МАН бол гаргасан шийдвэрээ фракцууд нь нураадаг нам биш
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа
2016.09.19

МАН бол гаргасан шийдвэрээ фракцууд нь нураадаг нам биш

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.

-УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ. Хэр үр дүнтэй болов?

Энэ удаагийн УИХ-ын, чуулган миний сууж байсан өмнөх парламентуудтай харьцуулахад хэлэлцэх ёстой асуудлуудаа харьцангуй богино хугацаанд хэлэлцэн баталж дуусгалаа.

Засгийн газраа байгуулах, мөрийн хөтөлбөр, бүтэц бүрэлдэхүүнээ батлах, төсвийн тодотгол гээд нэлээд маргаан дагуулсан асуудлуудыг богино хугацаанд хэлэлцэн, шийдвэрлэж бүх асуудал тодорхой болсон.

Одоо харин тодотгож, зурсан замаараа яаж алхах вэ гэдэг л Засгийн газарт үлдлээ.

-Төсвийн тодотгол, төсөв тойрсон бусад асуудлаар өмнөх жилүүдэд та багагүйшүүмжлэл хэлж ирсэн. Өнгөрсөн жил төсөв хэлэлцэх үеэр "Энэ төсөв хоёр талаараа цоорхой төсөв" гэж хэлж байсныг тань санаж байна. Тэгвэл төсвийн тодотгол хэрхэн батлагдав?

"Аргаа барсан хүн аавынхаа толгойг маажина" гэгчээр шинэ Засгийн газар маань аргаа бараад л орж .ирсэн. Эдийн засаг ийм хүнд байхад ард иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсийг яаж өгөх вэ, яаж энэ улс эх орныг зогсоочихгүйхэн шиг, төсвийн мөнгийг  тасалчихгүйхэн шиг явуулах вэ гэсэн арга замыг хайсан.

Тэгж л төсвөө боловсруулж орж ирсэн юм. Ингэж оруулж ирсэн төсөв дээр гишүүд нэлээдгүй удаан ажилласан. Манай намын бүлэг ч мөн адил чамбай ажилласан. Ингэж ажилласны хүчинд төсвийг намынхаа мөрийн хөтөлбөртэй нийцүүлж баталлаа.

Нарийн яривал нэмэх гээд байсан татварууд буюу ул хөдлөх хөрөнгийн татвар, 2.5 сая төгрөгөөс дээш орлоготой иргэдийн хүн амын орлогын албан татвар, онцгой албан татварууд үнэндээ ард иргэдийн амьдралд тэгж хүндээр тусахаар асуудал биш юм шүү дээ. Хамгийн гол нь бид тайлбараа зөв хийж чадаагүй, ард түмэнд зөв ойлгуулж чадаагүй.

Сүүлдээ намын бүлэг асуудлыг авч хэлэлцээд, ер нь татвар нэмэх нь эерэг үзүүлэлт авчрахгүй юм байна гэдэг дээр санал нэгдсэн. Нийгмийн хандлага, ард түмний бодол, татвартай холбоотой гарсан мессежүүдийг дүгнээд татвар нэмэх нь энэ цаг үед төдийлөн тохирсон зүйл биш юм гэж үзсэн. Төсвийн хувьд ч ижил хялбархан шийдэгдчихсэн  зүйл гэж хэлэхгүй.

Маш амаргүй төсөв батлагдсан. Засгийн газрын, кабинетынхан, Ерөнхий сайд, Сангийн сайд нарт бүлгээс хатуухан үүрэг өгчихөж байгаа юм. Эдийн засаг хямарчихсан. дээрээс нь өдрөөс өдөрт ил далд янз бурийн зардлууд гарч ирж байгаа Нь өөрөө төсвийг хүндрүүлэх үндсэн нөхцөл болоод байна.

-Бүлгийн зүгээс Засгийн газар, Сангийн сайд, Ерөнхий сайд нарт үүрэг өгч, шахаж ажиллаж байгааг та хэллээ. Тэгвэл бүлэг болон Засгийн газар хоорондын харилцаа ямар байгаа вэ. Засгийн газар болон 65-ын бүлэг гэсэн хуваагдал байгаа юм биш биз?

Харилцаа хэвийн байлгүй яахав. Улс төрийн нам бол ямар нэгэн тухайлсан зүйл дээр улс төрийн шийдэл л гаргадаг шүү дээ. Жишээлбэл, сая татвар нэмэх, цалин хасах асуудал дээр үндсэндээ бүлгийн улс төрийн шийдэл гарсан. Гэхдээ олон талаас нь ярилцсан. Манай нам, наМын бүлгийн хувьд нэг зарчим байдгийг ард иргэд мэднэ.

Бүлэг дээр сайн, муу, маргах, мэтгэлцэх, хатуу ширүүн үг хэлэхээс өгсүүлээд зөндөө асуудал байдаг. Эцсийн дүндээ олонхиороо санал хурааж, цөөнх нь олонхийн шийдвэрээ дагадаг. Ер нь улс төрийн намын бодлого тэгж л явах ёстой. Энэ зарчмаар манай намын бодлого, шийдвэрүүд ч явж ирсэн. Бүлэг Засгийн газартаа шаардлага тавьж, хатуу шахаж ажиллахгүй бол болохгүй.

Тэгэхгүйгээр Засгийн газар тааллаараа ажиллаг гээд, буруу зөрүү, алдаатай бодлого гаргаад байхад нь хамгаалаад байвал төр засгийн ажил урагшлахгүй. Тийм болохоор бүлгийн зүгээс шүүмжлэлээ хэлнэ, шахаж шаардана, сайшааж дэмжих тал Дээрээ ч тусална.

Харин үүнийг яг эсрэгээр нь МАН-ын бүлэг Засгийн газар хоёр хоорондоо уур амьсгал таагүй байгаа юм байна, Засгийн газар огцрох нь гэхчилэнгээр ойлгож болохгүй. Ийм худлаа мэдээлэл зарим хүн тарааж ч байгаа байх. Тийм зүйл байхгүй. Ард түмэн хатуу итгэлтэй байж болно. Энэ Засгийн газар ямар ч нөхцөлд тогтвор суурьшилтай ажиллана.

-Гэхдээ Засгийн газар мөрийн хөтөлбөрөөсөө буцсан, өөр шийдвэр гаргаад, буруу бодлогоор ажиллаад эхэлбэл хариуцлагын асуудал ярина биз дээ?

Мөрийн хөтөлбөрөө баталчихлаа. Мөрийн хөтөлбөрт үндсэндээ манай намын сонгуульд оролцохдоо гаргаж тавьсан мөрийн хөтөлбөр 100 хувь тусгагдсан гэж хэлж болно. 'Энэ бол амаргүй, хүнд ачаа. Яагаад амаргүй ачаа гэхээр, бидний сонгуульд оролцохдоо тооцож байсан тооцооллоос өнөөгийн эдийн засаг 2-3 дахин доогуур үзүүлэлттэй байна.

Гэлээ гэхдээ бидэнд энэ амаргүй юм байна, одоо мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээ больё гэж хэлэх эрх байхгүй. Тиймээс амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө л явна. Харин мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд бид эхний ээлжинд эдийн засгийн уналтыг зогсоож, түүний дараа тогтворжуулж, өсөлтийг хангах ёстой.

Энэ бол дөрвөн жилийн хугацаанд амар хийгдэх ажил биш. Энэ цикл бол тодорхой хугацаа шаардана. Гэхдээ эдийн засгаа яаж хямралаас гаргах вэ гэдэг тал дээр бодож, тооцоолж байгаа тодорхой зүйлүүд бий.

-Жишээлбэл...?

Бид аль болох богино хугацаанд хямралаас гарах арга замыг л хайна. Ингэхийн тулд магадгүй 2017, 2018 онд хатуухан бодлого явуулахыг ч үгүйсгэхгүй. Зовлонгийн түргэн. жаргалын удаан гэдэг дээ.

Магадгүй  хатуу бодлогоо зөөлрүүлээд, ард түмнийхээ амьдралыг сайжруулах алхам хийх нь зөв үү эсвэл зоригтой алхам хийхээс хулчийгаад, нэг л их сайн Засгийн газар болж удаан хугацаанд хямралыг сунгаад яваад байх уу. Энэ бол сонголтын асуудал. Ард түмэн үүнийг зөвөөр ойлгож Засгийн газрыг дэмжиж ажиллана гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

-Тэгвэл бүлэг доторх уур амьсгал хэр байна. Танай бүлэг 65 хүнтэй. Хүн болгон өөр өөрийн толгойтой, өөр өөрийн бодолтой. Энэ олон хүний эрх ашгийг нэгтгэнэ гэдэг амаргүй байна УУ?

65 хүн гэдэг бол 65 жижиг мажоритар тойргоос сонгогдсон адил тэгш эрхтэй гишүүд. Бүлгийн дарга бол 65 гишүүний санал, бодлыг олонхийнхтой цэгтгэх, хурал зохион байгуулах гээд зохицуулах үүрэг бүхий л хүн. Түүнээс биш давуу эрх эдэлнэ гэсэн үг биш. Мэдээж олон санал гарахад нэгтгэх амаргүй.

Гэхдээ нэг зарчмын зүйл хэлэхэд манай бүлэг бол улс төрийн ямар ч шийдэл гаргасан олонхио л дагадаг. Тийм учраас бид аливаа асуудлыг хэлэлцэж, бас дахин хэлэлцэж байгаад гараа өргөөд эцсийн шийдвэрээ гаргадаг.

Ингээд шийдвэр гарсан л бол асуудал эцсийн болж хувирдаг. Түүнээс биш бид дотроо фракц, бүлэглэл болчихоод, гаргасан шийдвэрийг нэг нь очиж нураагаад явдаг улс төрийн хүчин биш. Дотооддоо сайн ярилцаж байгаад шийдвэр гаргаж чадаж байна гэдэг нь энэ нам эрүүл байгаагийн шинж.

-Бүлэг дээр ярилцсаны дараа Засгийн газар татвар нэмэх асуудлаа гэнэтхэн татчихсан. Гэнэт ийм шийдвэр гаргасныг хүмүүс өөр өөр өнцгөөс хүлээн авч байна. Зарим нь зөв шийдвэр гаргалаа гэсэн боловч нөгөө талдаа, тэр дундаа сөрөг хүчний гишүүд орон нутгийн сонгуультай холбоотойгоор ингэж шийдлээ гэсэн зүйлийг хэлээд байна?

Засгийн газар татвар нэмэх саналаа татаагүй ш дээ. Бид бүлэг дээр энэ асуудлыг олон талаас нь авч хэлэлцэж байгаад Засгийн газарт татвар нэмэх асуудлыг чинь улс төрийн бодлогын хувьд дэмжих боломжгүй гэсэн шийдвэрээ хэлсэн.

Тэрнээс Засгийн газар татваруудаа татаагүй. Хоёрдугаарт, татвар төлөөс нэмэх, эдийн засгийн хямралаас гарахтай холбоотой асуудал зэргийг орон нутгийн сонгуультай холбож үзэх нь ямар ч утгагүй зүйл. Чуулганы хуралдаан дээр би энэ тухай хэлсэн. Улс төрийн нам нь нэг сонгуулиас нөгөө сонгуулийн хооронд сэтгэж ажиллаад, ард иргэдийнхээ тархийг яг ийм байдлаар угаагаад, тэрэнд нь дагалдаж ард түмэн саналаа өгөөд байвал зөв урагшилж чадахгүй.

Жишээлбэл, өнөөдөр л гэхэд МАН болохоо байлаа, МАН сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө ухарлаа, орон нутагт АН гарахгүй л бол улс орон сөнөх юм байна гэдэг зүйлийг нэр бүхий этгээдүүд яриад байна. Ард түмэн ялгаж салгаж байгаа байх. Ер нь улс төрийн хүчин сонгуульд ялалтаа байгуулаад явахад доод төвшиндөө буюу орон нутагтаа эрээвэр хураавар байвал яаж балардгийг өнгөрсөн дөрвөн жил хангалттай харууллаа.

Засгийн газар байгуулагдаад хоёр сар л болж байна. Ийм богино хугацаанд энэ Засгийн газраас их зүйл шаардах нь зохимжгүй. Үнэнийг хэлэхэд одоо ч гэсэн эдийн засгийн зарим сөрөг зүйлүүдийг гаргаж ирж чадаагүй байгаа гэж харж байна. Мэдээж Засгийн газар тогтвортой ажиллаж байж сөрөг зүйлүүдийг засаад явна.

Тэгэхээр сонгуульд ялна гэдэг өнцгөөр биш, яавал вэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлж, тэр бодлогынхоо үзүүрт зангилагдаж ажиллах ёстой юм. Ингэж байж төр зөв замаараа явна. Тэгэхгүй орон нутгийн сонгууль, дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж бодлого гаргаж ажиллах юм бол дөрвөн жилийн хугацаанд бид юу ч хийж чадахгүй.

-Бүлэг татвар нэмэхгүй гэх шийдвэр гаргасан. Гэтэл саяхан Ерөнхий сайд бизнес эрхлэгчидтэй уулзахдаа он гараад татвар нэмж магадгүй гэсэн утгатай зүйл хэлсэн байсан. Хэрвээ Засгийн газар дахин татвар нэмэх асуудал оруулж ирвэл бүлэг одоогийн байр сууриндаа хэвээр байж чадах уу?

-Бүлэг улс төрийн шийдлээ гаргах байх гэж бодож байна. Эдийн засгийн хямралтай үед аливаа улс орон татвар нэмснээр асуудлаасаа гарна гэж байдаггүй юм билээ. Аль болохоор татвар түрээсээ багасгаж, бизнес эрхлэх нөхцөлийг сайн бүрдүүлж, ард иргэдээ ажилтай, орлоготой байлгаж байж хямралаас гарах тухай асуудлыг ярьдаг. Тэрнээс биш чангална гэхээрээ татвар нэмээд, цалин хасаад, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хатуу хандаад байх юм бол эдийн засгаа өргөж гаргахад бэрх болно.

-Төсөвт дахин тодотгол хийх болов уу?

Дахин тодотгол хийхгүй л болов уу.

-Тэвчиж болох зардлаа танах хэрэгтэй гэж хүн болгон ярьж байна. Гэтэл төсөв дээр намуудад 2.1 тэрбум төгрөг өгөхөөр тусгасан байсан. Намууд энэ мөнгийг авах шаардлагатай байгаа юм уу?

Олон улсын жишиг гэж байдаг. Эрх барьж байгаа намын санхүүжилтэд зориулж суудал авсан тоогоор нь квот тогтоогоод нэг хүн нэг сая төгрөг гэдэг юм уу, тийм байдлаар өгдөг. Намуудын санхүүжилтийг хэрхэн яаж шийдэх вэ гэдэг асуудал манай улсад бас нэг толгойны өвчин болоод байгаа.

Энэ чинь өөрөө ёстой анхаарал татах асуудал болоод байгаа шүү. Нам гэдэг өөрөө төртэйгөө хамт байж байх ёстой. Нам бол үйлдвэрлэл эрхэлж болдоггүй. Тийм болохоор санхүүжилтийг нь дэмжихийн тулд төр тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага байгаа. Тэр утгаараа буруу зүйл биш гэж харж байна.

-Та сөрөг хүчний гишүүн байж үзсэн хүн. УИХ-ын үйл ажиллагаа зөв явахад сөрөг хүчин хамгийн чухал байдаг гэдгийг мэдэж байгаа. Одоогийн парламентын сөрөг хүчнийг дүгнэвэл?

АН-ын бүлэгт ес дээрээс нь О.Баасанхүү, С.Жавхлан гээд 11 гишүүн байна. Миний хувьд сөрөг хүчин хэвийн ажиллаж байна гэж хэлнэ. Яагаад гэвэл, одоогийн УИХ-ын дарга хуучин УИХ-ын дарга шиг эрх мэдлээ ямар нэгэн байдлаар ашиглаж, алх цохиж, микрофон хаадаггүй. Гишүүдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нөхцөл бололцоог яг хуулийн хүрээнд хангаж явуулж байгаа.

Мөн олонхийн гишүүдийг хоёр, хоёр Байнгын хороонд оруулсан. Харин цөөнхийг гурав, гурван Байнгын хороонд оруулсан байгаа. Хэтэрхий цөөнх учраас аль болох олон Байнгын хороонд харьяалагдаж, санал бодлоо ярих ёстой.

Энэ нь олонх нь цөөнхийнхөө дуу хоолойг илүү сайн сонсох гэсэн зорилготой юм. Ямар ч нөхцөлд гашуун ч гэсэн үнэн үг үйлд тустай байдаг. Сөрөг хүчин болсон гишүүдээс парламентад удаан суусан, туршлагатай хүн бий. Тэдний хатуу, хөтүү үг заримдаа улстөржсөн байдаг ч тэндээс бодож, тусгах зүйлүүд зөндөө л байдаг.

Харин эсрэгээрээ сөрөг хүчин маань нэг зүйлийг бодох хэрэгтэй. Бүх юмыг орвонгоороо эргэчихсэн юм шиг зүйл яриад, бараг хоёр, гуравхан сарын өмнөхөө мартчихаад, ой санамжгүй юм шиг зүйл хэлээд байж болохгүй. Бүлгийн дарга болчихоод цөөнхийн гишүүдийн үгийг сонсож, улс төр хийхгүй байхыг хичээж ажиллаж байгаа.

Гэхдээ бүр болохгүй болохоор нь саяхан чуулганы хуралдаан дээр жаахан хатуу үг хэлсэн. Тэвчээрт хязгаар бий. Бүх зүйлийг мушгиад гуйвуулаад байвал түүнийг нь хэлэх шаардлагатай юм байна гэж үзсэн. Цаашдаа эрүүлээр яриад, үүсээд байгаа нөхцөл байдлыг хамтдаа шийдээд явах байх.

-Эдийн засаг хямарсан гэж яриад байгаа. Энэ хямрал хаана, Хэзээ, ямар шалтгаанаар эхэлсэн юм бэ?

Эдийн засаг хямрахад уул уурхайн үнийн өсөлт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь үнэн. Гэхдээ хамгийн гол нөлөөлөл бол засаглалын хямрал шүү дээ. АН-ыг өнгөрсөн дөрвөн жил засаглаж чадаагүй гэж шууд хэлнэ. Хоёрдугаарт, байсан мөнгө санхүүгийн менежментээ зөв хийж чадаагүй. Үүнээс болж эдийн засаг унах гол нөхцөл бүрдсэн.

Ганцхан жишээ хэлэхэд, зөвхөн 6, 7 сард л гэхэд 750 сая долларын бонд дэлхийн зах зээлээс босгосон. Тэр нь 7-11 хувийн хүүтэй. Энэ мөнгө хааччихсан юм, бүү мэд. Концесс, вексель, Сайн хөтөлбөр гээд нийт 1.3 их наяд төгрөгийни эх үүсвэргүй мөнгө  зарах шийдвэр хууль зөрчиж гаргаад үүнийхээ 500 гаруй тэрбум төгрөгийг аль хэдийнээ зарцуулчихсан байсан.

"Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувь учир битүүлэг байна. 49 хувийг авахад 400 гаруй сая долларыг гаргаад эргүүлээд 500 гаруй тэрбум төгрөгийг хэвлээд оруулчихсан байх жишээтэй. Энэ мэтчилэн бодлогын маш том алдаанууд гаргасан. Үүнийгээ маш сайн мэдэж байгаа байх. Эдийн засгийн өсөлт 17.3 хувь байхад АН-ынхан хүлээж авсан. Юм унаж болно, гэхдээ өнөөдрийнх Шиг төвшинд Монголын эдийн засаг муу байгаагүй.

-Өнгөрсөн дөрвөн жил засаглаж чадаагүй гэлээ. Гэхдээ өмнөх Засгийн газарт одоогийн МАН-аас хоёр хүн Сангийн сайдын албан тушаалыг хашиж байсан шүү дээ. Нэг нь одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, нөгөөх нь тухайн үед МАХН-ын, одоогийн МАН-ын гишүүн байсан Ч.Улаан. Тэгэхээр хамт муу ажилласан гэсэн үг үү?

Муу ажилласан гэж хэлэхгүй.

-Яагаад?

Аль алинд нь алдаа оноо байсан л байх. Ж.Эрдэнэбат сайдын хувьд алдаа, оноог нь засч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, концесс, вексель зэрэг төсвөөс гадуур явж байсан зүйлүүдийг нэг нэгдсэн төсөвт оруулах, төсвийн алдагдал бидний хэлж байснаас өндөр хэмжээнд хүрсэн байсныг ил болгож, зохих хэмжээнд хүргэх гээд нааштай алхмуудыг хийж эхэлсэн.

Яг энэ үед нь засгаас биднийг хөөгөөд гаргачихсан. Энэ нь тухайн үеийн эрх баригчдыг эдийн засгаа эрүүл явуулах хүсэлгүй байсныг харуулж байгаа юм. Мэдээж бид ч гэсэн бүхэлдээ сайн ажиллаж байсан гэж хэлээд яахав. Ажил л болсон хойно алдаа оноо, сайн муу аль аль нь байсан байх.

-Тэгвэл одоо засгийн эрх солигдлоо. Эдийн засгаа хэрхэн сайжруулах вэ. Орлого бүрдүүлж, эдийн засгаа сайжруулахад татвар нэмэх, эсвэл гаднаас зээл авах гэсэн цөөн арга байдаг тухай эдийн засагчид хэлж байна. Татвар нэмэх асуудал үгүй боллоо. Тэгэхээр зээл авах болов уу гэсэн хүлээлт үүсчихлээ?

Эдийн засгийг сайжруулахын тулд макро эдийн засгийн бодлого дээрээ онцгой анхаарах ёстой. Эхлээд макро эдийн засгийн үзүүлэлтүүдээ хэрхэн сайжруулах тал дээр ажиллах хэрэгтэй. Мөн мөнгө санхүү, төсвийн бодлогоо эрүүлжүүлэх ёстой. Тэгээд эдийн засгийн хямралуудаас     гарсан туршлагууддаа тулгуурлан         ажлаа урагшлуулах хэрэгтэй юм.

Түүний дараа томоохон төсөл, хөтөлбөрүүд болох Оюутолгой, Тавантолгой, төмөр замын төсөл, Цагаан суварга зэрэг олон жил яригдаж байгаа ч үр дүн гараагүй ордуудад төр ямар нэгэн садаа    болохгүйгээр дэмжлэг үзүүлж урагшлуулах алхмыг хийх тал дээр ажиллах нь зөв. Нөгөөтэйгүүр яах аргагүй дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шиг өндөр хүүтэй арилжааны зээл буюу “Чингис”, “Самурай” зэрэг бондын төлбөр тулаад ирчихсэн байна.

Тийм учраас тэдгээрийг төлж барагдуулахын тулд урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр хайх зайлшгүй шаардлагатай. Мөн авсан зээлүүдээ яаж сунгах, ахиж зээл авч дарж болох уу гээд дэлхийд хэрэглэдэг бүхий л дэвшилттэй аргуудыг хэрэглэхийн төлөө ажиллах ёстой юм.

Тийм боломж олдвол түүнийгээ ашиглах л хэрэгтэй. Гэхдээ арилжааны өндөр хүүтэй зээлийг ахиад өөр өндөр хүүтэй зээл авч дарах тухай ойлголт байх ёсгүй. Сонгуулийн өмнө АН Сингапураас 11 хувийн хүүтэй 500 сая долларын зээл авсан. Түүнийг дарахын тулд 12, 13 хувийн хүүтэй зээл авч болохгүй шүү дээ. Харин түүнийг дарахын тулд магадгүй 2, 3 хувийн хүүтэй, 30, 40 жилийн хугацаатай зээл олдвол авч, зохицуулалтуудаа хийх хэрэгтэй.

-Нэг улсаас зээл авах болов уу, олон улсаас авах болов уу?

Хэн, хаанаас ямар боломж олгох вэ гэдэг л асуудал. Бидэнд хамгийн зөв боломжийг ямар улс орон, банк санхүүгийн байгууллага ямар хүүгийн боломж олгож байна, Монголд ашигтай ямар хувилбаруудыг санал болгох вэ гэдгийг судална.

Улмаар Засгийн газар, УИХ дээрээ ярилцаж байж шийдэх асуудал. Арилжааны зээл, хөнгөлөлттэй зээлийн тухай ард иргэдэд ойлгуулах ёстой юм. 1990-ээд оноос 2012 он хүртэл авч байсан зээлүүд бол бүгд хөнгөлөлттэй зээл. Өөрөөр хэлбэл, урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийн тухай асуудлыг л ярихгүй бол өндөр хүүтэй арилжааны зээл авбал улсын эдийн засаг даахааргүй болсон.

-УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ж.Батзандан гишүүн "Та бүхэн нэг л аймшигтай зүбл хийх гээд байна даа. Тавантолгой юу, Оюутолгой юу аль нэгийг нь зарах гээд байна" гэж хэлсэн нь олон хүнд хүндээр туссан юм шиг байсан?

Ер нь Тавантолгойн ордын тодорхой хувийг зарах ч юм уу, Оюутолгойг зарах чинь тийм аймшигтай асуудал мөн үү. Би бол үүнийг аймшигтай асуудал гэж үзэхгүй. Оюутолгойн 34 хувийг судлаад, эдийн засагчид одоо зарахад ашиггүй юм байна гэж ярьж л байна шүү дээ. Дээд хэмжээ нь 500-700 сая доллар гэсэн тооцоо гаргаж ирээд байна.

Миний нэг хэлдэг үг байдаг юм. Даахгүй нохой булуу хураана гэж. Бид Тавантолгойг хэчнээн жил ярив. Эцсийн дүндээ Тавантолгойн нүүрсийг хэн авах юм бэ. Ямар ч нөхцөлд Хятад юмуу Оросоор дамжина. Одоогийн байдлаар Хятадууд л авч байна. Бид аль болохоор Тавантолгойн нүүрсийг үр ашигтай зарцуулъя гэдэг дээр хамтрагчаа зөв сонгох ёстой.

Тэрнээс биш дотооддоо улстөржөөд, бие биенийгээ хардаад хэрэггүй. Гадны нэг нөхөр орж ирээд Тавантолгойн нүүрсийг ухаад том хар нүх үлдээгээд, ирээдүй хойч үе хоосон үлдэх нь гэдэг мунхаг үзлээр ард иргэдийн толгойг угааж болохгүй ш дээ. Тавантолгой гэдэг эцэг өвгөдөөс үлдээж өгсөн боломжийг зөв менежментээр, зөв ашиглаад улсынхаа эдийн засгийг өөд нь татах ёстой.

Аливаа улс орон дорой эдийн засагтай байж эдийн засгийн бодлогоо явуулах, өндөр хөгжилтэй эдийн засагтай хүний хөгжил нь дээд төвшинд байж бодлогоо явуулах чинь тэмээ, ямаа хоёр шиг ялгаатай шүү дээ. Энэ үүц боломжуудыг бид зөв л ашиглах хэрэгтэй юм.

-Эцэст нь асуухад төрийн залгамж халаа гэж байдаг. Өмнөх Засгийн газрынхаа сайн зүйлийг аваад, саарыг нь хаяад явах ёстой гэсэн. Улстөрч болгон үүнийг зөв гэж ярьдаг. Гэхдээ практикт хэрэгжүүлдэггүй. Энэ парламент ч гэсэн өмнөхийнхөө бараг л бүх хуулийн төсөл, хөтөлбөрийг хүчингүй болгож байна. Өнгөрсөн засгийн үед үлдсэн зүйлээс авах юм нэг ч байгаагүй юм уу?

Бодлогогүй гаргасан, алдаатай шийдвэр нь эдийн засгийг сөхрүүлдэг. "Сайн" хөтөлбөрүүд гэж байсан. Энэ бүгд бол цэвэр хууль зөрчсөн зүйлүүд. УИХ-аар оруулж батлуулсан зүйлгүйгээр улсынхаа эдийн засгийг самрах төвшний арга хэмжээнүүдийг тэд хийсэн. Д.Хаянхярваа нэг сая төгрөг тараасан гээд л ярьдаг. Гэхдээ тэр тараасан гэгдээд байгаа мөнгө нь хуультай байсан юм шүү.

УИХ-аар оруулж батлаад, 360 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настанд нэг сая төгрөг өг гээд хуульчлаад, эх үүсвэрийг суулгаад өгчихсөн байсан. Гэтэл дээр хэлсэн хэлсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ ямар ч эх үүсвэргүй, ямар ч хууль байхгүйгээр 500,600 тэрбум төгрөг гаргачихлаа ш дээ.

Жишээлбэл, Хамтын тэтгэврийн тухай хуулийг бид тухайн үед эсэргүүцэж л байсан. Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлээд мөнгө өгөх байтугай зүгээр л тэтгэврийн насны иргэддээ тэтгэврийн мөнгийг нь өгч чадахаа байсан байна. Яах ч аргагүй болохгүй байгаа зүйлийг яаж дэмжинэ гэж явах юм бэ. Энэ бол жинхэнэ сонгуулийн шоу байсан.