ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан өнөөдөр /2016.11.08/ ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга ноён Сато Мүцүми тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан ноён Сато Мүцүмитэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд ЖАЙКА бол олон жилийн турш Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө тууштай хамтран ажиллаж ирсэн түншлэгч байгууллага хэмээн онцлов.
Тэрбээр “ЖАЙКА-гийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүдтэй танилцсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, залуучууд, гэр бүл зэрэг нийгмийн зорилтот бүлэгт хандсан үр дүнтэй нийгмийн хамгааллын төслүүд байгаад баяртай байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа хэдий боловч бид Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудаа биелүүлэхийн төлөө ажиллах болно. Энэ хөтөлбөрт таван том зорилт тавьсан бөгөөд үүний нэг нь нийгмийн салбарын асуудал юм. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны зүгээс нийгмийн хамгааллын цогц бодлого боловсруулах, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллахыг зорьж байна” хэмээгээд бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга ноён Сато Мүцүми Байнгын хорооны даргыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд “ЖАЙКА-гийн өнөөг хүртэл явуулж ирсэн үйл ажиллагааг өндрөөр үнэлж байгааг сонсоод туйлын баяртай байна.
Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ цаг үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон орлого багатай иргэдэд хандсан бодлого алдагдаж, орхигдох эрсдэл гаргахгүйн тулд дэмжлэг үзүүлж ажиллахыг хичээж байна” хэмээн ноён Сато Мүцүми хэлсэн үгэндээ онцолсон.
Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны чиглэл болон цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо