2016.09.19

Монголын бизнесийн зөвлөлийн анхдугаар чуулга уулзалт маргааш болно

Монголын бизнесийн зөвлөлийн анхдугаар чуулга уулзалт маргааш Blue Sky зочид буудалд болно.

Олон улсын санхүүжилт, уул уурхай болон үйлдвэрлэлийн ханган нийлүүлэлт, эдийн засгийн хямралын үе дэх бизнесийн стратеги, хөрөнгийн зах зээл, бизнесийн шинэлэг чиг хандлага, Засгийн газрын удирдагч нарт хүргэх санал зөвлөмж гэсэн таван салбар хуралдаан болох юм.

Энэ үеэр Монголд үйл ажиллагаа явуулж буй бизнесийн байгууллага, мэргэжлийн хүмүүст ирээдүйд өсөж, хөгжихөд нь хэрэг болохуйц өргөн хүрээний, шинэлэг мэдээлэл хүргэхийг зорьжээ. Мөн дараагийн Засгийн газрын анхаарвал зохих өнөөгийн бизнесийн салбар, МБЗ-ийн гишүүдэд тулгамдаж буй гол асуудлуудыг тодорхойлж, дэвшүүлэх юм байна.

Чуулга уулзалтын үр дүнд боловсруулан гаргах зөвлөмж бичгээр дамжуулан хувийн хэвшлийн санаа бодол, тулгамдаж буй асуудлуудыг сонгуулиас өмнө улс төрийн намуудын сонорт хүргэж, тэдгээрийн цаашдын үйл ажиллагаа, төлөвлөгөөнд тусгуулахыг ч зорьжээ.

Монголын Бизнесийн Зөвлөлийг (МБЗ)  2007 онд үүсгэн байгуулсан. Одоогийн байдлаар 230 орчим дотоод, гадаадын гишүүн байгууллагатай, гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Монголын бизнесийн орчныг сайжруулахад бүтээлч хувь нэмэр оруулах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гишүүн байгууллагуудын нэн тэргүүний эрэлт хэрэгцээг хангахад чиглэдэг байна.