Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд НҮБ-тай хамтарч ажиллана
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогть Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман
2016.10.03

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд НҮБ-тай хамтарч ажиллана

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр Монгол улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд сайд С.Бямбацогт өөрийнх нь ахалж боловсруулсан  “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого 2030”-ыг батлахад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр дэмжлэг үзүүлсэнд  талархал илэрхийлэв. Мөн Монгол Улс НҮБ-ын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхитэй хамтран ажиллаж ирснийг дурдаад 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр баталсан НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монголын төр засаг тууштай дэмжин ажиллана гэлээ.

Түүнчлэн 2017-2021 онуудад хэрэгжүүлэх Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Тусламжийн Хүрээ нь “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал 2030”-ыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль зүйн туслалцааны төвүүдийг чадавхжуулах, хүний эрхийг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ХЗДХЯ-тай хамтарч олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна гэв.

МУ-ын ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрт  тусгагдсан Засаглалын бодлогыг хэрэгжүүлэх, ялангуяа хууль хэрэгждэг байх, ялгаваргүй тэгш үйлчилж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, гэрч хохирогчийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, нийгмийн эмзэг бүлгийнхэнг хамгаалах зэрэг тодорхой асуудлууд дээр үр дүнтэй хамтарч ажиллах хүсэлт тавив.

Нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэн бүр хууль эрх зүйн наад захын мэдлэг мэдээлэлтэй болно гэж үзэж байгаа юм.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман ч санал нэг байгаагаа илэрхийлээд хамтын ажиллагааг эрчимжүүлэх, зохицуулалт, түншлэлийг бэхжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.

Мөн МУ-ын ЗГ  Гэр бүлийн хүчирхийллийн асуудалд онцгой анхаарал хандуулж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг яаралтай өргөн барьсанд талархал илэрхийлэв.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт энэ хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хүчирхийллийн талаар иргэд мэдээлэл өгөх үүрэг хүлээх гээд тодорхой заалтууд орсон, УИХ-ын энэ намрын чуулганы эхэнд хэлэлцэн батлагдана гэдгийг дуулгав.

Мөн ХЗДХЯ-наас дэвшүүлж байгаа Хууль зүйн туслалцааны төвийн хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, Бүх нийтийн эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх, шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, сургалт судалгаа хийх, хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиудыг англи хэл дээр орчуулах чиглэлээр тавьж буй саналыг нааштайгаар судлан үзэхээ илэрхийлэв.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт  НҮБ-аас гаргасан, МУ-ын нэгдэн орсон гэрээ конвенцийг биелүүлэхэд анхаарч ажиллана гээд ялангуяа хүүхэд эмэгтэйчүүд, нийгмийн эмзэг бүлэг, гэр бүлд чиглэсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг хүслээ.