“Сайн хөтөлбөр”-ийг зогсоосонд малчид бухимдалтай байна
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат орон нутагт ажиллаж байна. Тэрбээр Архангай, Булган аймагт ажиллалаа.
Энэ үеэр Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, малчид, иргэдийн зүгээс “Сайн малчин”, “Сайн оюутан” хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэрийг Мэргэжлийн Засгийн газар гаргасан нь үнэхээр зогсоохоос аргагүйд хүрсэн, эсвэл улстөржиж Ардчилсан намын хөтөлбөр гэдгээр зогсон эсэхт хариулт өгөхийг хүслээ.
Түүнчлэн дээрх хөтөлбөр хэрэгжих ёстой гэдгийг хэлж байлаа.
Тэдний энэхүү асуултад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилд асар их зүйлийг хийсэн. Эдийн засгийн хүндрэл, бэрхшээл олон зүйлийг хийхэд чөдөр болж байсан ч хийж чадсан.
Ер нь эдийн засгийн хүндрэл, эдийн засгийн хөгжил нь аль улс төрийн хүчин Засгийн эрхийг барьж байна вэ гэдгээр ялгаварладаггүй юм.
Гэтэл Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд нарын хийсэн хариуцлагагүй мэдэгдэл нь бондын хүүг өсгөж, валютын ханшийг савлуулж, эдийн засагт итгэх итгэлийг унагалаа.
Монголбанкны ерөнхийлөгч балансын тоог хасах болгож хэлсэн бол Сангийн сайд төсвийн орлогыг зохиомлоор бууруулж, төсвийн зарлагыг зохимлоор өсгөсөн нь маш хариуцлагагүй мэдэгдэл.
Ерөнхий сайдын мэдэгдэл нь мөн амлалтынхаа эсрэг явлаа. Цалинг бууруулна, зарим халамжийг зогсооно, бүсээ чангална гэлээ.
Ингэх байсан юм бол яах гэж амлалт өгсөн юм.
Уг нь “Сайн хөтөлбөр”-үүд төрд ачаалал үүсгэхгүй хөтөлбөр байсан. Бонд гаргаад хэрэгжиж байсан хөтөлбөр” хэмээн хариулсан юм.