2016.09.09

Хэн нь зөв ярив?

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, О.Баасанхүү нарын хооронд маргаан өрнөсөн. 

С.Бямбацогт: Асуудал болгон дээр үг хэлж, хоосон ярьдагаа боль

УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг хөтөлбөрийн зарим нэр томъёог өөрчлөхийг санал болгож байсан бол зүйл заалт хасах, нэмэх асуудал дээр ч бас дуугарч байсан юм. Энэ байдлыг УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт эрс шүүмжилсэн юм. 

УИХ, Засгийн газрын гишүүн С.Бямбацогт О.Баасанхүү гишүүнд хандан, 

"Засгийн газрын хөтөлбөрийг уншиж, танилцаагүй мөртлөө асуудал болгон дээр үг хэлж, хоосон ярих юм. Тус хөтөлбөрийн 1.1.8-д "Төрийн албан хаагчийн хариуцлагыг нэмэгдүүлж, холбогдох хууль тогтоомж, төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчиж, бусдад хохирол учруулсан албан тушаалтан өөрөө хохирлыг төлж барагдуулах хуулийн зохицуулалтын хэрэгжилтийг хангана" гэж заасан нь 1.1.16-тай ижил агуулгатай байгаа учраас хассахаар шийдсэн." гэлээ.  

О.Баасанхүү: Микрофон олдсон дээр нь

Үүний хариуд УИХ-ын гишүүн О.Баасанхүү дуугүй байсангүй. Тэрээр дараах байдлаар ундууцсан бөгөөд Засгийн газрын гишүүн биш учраас асуудал бүр дээр ард түмнийхээ өмнөөс асуулт асууж, тодруулах нь миний үүрэг гэдгээ хэлж, 1.1.8 болоод 1.1.16 гэсэн хоёр заалтыг ижил утгатай гэж үзсэн С.Бямбацогттой санал нийлэхгүй байгаагаа ийнхүү илэрхийлсэн. Мөн Хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд ёс зүйтэй байхыг шаардлаа. 

"1,1,8 болоод 1,1,16 гэсэн хоёр заалт хоорондоо өөр агуулгатай байна. Нэг нь төрийн албыг ДНБ-ний боломж бололцоонд тулгуурлан ажиллуулах, нөгөө нь хүн халбал халсан хүнээ давхар шийтгэе гэсэн агуулгатай заалтууд байна. Энэ хоёр заалт тэс өөр хоёр утгатай.

Хэрэв энэ хоёр заалтыг ижил утгатай гэж үзвэл 1.1.17-г ч гэсэн ижил утгатай гэж үзэж болохоор байна. Засгийн газраас 1.1.16-г хасаад 1.1.18-ийг оруулж ирж байгаа 1,1,17-г ч хасах хэрэгтэй.

Та тэгж бодож, та нар тэгж ярьж байсан байж болно, би ямар танай Засгийн газрын хуралдаанд сууж байсан биш. Намайг энэ хөтөлбөрийг уншаагүй гэдгийг та яаж мэдэж байгаа юм бэ? Хоёулаа хамт сууж байгаад уншвал уншсан болдог. Би өрөөндөө ганцаараа сууж байгаад уншвал уншаагүй болдог юм уу?

Би таны урдаас харж уншиж байгаад уг хөтөлбөрийг зүйл, заалт бүрээр нь уншиж өгөөд байна шүү дээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь ингэж хүнийг гүтгэх юм бол энэ улс орон чинь юу болох юм бэ?

Таны "Онцгой эрхт комисс" эвгүй байгаа шүү. Гадаадын хөрөнгө оруулагчдыг шалгах гэсэн нэрээр мөрдөн байцаалтын нууцыг мэдэх гэж байж болзошгүй. Прокурор л хэргийг хүчингүй болгодог, шүүх л үнэн, мөнийг тогтоодог.

Гэтэл та хуулийн байгууллагын халдашгүй, хараат бус байдалд хөндлөнгөөс орох вий гэдгээс болгоомжилж байна. Үүнийг микрофон олдсон дээр хэлчихье." гэлээ.