О.Баасанхүү: МАН-ын 47 гишүүн Н.Энхбаярын баруун гар байсан
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.08.29

О.Баасанхүү: МАН-ын 47 гишүүн Н.Энхбаярын баруун гар байсан

УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр Эрүүгийн  болон Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр оруулж ирсэн. Уг нь Эрүү болон зөрчлийн тухай хуулиуд ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр байсан юм. Харин өөрчлөлт оруулах хуулийн төсөлд хэрэгжих хугацааг 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс байхаар тусгаж өгчээ.

Тэгвэл Эрүү болон зөрчлийн тухай хуулиудын хэрэгжих хугацааг хойшлуулахтай холбоотой асуудлаар дөнгөж сая УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт хамгийн их анхаарал татсан зүйл нь Эрүүгийн хуулийг хойшлууах тухай асуудал орж ирсэн. Тиймээс би энэ асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлэх нь зөв гэж үзэж байна.

Учир нь 2015 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийг 2016 оны есдүгээр сарын 01-ний өдөр гээд батлагдсан өдраас хойш есөн сараар хойшлуулахаар шийдвэрлэсэн байсан. Гэтэл есөн сар нь өнгөрчихөөд байхад энэ хуулийг дахин “хэрэгжүүлэх боломжгүй” гээд 2017 оны долдугаар сарын 01-ний өдөр хүртэл ингэж хойшлуулахаар хуулийн төсөл өргөн барьсан байгаа.

Тэгэхээр энэхүү хуулийн төслийг өргөн барьж байгаа нь Монгол Улсын Хууль тогтоомжийг тухай хуулийн 14.1, 14.2 гэсэн заалтыг зөрчиж өргөн барьсан байна. Нэгдүгээрт, хууль тогтоомжийн төсөл боловсруулах шаардлагыг бичих ёстой.

Хоёрдугаарт, хууль тогтоомжийн зорилго тусгасан байх, гуравдугаарт, хууль тогтоомж батлагдсаны дараа үүсэж болох эдийн засаг, нийгэм, хууль зүйн үр дагавар тэдгээрийг шийдвэрдэх талаар авч хэрэгжүүлэх саналыг тусгасан байх ёстой зэрэг зүйлүүд огт байхгүй. Ганцхан өгүүлбэр л байгаа.

Тодруулбал, Эрүүгийн хуулийг 2017 оны долдугаар сарын 01 хүртэл хойшлуулъя гэсэн л өгүүлбэр байгаа. Ганцхан өгүүлбэрээр хуулийг ингэж болдог юм бол энэ 65 гишүүн одоо хэрэгжиж байгаа бүх хуульд ганцхан өгүүлбэр тавиад хуулийг зогсоох боломжтой хэм хэмжээний жишиг тогтоочих гээд байна” гэлээ.

Хэрвээ шинээр байгуулагдсан Засгийн газар, хууль зүйн яам Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх бололцоогүй байна гэж байгаа бол Хууль тогтоомжийн хуульд нийцүүлэн хуулийг өргөн барих ёстой юм байна. Хэрвээ ганцхан өгүүлбэрээр хуулийг хойшлуулбал Монгол Улсын Үндсэн хуульд харшилж байгаа ажээ.

Тиймээс О.Баасанхүү гишүүн энэ хуулийн талаар санал дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд өгч байгаа юм байна. Мэдээллийн дараа зарим асуултад хариулт авлаа.

-Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх хугацааг нь хойшлуулж байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуультой холбоотой гэх юм. МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх нэг арга гэж тайлбарлаад байна?

Би хуульч хүн. Тиймээс хууль зүйн өнцгөөр бол хууль зөрчиж байгаа аливаа зүйлийг дэмжихгүй. Улс төрийн утгаараа бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН хүнээ нэр дэвшүүлэх болно. Энэ нь намайг байсан байгаагүйгээс хамааралгүйгээр Улс төрийн намын тухай хууль дээр МАХН нь суудал бүхий нам.

Тиймээс төрийн аливаа шийдвэрт сонгогдсон гишүүнээр дамжуулан бодлогод оролцоно гэсэн байгаа. Тэр утгаараа миний бие өөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлэх асуудал дээр шууд болон шууд бус утгаар оролцох эрхтэй. Намын зүгээс ч гэсэн оролцох эрхтэй.

Өнөөдөр МАХН-аас Ерөнхийлөгчид намын дарга Н.Энхбаяр гэдэг хүнийг нэр дэвшүүлэх гэж байгаагаа гэх эцсийн шийдвэр гараагүй байгаа. Энэ бол намын их хурлаар шийддэг асуудал. Мэдээж улс төрчдийн зүгээс таамаг байдлаар оролцчихож магадгүй. Хэрвээ оролцчихвол хүчтэй өрсөлдөгч болох байх гэдэг үүднээс ямар нэгэн саад тотгор учруулах гэж явж байхыг үгүйсгэхгүй.

-Яагаад?

Эрүүгийн хэрэг биш хэргүүдийг өнөөдөр хэрэг болгоод явж байгаа. Тухайлбал, намын байрны асуудал. Залилангийн хэрэг гээд эрүү үүсгэчихсэн байгаа. Түүхэндээ хэзээ ч аливаа хүний эд хөрөнгийг завших гэдэг бол аваад үрэгдүүлж, алга болгохыг хэлдэг. Намын байр байгаа юм чинь шүүхдээд буцаагаад авах эрх нь тухайн гомдол гаргаж байгаа гадаадын иргэнд байгаа.

Гэтэл тэр эрхийн нь яагаад байлгахыг хүсэхгүй байгаа юм. Энэ хөхдүүдийн хувьд есдүгээр сарын 01-нээс ял шийтгэлгүйд гэж тооцох гэдэг дээр ач холбогдол өгөөд явж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ би МАН-ынхан арай ч тийм юм хийхгүй байх гэж найдаж байгаа.

-Нэгэнт хуулийг хэрэгжих хугацаа хойшлогдчихвол Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй болох уу?

Уг нь МАН-ын 65 гишүүний 47 нь МАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэг хүний ойрын хүмүүс байсан. Тухайлбал, Ш.Раднаасэд гээд Хууль зүйн байнгын хорооны дарга Н.Энхбаярын туслах байлаа. Ерөнхийлөгчийн тамгын газарт байхад хуулийн зөвлөх нь байсан. Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тухайн үед Н.Энхбаярын гадаад бодлогын зөвлөх байсан.

Өөрөөр хэлбэл, яг баруун гарынх нь хамтрагч байсан. Гэх мэтээр энд байгаа МАН-ын 65 гишүүний 47 нь Н.Энхбаярын баруун гарынх нь хүн буюу баг болон ажиллаж байсан хүмүүс байгаа. Тиймээс би эдгээр хүмүүс энэ хүнийг дээрэлхэж байна, доромжилж байна гээд дүгнээд ярихад дандүү утаггүй сонсогдох болно. Би тийм биш байгаасай л гэж хүсч байна. Тийм байх ёсгүй гэж бодож байна. Тиймээс энэ асуудлыг уэвэр улс төрийн зорилгоор тайлбарлахад төвөгтэй гэж хэлмээр байна.