Б.Ууганбаяр: Шанагатай цас цэвэрлэгч машин шаардлагатай
ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн амралтын өдрүудэд үргэлжлэн орсон цасан шуурганаар ОБЕГ хэр ачаалалтай ажиллав. Өнөөдрийн байдлаар орон нутагт нөхцөл байдал ямар байна вэ?
Өнгөрсөн өдрүүдэд буюу бямба, ням гаригт нутгийн дийлэнх хэсэгт цасан болон шороон шуургатай байлаа. Ялангуяа нутгийн хойд хэсгээр багагүй цас орсон. Төв, Сэлэнгэ аймгийн чиглэлд явсан автомашин цасанд суусан хэд хэдэн дуудлагыг онцгой байдлын алба хаагчид хүлээн авч шуурхай ажиллалаа.
Цасан шуурганы үеэр хүний амь эрсэдсэн тохиолдол гараагүй. Харин халтиргаа, гулгаанаас болж зам тээврийн осол их гарч байна. Тухайлбал, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн автозамд зорчиж явсан иргэдээс нэлээд дуудлага ирсэн. Одоо ч ирж байна. Өнгөрсөн өдрүүдэд орон нутгийн Засаг захиргаанаас яаралтай арга хэмжээ авсны үндсэнд өнөөдрийн байдлаар хаагдсан автозам, даваа байхгүй.
Түүнчлэн одоогоор томоохон гол мөрнүүдэд мөсөн бүрхүүл дөнгөж тогтоод байна. Тиймээс тээврийн хэрэгсэл болон малаа мөсөн бүрхүүл тогтсон газруудад явуулахыг хориглосон. Өнгөрсөн долоо хоногт манайд сураггүй алга болсон гурав, обьектын гал түймрийн 91, ой хээрийн түймэр болон ус, цас, шаварт саатсан тус бүр дөрөв, тээврийн хэрэгслийн ослын тухай нэг дуудлага ирсэн байна.
-Өнгөрсөн долоо хоногт обьектын гал түймрийн дуудлага их иржээ. Үүнийг тодруулна уу?
Өвлийн улиралд ахуйн гал түймрийн дуудлага маш их ирдэг. Учир нь, хүйтний улиралд гэр хорооллынхны галлагаа эрс нэмэгддэг. Үүнтэй холбогдуулан гал түймэр гардаг. Ялангуяа бага насны хүүхдүүд галд өртөж амь насаа алдах тохиолдол тасрахгүй байна.
Томчууд бага насныхаа хүүхдийг гэртээ орхиод явдаг. Улмаар хүүхдүүд угаартах, гал руу унаж амь насаа алдахаас гадна галаар тоглож байгаад орон гэрээ шатаах тохиолдол их байна. Тиймээс үр хүүхдээ гэртээ хараа хяналтгүй үлдээхгүй байх талд анхаарах хэрэгтэй.
-Энэ өвөл их хүйтэрнэ гэж хүмүүс ярьж байна. Хэрвээ зуд болж, цаг агаар хүндэрвэл та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талд хэр бэлтгэлтэй байгаа вэ?
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр олон жилийн дундаж орчим цас орно гэж байгаа. Гэхдээ олон жилийн өмнөх мичин жилийн өвөл, ард иргэдийн ам дамжсан яриаг бодоод үзвэл зуд болохгүй гэх магадлал алга. Өнгөрсөн жил мичин жилийн угтвар өвөл байлаа.
Одоо сүүл нь тохиож байна. Тэгэхээр зудын аюулаас урьдчилан сэргийлэх талаар Улсын онцгой комисс, Засгийн газар, ОБЕГ-аас эрх зүй, хяналт, үүрэг өгөх талаас зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Цас их орж, цаг агаар хүндэрсэн үед өвс, тэжээлээ малчдад ойрхон байлгаж, түргэн шуурхай хүргэх ажлыг аймаг орон нутгийн удирдлагуудад даалгасан.
Бүх зүйл болоод өнгөрсний дараа тусламж үзүүлэхээс илүүтэйгээр болзошгүй эрсдэлийг урьдчилж харж арга хэмжээ авахыг зөвлөсөн. Үүний дагуу ажиллаж байгаа. Салбарын хувьд байнгын бэлэн байдалтай байдаг. Өвлийнхөө хувцасанд шилжээд, автомашин, хашаа хороогоо засварлачихлаа. Ер нь өөрсдөөс шалтгаалах зүйлээ л бэлдэнэ шүү дээ. Үнэхээр байгалийн давагдашгүй хүчин зүйлд бидний хүч хүрэлцэхгүй.
-Оны төгсгөл буюу мичин жилийн өвлийн сүүлийг давахад танай байгууллага төсөв санхүүгийн хувьд хэр байна вэ?
Хүндрэлтэй байгаа. Гал түймэртэй тэмцэх чиглэлээр онцгой байдлын салбарт ажиллаж буй бүх гал унтраах ангийнхан өвлийн нөхцөлд автомашинаа зайлшгүй бэлэн байлгадаг. Тодруулбал, өвлийн нөхцөлд гал унтраах машиныг тодорхой давтамжтайгаар асааж, халаадаг. Энэ хүрээнд бензин тосыг стандарт, нормын дагуу хуваарилж өгсөн.
Бусад гэнэтийн ослын үед маш их хүндрэл учирч байна. Бид бүхэн янз бүрийн дуудлагад явдаг. Тухайлбал, автозамын хажуу руу машин нь ороод, шаварт суучихлаа, бензин дуусчихлаа зэргээр хувь хүний хариуцлагаас үүдсэн дуудлага маш их ирдэг.
Үүнд төрийн үйлчилгээ, ард иргэдийн өмнө хүлээсэн үүрэг гэдэг утгаараа зайлшгүй тусламж үзүүлэхийн тулд өр зээл тавиад ч болтугай ажиллаж явна. Гэхдээ иргэд бидний ажлыг ойлгоод өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс өөрсдийгөө хамгаалчихвал үргүй зардлыг маш их хэмнэх боломжтой.
-Улаан загалмай, Дэлхийн зөн зэрэг байгууллага манай улсад нэлээд тусламж үзүүлдэг. Эдгээрээс гадна гамшгийн эрсдэлд тусламж үзүүлэх олон улсын байгууллагуудтай хэр холбоотой ажилладаг вэ?
Сүүлийн үед ОБЕГ олон улсын байгууллагуудтай нэлээд хамтарч ажиллах болсон. 10жилийн өмнө зудын үед тусламжийн барааг ямар ч хяналтгүйгээр тараадаг байлаа. Харин одоо тусламжийн барааг нэг сувгаар, хяналттайгаар тарааж, яг тусламж авах ёстой хүнээ олж туслах зарчмыг барьж ажиллаж байна.
Энэ талд НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч.Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн зөн, Улаан загалмай гэх мэтчилэн олон улсын байгууллагатай хамтарч ажилладаг. Дээрх байгууллагууд тусламж үзүүлэхээ илэрхийлбэл ОБЕГ-аас ерөнхий зохицуулалтыг хийж, холбогдох газарт нь хүргэдэг. Хамгийн гол нь тусламж авах хүнээ зөв тодорхойлох шаардлагатай.
-Цас орох болгонд хаагддаг тоотой хэдэн даваа байх юм. Үүнд зохицуулалтын ажил дутмаг байх шиг санагддаг?
Тийм ээ. Том оврын машин, механизмын хувьд хүндрэлтэй байдаг. “124"-ийн даваа байнга л хаагддаг. Бидэнд цас зайлуулах машин байдаггүй учир маш их хүндрэл гардаг. Нэг жишээ дурдахад, уг давааг хаагдахад би тэнд ажилласан. Тэр үед аврах тусгай ангийн ОХУ-д үйлдвэрлэсэн чирэгч, “Бороо гоулд”- ын түрдэг машин зэргийг аваачиж “124”-ийн давааны замыг цэвэрлэж байсан удаатай.
Ер нь манай улсад урдаа шанагатай машин шаардлагатай байгаа юм. Зудын үед онцгой байдлын машин техникийн хүрэлцээ маш тааруу байдаг. Боломжийн хэдэн тэрэгтэй л ажиллаж байна. Харин гал унтраах чиглэлийн машин техникийг парк шинэчлэлд хамруулсан.