Ж.Эрдэнэбат: Гашуунсухайтад хүн амьдардгийг, нүүрсийг жолооч нар зөөдгийг мартсан байна
2016.11.07

Ж.Эрдэнэбат: Гашуунсухайтад хүн амьдардгийг, нүүрсийг жолооч нар зөөдгийг мартсан байна

Монгол  Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 06-нд Гашуунсухайт боомтын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус  боомтод хил хамгаалах, гааль, хорио цээрийн хяналт, гадаадын иргэн харъяатын чиглэлийн 130 гаруй хүн долоо хоногийн зургаад нь  өдөрт 12 цагаар төрийн үйлчилгээ үзүүлдэг. Гэвч тэдэнд үйлчлэх нэг ч эмч, хэв журам сахиулах нэг ч цагдаа байдаггүйн дээр ундны усаа  22 км-ийн цаанаас зөөж, цахилгаанаа хилийн цаанаас авч,  халаалтгүй байшинд амьдардаг гээд орчин нөхцөл үнэхээр хүнд.  Тэгсэн атлаа  ачаалал нь 100 тоннын даац бүхий 1000 орчим машиныг хилээр нэвтрүүлдэг бөгөөд үүнд нь өрхийн 12 цаг заримдаа хүрэлцдэггүй байна.

Нэг машин ойролцоогоор гурван өдөр дугаарлаж байж хил гарах ба нүүрс, баяжмал ачсан  машины цуваа заримдаа 30 км-тэй тэнцэхүйц урт дараалал үүсгэдэг байна.  Тийм учраас бүтээгдэхүүнээ энэ боомтоор гаргадаг "Оюутолгой", "Эрдэнэс-Тавантолгой", "Энержи ресурс" зэрэг компаниуд Гашуунсухайтын боомтыг долоо хоногийн долоо өдөрт 24 цагаар ажилладаг болгох талаар санал тавьдаг байна.   

Энэ танилцуулгыг сонссоны дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, энэ боомтоор нүүрс болон баяжмал гаргах нь чухал ч, хамгийн гол нь хүн амьдардгийг, хүн амьдрах ёстойг, нүүрсийг жолооч нар зөөдгийг мартсан байна. Хилийн наана цаана, хэдхэн зуун метрийн зайд амьдрал, ажиллах орчин нь тэнгэр газар шиг ялгаатай байна. Боомтын ажилчдын амьдрах, ажиллах орчин болон жолооч нарын аюулгүй байдлын баталгааг хангаж дээрдүүлэхгүй бол арай дэндүү байна.

Тэгж байж, дараа нь  боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэх талаар ярих хэрэгтэй гээд Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам, тээвэр хөгжлийн сайд Д.Ганбат болон гааль, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харъяатын газрын дарга нарт тодорхой үүрэг өглөө