2016.08.01

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Эрдэнэт үйлдвэр-Ард түмний өмч” хөдөлгөөний төлөөлөлтэй уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир өнөөдөр /2016.07.27/ “Эрдэнэт үйлдвэр-Ард түмний өмч” хөдөлгөөний Бодлогын зөвлөлийн төлөөлөлтэй уулзлаа.

Тус зөвлөл УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан асуулга, шаардлагыг хүргүүлж байгааг төлөөлөгчид УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт мэдээлээд, албан бичгийг мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголын зэс” ХХК-ийн удирдлагуудад өгсөн гэлээ.

“Эрдэнэт үйлдвэр-Ард түмний өмч” хөдөлгөөний зохицуулагч Ц.Алтаншагай, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Оросын талын хувь эзэмшил 49 хувийг Ч.Сайханбилэг тэргүүнтэй өмнөх Засгийн газар Худалдаа хөгжлийн банкны охин компани гэгдэх “Монголын зэс” компанид УИХ-аар хэлэлцүүлэлгүй нууцаар худалдсаныг эрдэнэтчүүд бид эрс эсэргүүцэж байна гээд “Эрдэнэт үйлдвэр" нь төр ард түмэн, хувийн хэвшлийн хамтарсан өмч байх нь зүйтэй гэж үзэж УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан шаардлага хүргүүлж байна хэмээн хэлсэн юм.

“Эрдэнэт үйлдвэр-Ард түмний өмч” хөдөлгөөнөөс “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Оросын талын хувь эзэмшил 49 хувийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, журмын дагуу “Монголын зэс” ХХК худалдан авсан эсэх, дээрх хувийг худалдан авсан хөрөнгийн эс үүсвэр хэрхэн бүрдсэн талаар болон Худалдаа хөгжлийн банкны хөрөнгө оруулагчдын талаар олон нийтэд албан ёсны мэдээлэл өгөхийг уг албан бичгээр хүсчээ.

Түүнчлэн “Монголын зэс” ХХК-ийн худалдаж авсан гэгдэж буй 49 хувийн зохих хувийг хувьцаа хэлбэрээр ард түмэнд худалдахыг шаардсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нийт ажилчид, албан хаагчид болоод ахмадуудан шаардлагыг дээрх албан бичигт тусгасан талаар тус хөдөлгөөний Бодлогын зөвлөлийн гишүүн Д.Цагаач хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Оросын талын 49 хувийг худалдсан асуудлаар олон хүн надад хандаж байгаа хэмээн хэлсэн. Тэрбээр “Энэ асуудлаар УИХ-ын гишүүд ч чуулганы хуралдааны үеэр байр сууриа илэрхийлж байсан. УИХ-аар Засгийн газрын 11 сайдыг томилсон. Хэдийгээр дөрвөн сайдыг томилох асуудал хүлээгдэж байгаа ч Засгийн газар үүргээ хэрэгжүүлэх бололцоотой болсон.

УИХ-ын гишүүдийн зүгээс “Эрдэнэт үйлдвэр"-тэй холбоотой асуудлаар Ажлын хэсэг байгуулан шалгуулах саналыг Засгийн газарт тавьсаны дагуу Засгийн газар ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм байна. Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат ахалж байгаа. Ажлын хэсэг энэ асуудлыг шалгаад бодит үнэнийг тогтооно гэж итгэж байна. Шалгалт дууссаны дараа ямар арга хэмжээ авах талаар Засгийн газар, УИХ-ын түвшинд яригдана” гэж хэллээ.