Сульдаатай төрөө засъя
Хорин жилийн тэртээ бидний голоод орхисон социалист төрийн үед иргэд маань нийтээрээ ажил төрөлтэй, гэдэс цатгалан, маргааш яах бол гэж сэтгэл зовохгүй амьдардаг байв. Ялангуяа төрөөс иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд маш их анхаардаг байлаа. Үүнийг бодлого нь цэгцтэй, алс хэтийн төлөвлөлттэй, хяналт, хариуцлагын чанга тогтолцоотой, өндөр мэргэшсэн боловсон хүчинтэй, уламжлалт залгамж шинж чанартай төр удирдан чиглүүлж байсан юм. Харин одоогийнх шиг бодсон юм санаснаа чөлөөтэй илэрхийлж чаддаггүй байж. Гэтэл өнгөрсөн хорь гаруй жилд бид улс төрийн эрх чөлөө эдлэх болсон ч иргэдийн маань дөч орчим хувь буюу есөн зуун мянга гаруй хүн ядуурч, хүн амын гуравхан хувьд л нийт баялаг маань төвлөрчээ.
Хорин жилийн өмнө бид нийгмээ сайжруулахыг л зорьсон. Одоо харин ажилгүй, орон гэргүй, орлогогүй хүмүүсийн бүхэл бүтэн арми бий болсон байх юм. Ийм байхад бид нөгөө хүсэл зорилго маань биелсэн гэж хэлж болох уу. Нөгөө шударга ёс тогтоох, нийтээрээ баян чинээлэг нийгэм байгуулах маань ч юу болов. Сайд, дарга нар гэр бүлтэйгээ улаан номертой, хар машин унаж байна гээд л шүүмжилж эхэлж билээ. Гэтэл машины номерынх нь өнгө солигдсоноос өөр өөрчлөлт гарсангүй. Харин ч унадаг үнэтэй машиных нь тоо нэмэгдэж, шуналдаа хөтлөгдсөн дарга нарын тоо л өсөх шив.
Хариуцлагагүй, эмх замбараагүй байдал бүх шатанд бий болов. Нөгөө "Арын хаалгадах" гэдэг нэр томъёо маань "Авилга" гэдэг улам ч хортой төрхөнд шилжиж, төрийн бүх шатанд тархав. Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо улам дордож, үндэсний үйлдвэрүүд нь дампуурч, нийгэм ядуурсныг бид харж байна. Үүний буруутныг олж нэрлэе гэвэл тер толгойлж, улс удирдаж ирсэн үе үеийн удирдлагын баг хариуцмаар байдаг. Гэтэл тэдний амьдрал өдрөөс өдөрт гялалзаж байхад ард иргэд нь утаа, хогондоо дарагдан эрхэлсэн ажилгүй, өлсөж цангахын зовлонг амсах болжээ. "Төрөө засах хэцүү" гэж Эзэн Чингис маань нэгийг бодож бидэнд захиж үлдээжээ.
Одоо л нэг улс мөнгөтэй болж байгаа нь сайн төрийнх биш байгаль эхийн маань баялгийн хишиг юм. Өмнөх цаг үеийн төрүүд маань тусгаар улсыг бидэнд үлдээж, байгалийн баялгаа хамгаал-саар ирсэн нь өнөөдөр бидэнд ач тусаа хайрлаж эхлэв. Одоо харин энэ цагийн төрийн өнгийг тодорхойлж яваа гэх зарим улстөрч баялаг гэдэг маань газар дор байхдаа үнэ цэнэгүй зүйл гэх ухааны юм яриад цохиж явах юм. Инээдтэй хэрэг шүү. Огт баялаггүй байвал яахав. Сүүлийн үед дэлхийн том компаниуд яагаад нааш хошуураад байгаа юм. Үнэгүй гээд байгаа нөгөө газар доорх баялаг маань л нааш нь чангаагаад байгаа болохоос биш манай хэн нэг мундаг улстөрчтэй найзлах гээд гүйгээд байгаа лав биш дээ. Ер нь ямар төрийн үед бид энэ баялгаа ашиглах гээд байна гэдэг харин асуудал юм шиг байна. Хариуцлагатай, сайн төрийг зах зухаас нь гадарлах, өнөө-дөр Монголын төр өнгө мөнгө, эрх мэдэлд хэрхэн сөхөрч байгааг нь мэдэрч яваа хүний хувьд хэдэн үг хэлье гэж бичиг цаас нийлүүлж байна. Миний хувьд дэлхийн сонирхлыг татаж буй Монгол орны байгалийн баялгийг ашиглах талаарх манай төрийн цэгцтэй бодлого, төлөвлөлт гэдэг юм олж үзсэнгүй.
Олон эрдэмтэн, мэргэжилтэн энэ талаар ярьж, хэлж, бичих юм. Харин сонсож, анхаарч байгаа хүн алга. Эхний том хөрөнгө оруулалт болох Оюутолгойн гэрээгээ техник эдийн засгийн үндэслэл нь гараагүй, ерөнхий төлөвлөлтийг нь хийгээгүй байхад гадныхан-тай гэрээ байгуулсан нь маргаангүй үнэн юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн үр ашиг, хөгжлийн чиг хандлагыг нь тойм төдий баримжаалаад л байгуулсан хэрэг шүү дээ. Тэнд Эрдэнэт шиг хот сүндэрлэн босохгүй гэдгийг баттай хэлж чадах байна. Магадгүй эмх журамгүй байх нь луйвардах бололцоо олгодог байх. Монголчууд бид мордохын хазгай болохоос цэрвэдэг. Тиймээс эхнийх болох Оюутолгойгоо зөв зам руу нь оруулах гээд бидний хэдэн нөхөд дийлэхгүй, хүний өөрийн хүмүүст боорлуулж явна.
Дараа дараагийн баялгаа ийм жишгээр явуулаад байж яав ч болохгүй. Эцсийн дүндээ баялаг дуусахын цагт нийтээрээ чинээлэг амьдралтай нийгэм, баялаг бүтээж, орлого олдог, өрсөлдөх чадвартай эдийн засагтай үлдэх нь та бидний нэгдмэл эрх ашиг билээ. Харин өнөөдрийнх шиг баялгаа баас болгодог бодлоготой, бизнест автсан,гадныхны гар хөл болсон төр лав үүнийг хийхгүй. Сайн засаглалтай, шударга зарчимтай төрийн л хийх ажил. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бодлого, төлөвлөлтөө зөв тодорхойлж, хуульчлан мөрдөж чаддаг хариуцлагатай төр байж гэмээнэ баялгаа хөгжил болгоно. Цаг хугацаа биднийг хүлээхгүй өөрчлөгдөж байна. Алдаагаа алхам алхмаар засаж залруулж, сэтгэл гаргаад төрөө тэгшитгэх нэг ч,болтугай сайн зүйл хийх нь улс орны маань ирээдүйд хэрэгтэй. Эхлээд төр суларсан шалтгаануудаа тогтоож, засаж эхэлье. Эцсийн дүн-дээ төрийн ажлын цаана хүн л байдаг. Түүний чадвар, ажилдаа хандах хандлага, улс орноо гэсэн сэтгэл зүрхнээс төрийн ажлын өнгө тодорхойлогдох нь ойлгомжтой. Ардчиллаас өмнө төр хүчирхэг байсны нэг гол үндэс бол боловсон хүчний зөв бодлого байсан гэдэгтэй маргах хүн гарахгүй байх.
Хүн олсон боловсрол мэдлэг, чадвараараа нийгэмд байг. сууриа эзэлж, нийтийн эрх ашгийн төлөө итгэл үнэмшилтэйгээр төрдөө зүтгэдэг байлаа. Өөрөөр хэлбэл шилдгүүд төрийн гол гол албыг ав^ явдаг байв. Төрийн ажил сай» байсан нь үүнээс үүдэлтэй. Харин өнөөдөр юу болж байна, хэн овжин зальжин, сайн долигонож байна тэ| хүн л дэмжигддэг болж. Нөгөө талаар удирдах ажилтнууд өөртөө хандах хандлагаар хүнийг үнэлэх дүгнэхийг илүүд үзэж ажил, мэргэ жилдээ хэр тэнцэж байгааг нь үнэлэхгүй болж дээ. Төрийг улс орны хоо хөгжил рүү чиглүүлэхээсээ түрүүлж өөрсдийгөө хөрөнгөжих арга зам руу залуурдаад байх шиг. Эн бодлоо гүйцэлдүүлэхийн тулд бага бүрдүүлэх нэрээр чадвартай эсэхийг үл харгалзаж төрийн албанд байршуулдаг буруу зуршил өнөөдөр төрийг сулруулахад хүргэж байна. Ингэж томилогдсон хүмүүс эрхэлж буй ажилдаа эзэн больё гэхээсээ дарга эзэндээ таалагдахыг илүү чухалчилж, төрийн ажлыг хохироож байдаг. Хүн ер нь өөрийгөө муу ажиллаж байна гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй муу араншинтай амьтан.
Ажлаа гялалзуулж байгаа гэж бодно, тэгж итгээд өөрийгөө магтаж өгнө. За тэгээд ажлаа мэдэхгүй хүн чинь яаж өөрийнхөө чадах, чадахгүйгээ тунгаах билээ дээ. Иймэрхүү хүмүүсийг ажилдаа тэнцэж байгааг дүгнэдэг хяналтын тогтолцоо аль эрт байхгүй болсон учраас тэднийг хэн ч дэнслэх юм. Тэгээд ч аль нэг эдийн засаг, улс төрийн бүлэглэлд багтдаг хүнийг муу ажилласан ч хариуцлага тооцохгүй. Сүүлдээ бүр ажил албанд томилоход мэргэжил ажлын туршлага ч хамаагүй болсон. Тухайн салбарын талаар "А" ч үгүй хүн томилогдоод төрийн ажлыг нурааж, хөгжлийг нь сааруулж байсан ч хэн ч, юу ч дуугарахгүй. Ийм байдал даамжирсаар байгууллага, салбарын ажлын чанар муудаж эцэс сүүлдээ төрийг сульдаатай болгож эхэлсэн. Үүндээ ч төрийн удирдлагууд нь үүсч, байх л ёстой зүйл мэтээр ханддаг болов. Энэ талаар хэн нэгэн шүүмжлэлтэй хандвал "Популизм" хийж байгаа юм гээд хээв нэг тоомжиргүй хандана. Сүүлдээ бүр энэ талаар дуугарвал шийтгэнэ гэх аястай үг цухалзах болж.
Над мэтийг төрийн албанд орж байхад дарга, удирдлагууд маань өндөр шаардлага тавьдаг, бид ч ажилдаа эзэн болох гэж үнэн сэтгэлээсээ ханддаг байв. Сайд, удирдлагууд дээрээ албан бичиг төлөвлөөд орохоор бодлого нь хаана байна гэж асуугаад, улаан эрээн болтол нь засаад өгнө. Бид ч сандарч, ажилдаа тэнцэх гээд байдаг чадлаараа чармайдаг байлаа. Ингэж элдүүлж байж төрийн албаны дөр суудаг байсан. Өөрсдийгөө байнга боловсруулж, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын орлогч, газрын дарга гэсэн шатаар дамжина. Одоогийн зарим татаастай залуус шууд л өнөөдөр намд элсээд маргааш нь том дарга, нөгөөдөр нь сайд болчхож байна. Төрийн албаны бух шатаар дамжуулж байж салбарын ирээдүйг авч явах боловсон хүчнээ бэлтгэдэг байсан.
Одоо яамдын албан тоотыг харж байхад юун бодлого, маш товчхон "дэмжиж байна, зарчмын саналгүй" гэсэн хоёр, гуравхан өгүүлбэр л болсон байна. Өнөөгийн сайд, дарга нарын дийлэнх нь мэргэжилтнүүдийн оруулж ирсэн саналуудаас аятайхан санагдсан, таалагдсан саналаа түүгээд сууж байхаас мөн чанарыг нь ойлгож, оновчтой шийдэл гаргаж чаддаггүй биз ээ. Уг нь салбарын удирдлагууд гэдэг чинь мэргэжилтнүүдийн гаргасан саналуудыг өөрийн туршлага дээр тулгуурлан тунгааж, оновчтой шийдэл гаргадаг хүн байх нь үр дүнтэй байдаг. Ажлын туршлагагүй мэргэжилтнүүдтэй, мэргэжлийн бус удирдлагуудтай газраас олигтой үр дүн гарах уу. Мэдээж үгүй. Ийм л төрийн алба манайд төлөвшиж байна. Энэ бол төрийн удирдлагуудыг шийдэл гаргахад бодлогын дэмжлэг үзүүлэх хэсгийн маань өнөөгийн бодит дүр төрх юм. Үүнийг хэн урлан бүтээв ээ гэдэг асуулт зүй ёсоор гарнаа даа. Харин энэ талаар хийсэн судалгаа, дүгнэлт төдийлөн байдаггүй бололтой юм. Номын сангуудаас хайгаад товхимол, нийтлэл олж уншсангүй. Миний бодлоор хуулийг уландаа гишгэж чад-даг муухай ёс зүйтэй, хувийн ашиг сонирхлоо түлхүү илэрхийлдэг увайгүй улс төрчдийн л хийсэн ажил юм шиг. Тэд л төрийн шийдвэр гаргах түвшинд олонх болсны хар гай юм.
Энэ бүхэн төрийг сульдаатай болгож байна. Сайн засаглал, хариуцлагатай, хүчирхэг төрийн төлөө одоо л сэтгэл гаргаж, засаж авахгүй бол баялгаа зөв ашиглах нь байтугай, улс орон маань ч гундах замдаа орж мэдэх юм. Тиймээс төрөө засах ажлаа нэн тэргүүнд хөл, толгойг нь алдуулж байгаа гишүүн сайдуудыг байхгүй болгох, Үндсэн хуулийн өм-нөх өөрчлөлтөө буцаахаас эхлэх нь зөв байх. Төрийн хяналт, хариуцлагын зарчим алдагдсаны гол шалтгаан бол энэ шүү дээ. Сүүлдээ хамтарч байна гээд бүр ч нугасалчихлаа. Мөн сонгуулийн хуулиа сайжруулаад ирэх сонгуулиар улстөрчдийг сайн шүүгээд зөв хүмүүсээ төрд гаргачихвал төр нэг зөв зам руугаа чиглэж магадгүй гэж бодогдох юм. Хариуцлагатай, зөв төр л уул уурхайн баялгийг үр дүнтэй, ард түмэндээ хүртээлтэй зарцуулна шүү.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн