Боловсролын салбар мэдээллийн нэгдсэн системтэй боллоо
2016.06.10

Боловсролын салбар мэдээллийн нэгдсэн системтэй боллоо

Боловсрол, шинжлэх ухааны яам 2012-2016 онд салбарынхаа бүх мэдээллийг нэгтгэж, "Мэдээллийн нэгдсэн цахим систем"-ийг бий болголоо. 

Энэ нь их сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл, суралцагчдын мэдээлэл, сурагчийн авсан дүн, чанар, амжилт, хичээлээ ойлгосон байдал, багшийн хичээлээ явуулсан үзүүлэлт, явц зэргийг дэлхийн хаанаас ч цаг тухайд нь мэдэж болох шинэ программ юм.  

Тодруулбал боловсролын салбарын мэдээллийн системтэй болсноор сурагч, багш, сургууль, шалгалттай холбоотой бүртгэл, мэдээллийг бичгээр авч цаг алддаг, мэдээлэл давхарддаг байдал арилна.  Үүнээс гадна оюутнуудад олгодог үндэсний болон урамшууллын тэтгэлэг хэзээ, хаашаа, хэний дансанд орж байгаа нь хүртэл ил болох юм. Цаашлаад дүнгийн бүртгэл засах, хуурамч диплом олгох гэсэн тус салбарт  ихээхэн шүүмжлэл дагуулдаг асуудал үгүй болж авилгал, аргалах үзэгдэлд цэг тавьж байгаа юм байна.

Системийн нээлтийн ажиллагааны үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Өнгөрсөн долоо хоногт манай яам төрийн байгууллагуудаас анх удаа Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байгаагаа батламжлуулсан. Өнөөдөр мэдээллийн нэгдсэн системтэй болж байна.  Бид өнгөрсөн 4 жилд хийнэ гэж зорьсон ажлаа бүгдийг хийж чадлаа” хэмээн онцлов.