Олон өнцөг: АН-ын шинэ дарга хэн болох хийгээд намын шинэчлэл
“Их хүссэн хүнд төрийн жолоог бүү атгуул” гэдэг. АН сонгуульд ялна гэдэгтээ дэндүү итгэлтэй байсан. Тэгээд “хамраараа газар хатгасан”. 2020 онд ийм “цунами” дахин нүүрлэбэл АН тэсч үлдэхгүй болов уу. Тиймээс АН шинэчлэгдэх ёстой. Гэхдээ тэд 2 жил алдлаа. Учир нь ҮЗХ-ны хуралдаан удаа дараа хойшилж, оны төгсгөлд их хурлаа хуралдуулах тов гарсан учраас 2016 он тэдний хувьд дуусч байна.
2020 оны сонгуулийн жил шинэчлэл ярих нь утгагүй. Тиймээс 2017, 2018, 2019 онуудад АН-д өөрчлөлтийн салхи сэвэлзэх учиртай. Хэвлэлүүдэд АН-ын шинэ дарга хэн болох тухай, намын шинэчлэлийн эргэн тойронд олон мэдээ материал, ярилцлага гарч байна. Бид энэ олон өнцгийг нэг дор нэгтгэлээ. Уншигч та ч бас нэг өнцөг нь болоорой.
Ирэх 10 дугаар сард болох орон нутгийн сонгуулийн үр дүн Д.Эрдэнэбатаас ихээхэн хамаарах нь. Учир нь түүнийг Аймаг, сүм дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн штабын менежерээр томилсон. Тиймээс ч түүний хувьд хүнд цохилтын дараах сэргэлтийг орон нутгийн сонгуулиар намдаа авчирч чадвал 12 дугаар сард болох Их хуралдаа нүүр бардам сууж, хэлсэн санал нь ихээхэн жин дарах болов уу.
Түүний мэдэгдлээс харахад шинэ намын даргатай болохоос биш нам нь шинэ бодлого, үйл ажиллагаатай болоосой хүсч байгаа бололтой. Гэхдээ Д.Эрдэнэбат АН-ын даргын сунгаанд хүчтэй өрсөлдөгч. Тэрээр дарга болдоггүй юм аа гэхэд намдаа томоохон байр суурь эзэлсээр байх болов уу. Учир нь тэр УИХ-ын гишүүн шүү дээ.
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын орон нутгийн сонгуулийн штабын менежер Д.Эрдэнэбат:
"Ард иргэд манай намыг шинэ даргатай болоосой гэж хүлээж байгаа гэж бодохгүй байна. Харин шинэ бодлоготой, шинэ үйл ажиллагаатай болоосой гэж хүсч байгаа болов уу. Ардчилсан намын шинэчлэл бол зөвхөн намын шинэчлэл биш Монгол Улсын ирээдүйн улс төрийн бодлогын шинэчлэл болно гэж харж байна. Их хурлаараа шинэ дүрмээ батална.
Орон нутгийн сонгуулийн дараа шинэ дүрмийн хэлэлцүүлгийг нийт ард иргэд гишүүдийнхээ дунд хийх нь зөв гэж үзэж байна. Намын даргыг нийт гишүүд дэмжигчдийнхээ дундаас гаргах нь зөв. 2017 он Ардчилсан намын хувьд шинэчлэлийн жил байх болно, энэ шинэчлэл нь 2020 онд Монголын улс төрийн бодлого зөв явах суурийг тавьсан цоо шинэ шинэчлэл байх болно гэж үзэн ажлаа төлөвлөж байна."
Эх сурвалж Demparty.mn
Намын нөлөө бүхий, АН-ын даргын дайтай хүн бол С.Эрдэнэ. Тэрээр хэвлэл мэдээллийн байгууллагууд АН-ын дарга хэн болох, АН-ын шинэчлэгдэх процесст ихээхэн анхаарал хандуулж байгаад гайхширч байгаагаа хэлсэн. Магадгүй өнөөдөр түүнээс өөр анхаарал татахуйц сэдэв үгүй байх шиг. Тэрээр намаа шинэчлэх шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч шинэчлэгдэх гэж яарах бус асуудалд ул суурьтай, нухацтай хандахыг бусаддаа уриалж байна.
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ:
"Шинэчилнэ гэдэг үгийг хүн бүхэн ярьж байна. Харин яг яаж шинэчлэх юм бэ гэхээр онолын түвшинд, өөрчлөх ёстой асуудал дээр тогтож ярьж байгаа хүмүүс цөөн байна. Зарим хүн “Супер лидер” гарч ирээд л энэ намыг өөрчилчих юм шиг санаад байна. Мэдээж, хувь хүний үүрэг роль байна л даа. Гэхдээ намын бүтэц зохион байгуулалт, үзэл баримтлал, онол гээд маш олон зүйлийг бид иж бүрдлээр нь өөрчилж байж шинэчлэл явагдана."
Эх сурвалж: eagle.mn
Түүнийг шулуухан үг хэлж, бусдын анхаарлыг татах дуртай нэгэн гээд тодорхойлчиход нэг их буруудахгүй болов уу. Намаа эрх мэдлийн нөлөөгөөр "сохорч", дарангуйлагч болон хувирсныхаа төлөө УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн гэж тайлбарлах Ж.Батзандан АН үнэт зүйл, үзэл санааны реформ хийх ёстой гэж үзэж байна. Тиймээс ч ардчиллын төлөө, намынхаа шинэчлэлийн төлөө эцсээ хүртэл явахаа ч илэрхийлсэн. Тэр том амбицтай. Магадгүй тэр нь намынхаа дарга нь болох ч байж магад.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
"Ардчилсан нам шинэчлэгдэж чадахгүй бол улстөрийн тавцанаас арчигдана. АН-ыг үзэл санааны лидер удирдах ёстой. Үзэл санаа, үнэт зүйлийг нь тээж чадах үндэсний хэмжээний лидерийг АН төрүүлэх ёстой. АН-д аль нэг фракцын дарга намын дарга болдог нь энэ намыг өдрөөс өдөрт жижигрүүлдэг. АН-ын дарга гэдэг үндэсний хэмжээнд биш юм гэхэд намынхаа бүх хүнд хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч байх хэрэгтэй. Намын шинэ удирдлагууд АН-ын цаашдын агуулгын шинэчлэлийг авч явах ёстой.
Нам дотор шинэчлэлийн тухай ярьж буй хоёр байр суурь байна. Хуучны лидерүүд бол хуучны системдээ жаахан засвар оруулаад явъя гэж байхад харин залуучууд нь хэлбэрийн шинэчлэл биш, агуулгын шинэчлэл хийе, зохион байгуулалт, удирдлага, боловсон хүчний шинэчлэл хийе гэсэн байр суурьтай байна."
Эх сурвалж: Gogo.mn
Намын даргад өрсөлдөж магад ялах хүний нэг бол Л.Болд. Гэхдээ түүнд намын дарга болох амбиц байхгүй гэдгээ өөрөө хэлсэн. Түүний хамгийн том үнэт зүйл бол ардчилал, ардчиллын суурийг бэхжүүлэх юм. Зөвхөн нам гэдгээрээ асуудалд ханддаггүй тэрээр УИХ дахь сөрөг хүчний үүргээ сайн гүйцэтгэж, МАН-ынхныг ажлаа хийж, амласнаа биелүүлэхийг шахаж сууна.
УИХ-ын гишүүн Л.Болд:
"Намын даргад олон хүний нэрийг дэвшүүлж байна. Харин хэн болох вэ гэдгийг гишүүд л шийдэх асуудал. Намын дарга болох амбиц надад алга. Гэхдээ хэн ч хэзээ ч энэ намдаа үүрэг, хариуцлага хүлээгээд ажиллах эрхтэй.
Ардчилсан намын хувьд коммунист сэтгэлгээнээс салж, шинэ цаг үеийн ардчилсан, нээлттэй, иргэний нам байх бодлого руу орох цаг болсон. Ийм үр дүнг л хүлээж байна. Ингэж чадсан тохиолдолд ард түмний дэмжлэг ирнэ. Харин тэр шинэчлэлийг Ардчилсан нам л хийж чадна. Бусад нь бидний араас л явах байх."
Эх сурвалж: ubinfo.mn
Намын даргад өрсөлдөж байгаагаа ил тод, нээлттэй зарласан хүн бол П.Цагаан. Үүрэгт ажлаа өгч, өрсөлдөөндөө бэлдэж буй тэрээр нэгэнт бугшиж, идээ бээрдээ идэгдэж, юу юугүй дэлбэрэх дөхсөн намын задрал, фракциудад хуваагдсан байдлыг таслан зогсоож нэгэн цул болох ёстой гэсэн байр суурьтай байна. Магад энэ санал олонхийн дэмжлэг авч болох л юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан:
Ардчилсан намын бодлого, үйл ажиллагааг намын гишүүд, олон түмний оролцоотойгоор улс орны ирээдүйн хувь заяа, эрх ашигт нийцэхүйц байдлаар шинэчилж, АН-ыг ардчиллыг, ардчиллын суурь үнэт зүйлсийг дээдэлдэг, эрхэмлэдэг залуу үеийнхнээр бэхжүүлэхийг цаг үе шаардаж байна. Энэхүү шинэтгэл, шилжилтийн хариуцлагатай, эгзэгтэй цаг үед ямагт үндэснийхээ эрх ашгийг дээдэлж, АН-аа нэг цул фракци байх ёстой гэж үзэж ирсэн байр сууриа дахин нотолж, хуримтлуулсан төрийн болон улс төрийн туршлага, мэдлэг боловсролоо намынхаа шинэтгэлийн үйлсэд зориулах нь зүйтэй гэж үзэж байна. Намын гишүүд фракцигүй байя гэж байгаа. Ардчилсан нам өөрөө нэг том фракци байхгүй юу. Жижгэрэх тусмаа хуваагдахын хүрд болдог. Жижигхэн болох тусмаа боловсон хүчин нь хуваагдаж байгаа. Ардчилсан нам улс төрийн өрсөлдөөний шинэ соёлыг нэвтрүүлэх ёстой. Улс орны ирээдүйн хувь заяанд Ардчилсан нам шийдвэрлэх үүрэгтэй байх ёстой гэдгийг өнгөрсөн түүх харуулж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Монгол Улсын хөгжлийн гарц нь юу вэ? гэсэн асуултдаа Б.Отгонбат хариулт авч дууссан бололтой. АН шинэчлэгдэх ёстой гэсэн байр суурьтай залуусыг манлайлж байгаа тэрээр АН-ын дарга хэн болох гэсэн жижиг асуудалд анхаарлаа төвлөрүүлэх бус Монгол Улсын ирээдүйн хөгжлийн хөтөлбөр боловсруулж, иргэдийн итгэлийг эргүүлэн авах хэрэгтэй тухай ярьж байна. Өнөөдөр биш ч маргааш УИХ, Засгийн газрын гишүүн, АН-ын дарга болох, намынхаа фракцилагдсан байдлыг халах амбиц түүнд бий.
АН-ын ҮЗХ-ны гишүүн, Нээлттэй Ардчилсан нам-Шинэчилье хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Б.Отгонбат:
"АН дотоод ардчилалгүй, фракцийн зөрчилтэй, зохион байгуулалтгүй, ард иргэдээ сайн сонсдоггүй, иргэдийн хэрэгцээ, шаардлагыг мэдэрч чадахгүй байна. Тиймээс эдгээр алдаагаа засахыг шинэчлэл гэж харж байна. АН-ын хамгийн том асуудал бол фракцилагдсан байдал. Мафийн түвшинд хүрсэн фракциудад намын дүрмээрээ хориг тавьж салахгүйгээр АН шинэчлэгдэнэ гэвэл хэцүү.
Одоо бол хэн намын дарга болох вэ гэдэг асуудлаар ноцолдоод байгаа болохоос биш яаж бодлогын нам болж хөгжих вэ, Монгол Улсад ямар бодлого явуулан, хүчтэй сөрөг хүчин байж, улмаар ард түмний итгэлийг эргүүлэн олж авах тухай бодож байгаа хүн цөөхөн байна. Энэ бол АН-ын уналтын цэг. АН-ын зөрчил дээд цэгтээ хүрээд байна.
АН-ын намын даргад өрсөлдлөө гэхэд Монгол Улсыг яаж хөгжүүлэх вэ, хямралаас яаж гаргах вэ гэсэн хөгжлийн хөтөлбөр, алсын хараагаа танилцуулж, хэрэгжүүлэх арга замаа ард түмэнд тайлбарлах ёстой. Тэрнээс биш даргын цүнх барьж гүйснээрээ өрсөлдөж болохгүй.
Олон удаа парламентийн гишүүнээр сонгогдсон, сайдаар ажиллаж байсан, намдаа өндөр албан тушаал хашиж байгаа ах нартаа хэлэхэд, бид та нараас суралцана. Гэхдээ АН-ыг ийм нөхцөл байдалд оруулсныхаа төлөө хариуцлагаа үүрэх хэрэгтэй. Залуучууддаа зай тавьж өг. Эцсийн эцэст АН-ын дарга хэн байх нь чухал биш Монголын ирээдүй, ард түмний амьдрал, цаашид АН оршин тогтнох уу, үгүй юу, хоёрдогч том хүчин хэвээрээ байх уу гэдэг тэрнээс том асуудал болоод байна."