УИХ-ын дарга М.Энхболд боллоо
УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчид тангараг өргөлөө. Үүний дараа УИХ-ын даргаар М.Энхболдын нэрийг дэвшүүлж, гишүүдийн 86 хувь нь дэмжсэн юм.
Уг асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Үнэмлэхүй олонх болсондоо эрдээд хууль зөрчсөн хууль тогтоом гаргуулахгүй байх гэдэгт итгэж байна. Өнгөрсөн дөрвөн жилд сөрөг хүчин байхдаа ярьж байсан ажлаа хэрэгжүүлээрэй. Сонгуулийн үеэр баталсан мөрийн хөтөлбөр амлалтаа хэрэгжүүлээрэй. Танай намаас байгуулсан Засгийн газар эхнээсээ төрийн албан хаагчдийг халах солих ажил хийж болохгүй. Өнөөдөр нэлээд олон төрийн албан хаагч орон сууцны зээлтэй байна. Тиймээс төрийн албаар тоглохгүй байх, төрийн хяналтыг сайжруулаарай гэж хэлмээр байна” гэсэн юм. Мөн О.Баасанхүү, Я.Санжмятав нар захиас үгээ дайлаа.
М.Энхболд “УИХ үйл ажиллагаандаа ардчилсан ёс, хууль дээдлэж ажиллах болно. Бид мэргэжлийн Засгийн газар байгуулах нэн тэргүүний шаардлага байна. Хуулийн хугацаанд батлах ёстой зарим асуудал өмнөх парламентад батлагдаж чадалгүй үлдсэн байна. Мөн энэ оны төсөвт яаралтай тодотгол хийх шаардлагатай байна.Эрхэм хүндэт ард иргэдээ манай намыг сонгосон та бүхэндээ талархал илэрхийлж байна” гэлээ.