Улаанбаатар хот Гуандун мужтай хамтран ажиллана
НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр БНХАУ-ын Гуандун мужийн Ардын төлөөлөгчдийн Байнгын хорооны дарга Жан Гуан Мин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Ц.Сандуй зочид төлөөлөгчдийг Улаанбаатар хотод тавтай морилохыг хүсээд, Гуандун муж болон Гуанжоу хоттой хамтын ажиллагаагаа шинэ шатанд гарган, найрамдалт харилцаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ.
БНХАУ-ын Гуандун мужийн Ардын төлөөлөгчдийн байнгын хорооны дарга Жан-Гуан Мин, Төв аймагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, олон салбарт хамтран ажиллах боломжтой болсныг дурдаад Улаанбаатар хоттой хамтын ажиллагаа тогтоож, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуучлал, боловсролын салбарт хамтран ажиллах боломжтойг хэллээ. Мөн тус мужийн төв Гуанжоу хоттой эгч, дүүсийн найрамдалт харилцаа тогтоохыг хүслээ.
НИТХ-ын дарга Ц.Сандуй Гуанжу хоттой аялал жуучлал, бүтээн байгуулалт, соёлын салбарт хамтран ажиллах боломж байгааг дуулгалаа. Тэр тусмаа бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжих зорилгоор харилцан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, зам тээвэр, дэд бүтцийн салбарт хамтран ажиллахаа илэрхийллээ.