хувьд сонгуульд мөнгөний нөлөөллийг багасгах хэрэгтэй гэдэг байр суурьтай явдаг хүн. Мөнгөтэй хүн л нэр дэвшдэг босго тогтооно гэдэг маань монархи, эсвэл олигархи төрийн тогтолцоо руу алхаж байна гэсэн үг юм.

-Хэрвээ нэр дэвшигчдээс 100 сая төгрөг татахаар болвол мөнгөтэй бизнесмэнүүдийн сонгууль болно хэмээн үзэх нэгэн байна. Намын санхүүжилтийг ийнхүү өндөр тавьсан нь юутай холбоотой гэж үзэж байгаа вэ?

-Хэрэв тийм босго тогтооно гэвэл тэгнэ л гэсэн үг. Босгыг өндөрсгөх тусам л хөрөнгө, мөнгөний шунал багатай нь гээгдэж, хүсэл шуналдаа ханадаггүй нөхдүүдийн боломж л нэмэгдэнэ.

-Танай намын санхүүжилт ингэж өндөр тавигдсан нь хуучин туршлагатай улстөрчдөө дэмжсэн. Харин залуучуудаа хаалганы гадаа хаясан бодлого явж байна гэх юм?

-Манай нам тийм босго тавиагүй байгаа гэдгийг хэлсэн. Өндөр босго тогтоох нь шинэ, хуучнаа ялгах шалгуур гэж ч бас ойлгож болохгүй байх аа. Нөгөө талаар би хуучин хэдийгээ мөнгөжсөн улс гэж хэлэхгүй шүү. Харин зарим нэг нь өөртөө ашигтай, олон удаа сонгогдсон хүнд ээлтэй хувилбарыг бодож явахыг үгүйгэхгүй. Өөрсдөдөө тохируулж сонгуулийн тогтолцоог сонгууль бүрт өөрчлөх нь буруу юм.

Өмнөх тогтолцооныхоо мууг гээж сайжруулаад явах ёстой гэж боддог. Тухайлбал, 2008 оны сонгуулийн тогтолцоонд мөнгөний нөлөөллийг байхгүй болгоод явахад болохгүй зүйл алга. Мөнгө тараах нь төрийн эсрэг гэмт хэрэг гэж үзээд тараасан, тараалгуулсан, гүтгэсэн хүнийг хатуу шийтгэх заалтуудыг холбогдох хуулиудад оруулъя. Мөн мөнгө авсан хүн сонгуулийн хэсгийн хороон дээр ирж, тараасныг илчилбэл түүнийг нь гурав дахин өсгөөд тараалгуулсан хүнээс нь гаргуулдаг болчихъё. Сэтгэл гаргавал мөнгөний асуудлыг шийдэж болно.

Тэгээд санал тоолоход хүний нөлөөллийг багасгаад сайжруулчихвал харьцангуй шударга сонгууль явагдана. Ер нь хэдэн төгрөгтэй болохоороо Их хурал гэж зүүдэлдгийг болиулах хэрэгтэй. УИХ гэдэг чинь төр. Төр өндөр босготой, дархлаатай байх ёстой. Хоногийн хоолноос хэтрэхгүй хэдэн бор төгрөг, амьдралд дорвитой нэмэр болчихгүй бэлэг хоёроор ард түмнийг хуурч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авч байгаа явдлыг таслан зогсоох ёстой.

-Ер нь гишүүдийн олонхи нь сонгуулийн холимог тогтолцоон дээр санал нэгдээд байгаа. Таны хувьд аль тогтолцоог илүүтэй дэмжиж байгаа вэ. Холимог тогтолцоон дээр тогтлоо гэхэд нийгэмд үзүүлэх эерэг, сөрөг хандлага нь юу байна вэ?

-Миний хувьд пропорционалийн ямар ч хувилбарыг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа. Намын нэр шидчихээд л ховхорч өгдөггүй байнга сууж байдаг улстөрчидтэй болмооргүй байна. Алслагдсан зах хязгаар нутаг ихтэй, хөдөөгийн хөгжил нь сул манайх шиг улс оронд одоогийн можаритар тогтолцоо л тохиромжтой.

-Тэгэхээр ямар ч тогтолцоотой байсан ирэх оны сонгууль шударга болж чадах уу. Шударга сонгууль явуулахын тулд эрх зүйн ямар орчинг бүрдүүлэх шаардлагатай вэ?

-Шударга болгох талаар хоёулаа дээр ярьсан. Ер нь мөнгөний нөлөөлөлгүй болгоод, тооллогоо сайжруулчихад л их дэвшил гарна.

-МАН хоёр танхимтай парламенттай болох санал гаргаад байгаа. Үүн дээр хэрхэн санал нэгдэж байгаа вэ?

-Шулуухан хэлэхэд энэ хувилбар дэмжлэг авахгүй байх.

-Түүнчлэн дээрх саналтай холбоотойгоор ирэх оны сонгуульд МАХН-аас болгоомжлох, нөгөөтэйгүүр сонгуулийн санал хуваах магадлалтай гэсэн учраас тийм санал гаргасан гэсэн яриа байна?

-Үгүй байх аа. Сонгуулийн тогтолцоогоо сайжруулъя гэсэн бодлого дотор яваа нэг л хувилбар юм. Тэгэхдээ дэмжигдэх магадлал багатай.

-МАН-ынханд МАХН буюу Н.Энхбаяраас нэлээд болгоомжилж байгаа гэсэн. Учир нь Н.Энхбаяр өмнө нь намын бүхий л сайн, муу шийдвэрийг хамтдаа гаргаж бас үүрэлцэж явсан. Мөн МАН-ыг ирэх оны сонгуульд ямар мөрийн хөтөлбөртэй орох, цаашдын зорилтыг гадарлаж байгаа гэдэг үүднээс ийнхүү сэрэмжилж болгоомжилж байгаа гэх юм?

-Миний хувьд хоёр хуваагдаж орохгүй гэдэгт итгэлтэй байна. Харин тэнд тав, арван хүн л үлдсэн, шинээр хэдэн арван мянган хүн орж ирсэн гээд зүтгэвэл алдаа болно. Тиймээс наад зах нь эвсч орох ёстой. Ер нь нэгдэх биздээ. Түр зуур санал зөрж, муудалцаа л биз.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.