Цайны зам дагуу аяллын чиглэл тогтооно
Цайны зам
2016.11.08

Цайны зам дагуу аяллын чиглэл тогтооно

Монгол, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын салбарын сайд нарын түвшний уулзалт өнгөрсөн долдугаар сард болж, “Цайны замын олон улсын аялал жуулчлал" нэртэй холбоо байгуулсан.

Эртний төрт улсуудын нийгэм, эдийн засаг, худалдаа, харилцааны гол гүүр болж байсан гэгддэг Цайны замыг сэргээж, сурталчилснаар гурван улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, хөгжүүлэх гарц гэж үзсэн төлөөлөгчид холбооныхоо дүрмийг батлан, үйл ажиллагаагаа явуулж эхлээд буй.

Тэгвэл нийслэлийн ЗДТГ, “Цайны соёл” нийгэмлэг хамтран өнгөрсөн баасан гаригт “Цайны зам” сэдэвт эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг Улаанбаатарт зохион байгуулж, цайны соёл, зам гэж юу болох, хэн, хэрхэн хөгжүүлж байсан талаар мэдээлэл түгээв. Ази, Европыг холбосон, 200 жилийн түүхтэй уг замын талаар судлаачид найман илтгэл хэлэлцүүлсэн юм.

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Маргад хурлын үеэр Цайны зам дагуу аялал жуулчлал хөгжүүлэхийн тулд яамны дэргэд эрдэмтдийн зөвлөл байгуулахаар зэхэж буйгаа дуулгав. Тэрбээр “Хуурай газрын Цайны замыг Монголын говиос ангид төсөөлөхийн аргагүй. Тийм учраас бид 2017 онд багтаан Цайны зам дагуух бүсэд аяллын чиглэл тогтоохоор зорьж байна. Үүнд эрдэмтэн судлаачдын оролцоо, санал чухал” гэв.