Шинэ гишүүд юу хэлэв?
2016.07.05

Шинэ гишүүд юу хэлэв?

УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж, шинэ гишүүд тангараг өргөн, УИХ-ын даргыг томилсноор шинэ парламент бүрдлээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь дөрвөн жил байна.

УИХ-д сонгогдсон 76 гишүүний 65 нь УИХ дахь МАН-ын бүлгийг төлөөлөх бол ес нь Ардчилсан намын бүлгийг, харин МАХН-ыг болон бие даагчдыг төлөөлөн тус бүр нэг гишүүн ажиллана. Мөн 76 гишүүний 13 нь эмэгтэй гишүүд юм.

УИХ-ын гишүүний тангараг өргөсөн түшээдийн байр суурийг хүргэе.

Х.Нямбаатар: Амлалтаа хэрэгжүүлэх ёстой

 

МАН иргэд, сонгогчиддоо амласан амлалтаа хэрэгжүүлэх ёстой. Ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд эдийн засгийн эрс шийдэмгий арга хэмжээг авсан ажил хэрэгч дөрвөн жил байх болов уу гэж бодож байна. Сонгогчиддоо амласан амлалтандаа эзэн болж, хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ.

Н.Учрал: Мэргэжлийн Засгийн газар байгуулах ёстой

 

Өнгөрсөн хугацаанд төрийн эрх мэдлийн хараат бус байх зарчим алдагдсан. УИХ хууль тогтоодог байгууллага. Хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавьдаг байх ёстой. Хууль бол боловсруулах, тайлбарлах, хэрэгжих гээд гурван циклээр явдаг.

УИХ хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих, хууль нь амьд байх, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хуулиудыг батлах ёстой. Тэр утгаараа намын даргын зүгээс өөрөө УИХ-ыг удирдаад тэргүүлэх болсныг дэмжиж байгаа.

Эдийн засгийг хямралт байдлаас нь гаргахын тулд мэргэжлийн Засгийн газраа байгуулах ёстой. Чиглэлийн яамдууд бол давхар дээлгүй сайд томилогдох шаардлагатай гэсэн байр суурьтай байна.

Би бол Сонгинохайрхан дүүргийн иргэд, сонгогчдын төлөөлөл. Сонгогчид маань өнөөдрийн эдийн засгийн хямралаас гарахын тулд мэргэжлийн Засгийн газар байгуулах, төрийн бодлогод шинжлэх ухаанч байдлыг алдуулахгүй байх, төрийн тогтвортой байдлыг хангах, төрийн албыг хоморголон халдаг, эсвэл нам засгаар нь ялгаварладаг, салгадаг байдлыг арилгах, гол нь салбар бүрт бодлого хэрэгтэй, урт хугацааны салбарын бодлогыг бий болгооч, Монгол Улсын хөгжлийн загварыг бий болгож өгөөч, хөгжлийн загвартаа үндэслэсэн тактикуудыг нь сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газраараа дамжуулж хрээгжүүлдэг байх нь чухал гэдэг маш олон даалгавар өгсөн. Ажил хэрэг болгоход анхаарч ажиллана.