Д.Оюунхорол: Байгалиа хамгаалах нь бүх нийтийн үйлс
УИХ-ын гишүүн, БОАЖ- ын сайд Д.Оюунхоролтой ярилцлаа.
-Засгийн газар байгуулагдаад 100 хоногтойгоо золгож байна. Энэ хугацаанд БОАЖ-ын сапбар юу хийж амжуулав?
Эдийн засгийг сэргээнэ, иргэдийн амьдралыг сайжруулна гэж итгэл хүлээлгэн манай намыг сонгосон сонгогчдын хувьд 100 хоног гэдэг магадгүй урт хугацаа байх. Хийж бүтээхээр зүтгэж байгаа бидэнд маш богино хугацаа байлаа. Өнөөдрийн эдийн засгийн үнэн бодит байдал биднийг хүсээгүй шийдвэрээ гаргаж, сонгуулийн зарим амлалтаа хойшлуулж, хэмнэж, танахаас өөр аргагүй байдалд хүргэж байна.
Хэдийгээр олон нийтэд таалагдахгүй, улс төрийн намын хувьд эрсдэл дагуулж мэдэхээр олон шийдэл санаачилга яригдаж байгаа ч бид үнэнтэйгээ нүүр туулж түүнийг даван туулахаас өөр замгүй.
Эдийн засгийн өсөлт саарсан, ам.долларын ханш огцом өссөн, гадаадын хөрөнгө оруулалт бараг зогссон, үндэсний хоёр компани тутмын нэг нь үйл ажиллагаагаа зогсоосон хүндхэн нөхцөлд бид аль болох ард иргэдээ улам туйлдуулчихгүй шиг эдийн засгаа эрүүлжүүлэхийг зорин ажиллаж байна. Яам, салбар бүр хямралаас гаргах төлөвлөгөө гаргаж, ажлын байр, орлогыг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой бодлоготой ажиллаж байна.
БОАЖЯ шинээр эмхлэн байгуулагдсан 100 хоногт бодит байдлаа дүгнэх, ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө зорилтоо гаргах, тулгамдсан асуудлуудаа шийдэх, шаардлагатай хууль, тогтоомжуудыг батлуулах чиглэлээр ажиллалаа.
Байгаль орчны хууль, тогтоомжийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг хуулийн дагуу чангатгах, ард иргэд, улс орноо эдийн засгийн хүндрэлээс гарахад дэм болох, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхжүүлж буй олон улсын байгууллагуудад нэгдэн орж, хамтран ажиллах бодитой эхлэлүүдийг тавьж чадлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын 100 хоногт хийсэн ажилдаа би сайдын хувьд сэтгэл хангалуун байгаа.
-Ганга нуур ширгэсэн үйл явцыг уур амьсгалын өөрчлөлтөөс болсон гэж БОАЖЯ дүгнэсэн байсан. Парисын хэлэлцээрт нэгдэн орсны дараа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг манай улс юу хийхээр төлөвлөж байна вэ?
Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас хэд дахин хүчтэй явагдаж байгаагийн хамгийн бодит жишээ Ганга нуур. Ганга нуур ширгэж буй асуудлыг тодруулж, шийдвэрлэх арга замыг нарийвчлан тодорхойлох зорилгоор манай яамны ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, дүгнэлт гаргасан. Уур амьсгалын өөрчлөлт, хэт халалт Ганга нуур орчмын жижиг нууруудыг ширгээснээс ойр орчмын мал Ганга нуураа тойрон бөөгнөрсөн нь нуур ширгэсний гол шалтгаан болсон байна.
Ямар ч байсан эхний ээлжинд Ганга нуур, түүнийг тэжээдэг булгийг хашаажуулах, орон нутгийн хөрөнгөөр бэлчээр усжуулалтын зориулалттай гүний худаг гаргах аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулаад ажиллаж байна. Тодорхой арга хэмжээ авсны үр дүнд есдүгээр сарын сүүлч гэхэд нуурын ус сэргэсэн. Зөвхөн Ганга нуур ч биш манай зүүн бүсийн 200-гаад гол горхиноос өнөөдөр 80 орчим нь устай, бусад нь ширгэсэн мэдээ ирсэн. Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар Монгол Улсад ингэж хурцаар илэрч байгаа нөхцөлд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрт цаг алдалгүй нэгдэн орсон нь чухал ач холбогдолтой явдал болсон.
Уг конвенцын хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, хөгжиж байгаа улс орнуудад санхүү, техник технологи, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх механизмууд нэгэнт бий болоод байна. Тухайлбал, НҮБ-ын Уур амьсгалын ногоон санд жил бүр 100 тэрбум ам. доллар бүрдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөж байна. Бид энэ сантай идэвхтэй хамтран ажиллахаар хэд хэдэн төслийн санал хүргүүлээд байгаа.
Цаашид сангаас үзүүлж буй бэлэн байдлыг хангах дэмжлэгт бүрэн хамрагдаж Үндэсний хэрэгжүүлэгч нэгжүүдтэй болох, хүлэмжийн хийг бууруулах, дасан зохицох чиглэлээр шаардлага хангахуйц төслүүд бэлтгэж санхүүжилтийн дэмжлэг авах нь чухал байна. Мөн Японы хамтарсан кредит олгох механизм, Өмнөд-Өмнөд хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдаж байгаа Хятадын уур амьсгалын ногоон сантай идэвхтэй хамтран ажиллаж эхлээд байна.
-Өнгөрсөн зун, намрын турш Орхон голын бохирдлын асуудал олны анхааралд байсан. Одоо нөхцөл байдал ямар байна вэ?
Орхон голын эхэнд алтны шороон ордын олборлолт явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай БОАЖ-ын сайдаар ахлуулсан УУЯ, МХЕГ, орон нутгийнхны хамтарсан баг газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хаасан. Өвөрхангай, Архангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд мөн хамт ажилласан. Биднийг очиход 13 км газрыг ухаж, сэндийчсэн, алт угаасан усаа шууд гол руу цутгаж байгаа сэтгэл эмзэглүүлэм дүр зураг угтсан.
Тэнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд хариуцлагагүй уул уурхай эрхэлж байсан учраас бид хууль дүрмийг биелүүлж, зөрчлөө арилгахгүй бол лицензийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдэг шаардлагаа тавьсан.
Дараа нь орон нутгийн Мэргэжлийн хяналт, манай яамны ажлын хэсэг удаа дараа газар дээр нь ажилласны хүчинд ямар ч байсан өнөөдөр Орхон голын бохирдол багассан. Саяхан УИХ-ын дарга хөдөө орон нутагт ажиллах үед Өвөрхангай, Архангай аймгаас сонгогдсон гишүүд мөн газар дээр нь очиж танилцаад “Бидний ажлын үр дүн гарчээ” гэж надад мэдээлсэн.
Аж ахуйн нэгжүүд ямар ч байсан хаалт далангаа барьж , гол руу цутгах бохир ус багассан байна. Ирэх хавар үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ ямар нэгэн зөрчил гаргавал лиценз зөвшөөрөлтэй нь ярихаас өөр аргагүй. Орхон голын эхэнд лиценз, эзэмшигчид гэрээт олборлогчдоор 40 орчим жижиг аж ахуйн нэгж, нинжа нарыг оруулсан нь уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагаа явуулах гол нэг шалтгаан болсон гэж үзэж байгаа.
Цаашид лиценз эзэмшигч аж ахуйн нэгжүүд өөрсдөө хариуцлагатай олборлолт явуулах шаардлагатай. Лиценз эзэмшиж, хуулийн дагуу үүрэг хариуцлага хүлээдэггүй техникжсэн нинжа нарын асуудлыг цэгцлэх талаар БОАЖЯ ажиллаж байна.
-Цаашид хууль зөрчдөг асуудлыг нэг мөр таслан зогсоох боломж бий юу?
Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед бэлэн, хялбар төсрөөр нь байгаль руу хайр гамгүй дайрах, байгалийн баялгийг сорчлон цөлмөх явдал хурцдах шинжтэй болж байна. Эх байгалийн үр өгөөжийг хүртэж амьдардаг мөртлөө эргээд байгалиа хайрлах, хамгаалах, нөхөн сэргээх тал дээр тун хойрго, хүнийрхүү хандаж байгаагаа бүх хүн санах хэрэгтэй байна.
Ус гол бохирдуулж, хууль тогтоомж зөрчиж байгаа асуудлыг таслан зогсоох талаар бид хууль эрх зүйн, хариуцлагын цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Тухайлбал, Хараа, Ерөө, Хүдэр голын эх бүхий сав газарт уул уурхайн олборлолт явуулж буй байдалд БОАЖЯ-ны газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг хяналт шалгалт хийсэн.
Гэхдээ бид хэчнээн хяналт, шалгалт хийгээд хууль тогтоомж зөрчигсдөөс хариуцлага нэхэх эрх зүйн боломж бидэнд байхгүй. Байгаль орчинг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1-д зааснаар байгаль орчинг хяналтыг Мэргэжлийн хяналтын байгууллага тавьдаг. Яам зөвхөн хууль тогтоомж зөрчиж буй тухайн аж ахуйн нэгжийн лицензийг цуцлуулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлдэг. Ингэж салангид хоёр механизм яваад байгаа нь хууль тогтоомж зөрчих нөхцөл бололцоог бүрдүүлээд байхыг ч үгүйсгэхгүй.
-Туул гол болон Хэнтий аймгийн Онон, Балж голын асуудлууд бас их хөндөгдөж байна. Энэ газруудаар ажиллав уу?
Хэнтий аймагт Онон, Балж голын цэвэр усны нөөц, ойн сан бүхий газарт “Айвуун тэс”, “Ю энд Би", “Гутайн даваа” ХХК гэсэн гурван компани хууль зөрчиж олборлолт явуулж байна гэсэн мэдээллийн дагуу манай яамнаас мөн хяналт шалгалт хийсэн. “Ю энд Би" ХХК нь хууль тогтоомж зөрчсөн хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж байсан учраас ашиглалтын лицензийг цуцлуулах саналыг Ашигт малтмалын газарт хүргүүллээ.
Мөн Ойн тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас 0.9 га талбайд учирсан хохирлыг зохих журмын дагуу нөхөн төлүүлэх арга хэмжээг авахаар болсон. Туул голыг бохирдуулж буй арьс, ширний үйлдвэрүүдийн талаар авах арга хэмжээний шийдвэрүүд огт хэрэгжсэнгүй. Энэ талаар нийслэлээс сонгогдсон УИХ- ын гишүүд асуудал тавьдаг.
Мэргэжлийн хяналт, хууль хүчний байгууллагыг оролцуулан хууль тогтоомж биелүүлдэггүй аж ахуйн нэгжүүдийн тоног төхөөрөмжийг лацдах арга хэмжээг авах асуудлыг би тэдэнд тавьж байгаа. Ер нь хууль сахиулж , хариуцлага тооцох боломжтой бүх л хуулийн аргыг хэрэглэхгүй л бол байгаль орчны эсрэг гэмт хэргүүдийг таслан зогсоох боломжгүй Өнөөдрийн бодит нөхцөл байдал ийм л байгаа. '
-Шонхор шувууны экспортын асуудлаар багагүй шүүмж, хэл ам гарч байна. Өнөөдрийн бодит байдлын талаар мэдээлэл өгнө үү?
Шонхор шувууг гадаадад гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэдэг. Засгийн газраас гарсан холбогдох шийдвэрийн дагуу БОАЖЯ зөвшөөрөл бүхий гадаадын иргэнтэй гэрээ байгуулж, шонхор шувуу барих эрхийг олгодог.
Гэрээнд эрх олгогдсон этгээд нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу орон нутагтай гэрээ байгуулан, хуульд заасан зохих төлбөрийг төлж шонхор шувууг барьдаг. Энэ дагуу бүх үйл ажиллагаа хууль ёсоор явагдаж байна. Гэтэл Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д .Хурц гэрэл гэж хүн удаа дараа намайг энэ асуудлаар гүтгэж, нэр төрд минь халдаж байгаа.
Надад нэг ч шонхор дур мэдэн хил давуулах эрх байдаггүй. Энэ явдлыг би Д.Хурцгэрэл гуайн хувийн ашиг сонирхолтой холбож ойлгож байгаа. Тэр хүн хувьдаа ан амьтныг гадаадад гаргах арилжаа наймаа хийдэг компанитай. Хувийн эрх ашиг нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөнөөс бусдын нэр хүндэд бүдүүлгээр халдаж байгаа юм болов уу. Ард элдэв юм ярьж, өдөөн хатгаж байгаа хүмүүс ч бий юм билээ.
Сүүлдээ бүр нэр ус, нүүрээ нуусан хүмүүсийн фэйсбүүкээс хүртэл элдэв юм бичиж, дарамталж байна. Зарим асуудлыг нь шалгуулахаар манай яамны зүгээс хуулийн байгууллагад хандсан. 2013 онд Засгийн газраас гарсан тогтоолын дагуу шонхор шувууг зөвхөн төрийн өндөр дээд айлчлалын үед бэлэглэлийн журмаар барих зөвшөөрөл олгодог болсон.
Янз бүрийн шугамаар Монголд шэйх нэрээр ирээд шонхор барихаар хөөцөлдөж явдаг шувууны наймаачид мэр сэр байхыг үгүйсгэхгүй. Албан ёсны харилцааны хүрээнд ирж буй өндөр дээд хэмжээний зочид тийм замбараагүй юм гаргадаггүй, гаргахгүй гэдгээ бидэнд хэлдэг.
Сүүлийн 10-аад жилд манай улс булангийн орнуудтай хамтын ажиллагааны олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, нийтдээ 100 гаруй сая ам.долларын тусламж үзүүлж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлснийг бид бас бодох л ёстой. Хамгийн сүүлийн жишээ хэлэхэд олон жил хөрөнгө мөнгө нь шийдэгдээгүй Түлэнхийн төвийн барилгад Кувейтын талаас санхүүжилт олгохоор болсон.
-Кувейтын Засгийн газрын санхүүжилтээр баригдсан судалгаа хөгжлийн төв саяхан БОАЖЯ-ны харьяанд ирсэн гэсэн байх аа?
Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх зарчмын дагуу тус төвийн үйл ажиллагааг “Монгол- Кувейтын судалгааны төв" ТББ-аар гүйцэтгүүлж байгаад өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар “Монгол-Кувейтын байгаль хамгаалах төв” болгон зохион байгуулж, БОАЖЯ-ны харьяанд үйл ажиллагаа явуулах шийдвэр гарсан.
Өмнө нь энэ салбарын сайдаар томилогдоход бүрэн ашиглалтад ороогүй, мөөгөнцөртсөн, хогондоо дарагдсан байсан барилгыг гүйцээж барих, засварлах болон урсгал зардлын санхүүжилтийг Кувейтын талаас гаргуулах шаардлага байсан учраас ТББ- ын чиг үүргээр ажиллуулсан. Цаашид төр менежмэнтийг нь хариуцаад ажиллуулна.
-Монголд ирж шонхор шувууг барих арабуудын хүсэл нэг ёсондоо Монголд хөрөнгө оруулах хөшүүрэг нь гэж ойлгож болох уу?
Манай улсын хувьд санхүүгийн чадавхи сайтай булангийн орнуудаас хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авах, хөрөнгө оруулалт татах, туршлага судлах зэргээр хамтын ажиллагаагаа урагшлуулахад тэдний Монголд ирж шонхор шувууг барих хүсэл сонирхол нь нэг ёсны хөшүүрэг болж байна. Дээр нь Монголд айлчлан ирдэг шэйхүүд нэг удаа ирэхдээ тодорхой хэмжээний хөрөнгө мөнгийг Монголд үлдээдэг.
Тэд өөрсдийн хувийн онгоцоор ирж, зэрэглэл өндөртэй зочид буудалд буун, хөдөө аялах туулах чадвар сайтай машинууд түрээслэн аялдаг. Зөвхөн 2016 онд Ойрхи Дорнодын улсуудын долоо хоногийн зочид буудалд байрлах, виз болон онгоцны зардлын тооцоог хийж үзэхэд зургаан сая гаруй ам.долларыг Монголд зарцуулсан байна.
-Байгаль орчны олон төрийн бус байгууллагуудтай цаашид хэрхэн хамтран ажиллах вэ?
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Байгаль хамгаалах ажилд бүх нийтийн хамтын оролцоог хангах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ” гэсэн дөрвөн заалт бүлэг батлагдсан. Уг заалтыг ирэх дөрвөн жилийнхээ үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлхээр ажиллаж байна.
Мөн манай яамны эхний 100 хоногийн ажлын төлөвлөгөөнд БОАЖЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ)-ийн хоорондын хамтын ажиллагааны гэрээг шинээр байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулах гэсэн заалт туссаны дагуу хоёр хоногийн өмнө МБОИЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзсан.
Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, тэднийг чадавхижуулах чиглэлээр БОАЖЯ-ны зүгээс хамтран ажилладаг. Гэвч ТББ- ууд маань зарим тохиолдолд байгаль хамгаалах үндсэн чиг үүргээ умартсан маягтай, шантааж дарамт үзүүлж, бизнес хийх шинжтэй үйл ажиллагаа явуулдаг. Төр, төрийн бус байгууллага адилхан л байгалиа хамгаалах үүрэг зорилготой юм бол тэр зорилгынхоо төлөө хамтран ажиллах ёстой байхаа.
-Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр Та санаачилгатай ажилладаг. Энэ ажилд ямар бодит ахиц гарсан бэ?
Хөрсний нянгийн бохирдол сэтгэл түгшээх хэмжээнд хүрснийг анх би энэ салбарын сайдаар томилогдоод гаргаж тавьж байсан. Олон удаа ярьсны хүчинд тодорхой түвшинд ойлгож, төсөл хөтөлбөр хэрэгжихээр болж байгаад баяртай байгаа. Гэр хорооллын өрхийн шаардлага хангахгүй ариун цэврийн байгууламжаас болж хөрс, гүний ус бохирдох улмаар халдварт өвчин, харшлын өвчлөл нэмэгдэж байгааг мэргэжлийн байгууллага тогтоосон байдаг.
Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр олон улсын байгууллага, улс орнуудад төслийн саналыг хүргүүлж, санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгох арга хэмжээ авч байна. Тухайлбал, 2017-2020 онд хэрэгжих Азийн хөгжлийн банкны гурван сая ам долларын буцалтгүй тусламжаар “УБ хотын гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг боловсронгуй болгох замаар хөрсний бохирдол бууруулах" төслийг Чингэлтэй, Баянзүрх дүүргийн зарим хороололд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Нэг хэсэг айл, зарим гудамжийг ус, хөрсөө бохирдуулахгүй эко ариун цэврийн байгууламжтай жишиг загвар болгохоор ажиллаж байна.
-“Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт олон улсын хурал Монголд болох гэж байна. Хурлын агуулга, ач холбогдлын талаар мэдээлэл өгнө үү?
НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (ДАЖБ), Монгол Улсын БОАЖЯ хамтран “Нүүдпийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурлыг энэ сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо олон улсын төрийн бус байгууллага 2016 оны ээлжит хурлаа Улаанбаатар хотноо зохион байгуулах хүсэлт тавьсны дагуу хамтран ажиллаж байна. Анх2015оны зургадугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын Сиань хотод хийсэн уулзалтын үеэр НҮБ- ын ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифаигаас Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрийн хүрээнд “Нүүдэлчдийн замаар аялахуй" төсөл санаачилгыг эхлүүлж, олон улсын аялал жуулчлалын зах зээлд манлайлагч улс болон, дэмжиж ажиллах саналыг тухайн үед БОАЖ-ын сайдаар ажиллаж байх үед надад тавьсан. Монгол Улсын аялал жуулчлалын салбарт нүүдлийн буюу “nomadic" хэмээх брэнд томоохон байр суурь эзэлдэг.
Тиймээс бид энэхүү брэндээ дэлхийд сурталчлан таниулах, энэхүү брэндийг олон улсын аялал жуулчлалын зах зээлд “өмчилж авахад” энэхүү хурлын гол зорилго оршиж байгаа юм. Монгол Улсын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд заасан “Монгол Улс нь нүүдлийн соёл аялал жуулчлалын төв болно” гэсэн зорилгыг хэрэгжүүлэх алхам энэхурлаар тавигдана. Монгол Улсын талаарх сурталчилгаа дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээгдэх, аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулагчдыг татах өргөн боломж бий болох гэхчилэн боломжууд энэ хурлаар дамжиж Монголд бий болох юм.
Хуралд Торгоны замын гишүүн улс орон, НҮБ-ын ах дүү хотуудын холбоо, НҮБ -ын ДАЖБ-ын гишүүн орнууд болон олон улс, бүс нутгийн аялал жуулчлалын холбогдох байгууллагуудын төлөөллүүд, ‘Торгоны зам” хөтөлбөрийн 33 гишүүн улсуудын сайд нарын төлөөлөл болон хандивлагч олон улсын байгууллагууд оролцоно.
-Байгаль хамгаалах намрын сарын ажил, Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр гээд цаг үеийн ажил ундарч байна. Байгаль хамгаалалд олон нийтийн оролцоо хэр байна вэ?
Байгаль хамгаалах олон нийтийн оролцоог сайжруулах, ард иргэдийнхээ ухамсрын түвшинг сайжруулах шаардлагатай байна. Урин дулааны цагт гэр бүлээрээ байгалийн сайханд аялж зугаалсныхаа дараа хог хаягдлаа түүж уутанд хийгээд хогийн цэгт аваачаад хаях сэтгэл, ухамсар үгүйлэгдэж байна.
Байгаль хамгаалах ажил бүх нийтийн үйл хэрэг гэдгийг иргэд маань ойлгоосой. Хүн бүхэн өөрсдөөсөө эхэлж өөрчлөгдөх шаардлагатай байна. Байгаль хамгаалах намрын сарын аяны хүрээнд БОАЖЯ-ны харьяа Сав газрын захиргаад Туул гол болон томоохон голын эрэг, булаг шандын ойр орчмыг энэ сарын 1-нд орон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран цэвэрлэсэн. Энэ удаагийн цэвэрлэгээний ажилд 15654 хүн, 442 байгууллага оролцож, 472.7 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ.