"Эрдэнэт" үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох санал хүргүүлжээ
2016.09.19

"Эрдэнэт" үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох санал хүргүүлжээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт "Эрдэнэт" үйлдвэрийг  Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох санал хүргүүлжээ.

Тэрбээр тус саналдаа:

"Монгол улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар. Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэх тухай Улсын Их Хурлын тогтоол гарсан.

Түүний Монгол төрийн алтан жолоог атгаж байх цаг үед “Эрдэнэт" үйлдвэрийг байгуулах, “Эрдэнэт” хотын түүхэн бүтээн байгуулалтыг бүтээхэд гарамгай гавъяа байгуулсан нь түүхэнд тодоор тэмдэглэгдэж үлдсэн билээ.

Иймд төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан, түүний нэр төрийг нь сэргээж, алдар гавъяаг нь мөнхжүүлэх ажлын хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох Засгийн газрын тогтоолыг холбогдох журмын дагуу гаргаж шийдвэрлэж өгөхийг хүсье" гэсэн байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өмнө нь УИХ-ын хуралдааны "В" танхимыг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгох саналыг УИХ-ын даргад хүргүүлж байсан билээ.