С.Бямбацогт: АН-ынхаан, та бүхэн тахимаа өгч сур
УИХ-ын 2016 оны сонгуулийн албан ёсны дүн гарч, СЕХ Ерөнхийлөгчид өргөн барьсан билээ.
Энэ дагуу Ерөнхийлөгчийн зарлигаар долдугаар сарын 5-нд УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж шинэ гишүүд тангараг өргөх гэж байна.
Гэтэл өчигдөр АН-ын дарга З.Энхболд тэргүүтэй хүмүүс сонгуулийн дүн хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэний дараа УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат байнгын хороог хүчээр хуралдууллаа. Тус хуралдаанаар анхдугаар чуулганыг зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг хэлэлцэж, хүчингүй болгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандахаас гадна анхдугаар чуулганыг хойшлуулах зорилго агуулжээ.
Ер нь УИХ-аас Хууль зүйн байнгын хороог хуралдуулах хуваарь албан ёсоор гаргаагүй байхад ийнхүү гэнэт хуралдуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж хуульчид үзэж байна. Энэ үеэр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр үг хэлсэн МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тэдэнд хандан тахимаа өгч сурахыг сануулсан юм.
Тэрээр "Та бүхэн сонгуулийн хууль алдаатай байсан гэж яриад байх шиг байна. Гэтэл өнөөдөр сонгуулийн хуулийг хэн баталсан билээ. Олонх байсан та бүхэн баталсан. Өнөөдөр сонгуулийг хэн зохион байгуулсан билээ, та бүхний томилсон төрийн албан хаагчид зохион байгуулж ажилласан. Сонгуулийн хуульд аливаа маргаан зөрчлийг нэг сарын хугацаанд шийдвэрлэхээр заасан. Зөрчил байвал хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой.
Ийм байхад та нар 76-уулаа хууль зөрчсөн мэтээр нийгэмд буруу ойлголт өгөх гээд байх шаардлагагүй. Төрийн үйл ажиллагааг гацаах гэж байгаагаа боль. Тахимаа өгч сур. "Ард түмэн яагаад АН-д саналаа өгсөнгүй вэ, юунаас болов" гээд үйл ажиллагаандаа дүгнэлт хий. Ард иргэд та бүхний энэ хууль бус үйлдэлд дургүйцэж байна" гэлээ.