Сангийн сайдын ажлыг аваад эдийн засгийн нөхцөл хүндэрчихсэн байгаад нэлээд гайхсан
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Монгол Улсын өрийн хэмжээ хэтэрлээ хэмээн нэг үе шуугисан. Гэтэл Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зөвхөн нэртэй холбоотой асуудал яригдаж байна. Үндсэндээ өрийг өглөг болгосноор асуудал нааштайгаар эргэнэ гэж байхгүй. Та Сангийн сайд байсны хувьд ямар саналтай байгаа вэ?
-Шулуухан хэлэхэд хийх ажлаа мэдэхээ байчихсан, толгой нь эргэчихсэн хүмүүсийн ажил л гэж бодож байна. Өрийг өглөг гэж өөрчилснөөр Монгол Улсын өрийг хэн нэгэн хүн төлөх үү, эсвэл цаад улс, байгууллага нь авахаа болилоо гэж хэлэхгүй биз дээ. Орос шиг байхгүй. Өр ч бай, өглөг ч бай төлөх ёстой л бол төлөхөөс гарцаагүй. Хэвээрээ л байна. Өглөг бол хугацаандаа байгаа нь, өр бол хугацаа хэтэрснийг хэлнэ гээд галзуу юм шиг юм тайлбарлаад байх юм. Хүн хугацаандаа байгаа өр, хугацаа хэтэрсэн өр гэж л ярьдаг.
Хэрвээ өглөг гэвэл мөн л хугацаандаа байгаа болон хугацаа хэтэрсэн өглөг л гэж ярина. Хэн ч хугацаа хэтэрсэн, хэтрээгүй гэдгээр өр, өглөг гэж ялгаж ярихгүй. Ямар үндэслэлээр ийм зүйл яриад байгааг би лав ойлгохгүй байгаа.
Одоогийн байдлаар Монгол Улсын өр нийт дүндээ сонсохоор бага юм шиг боловч эдийн засгийнхаа бодит боломж, хүчин чадалтай харьцуулаад үзвэл хэрээс хэтэрчихсэн л явж байгаа шүү дээ. Магадгүй эрх баригчид гадаад орнуудын өрийн хэмжээг сонсчихоод өөрийн улсын өрийг гайгүй байна гэж одоод байгаа байх л даа.
-Гэхдээ таны ярьж буйгаар бол гадны орнуудын өртэй харьцуулж болохгүй гэсэн үг байх нь ээ?
-Монгол Улс 11-12 тэрбум долларын эдийн засагтай мөртлөө Засгийн газар нь 8-9 тэрбум долларын өртэй байна гэдэг нь хүнд нөхцөлд орчихсон байгаагийн илэрхийлэл. Бусад орон шиг дотоодын нийт бүтээгдэхүүн, жилийн төсөв нь хэдэн 10, 100 тэрбумаар хэмжигддэг тохиолдолд тавьж буй өрийн хэмжээ их байж болно. Манай төсөв л гэхэд 3.5 тэрбум доллар шүү дээ. Гэтэл жилийнхээ төсвөөс гурав дахин их хэмжээний өр тавьчихаад “бид зүгээр байна” гээд яриад сууж байгаа нь үнэхээр цайчихсан нөхдийн яриа юм болов уу л гэж бодож байна. Манай улсын хувьд 2011, 2012 оны эдийн засгийг дэлхийн санхүүгийн байгууллагууд үнэлэхдээ хөгжлийн дундаж түвшинд хүрчихсэн орон гэж байсан. Үүнээсээ улбаалаад бид бонд авах бололцоотой болсон. Эдийн засгийн өсөлт сайн, улс орны хувьд нааштай үзүүлэлтүүд гарсан зэрэг нь нөлөөлсөн гэсэн үг. Үүн дээр үндэслэн одоо яригдаад байгаа “Чингис”, “Самурай” бондууд боссон.
-Уг нь МАН засаг барьж байх үедээ Хөгжлийн банканд бондын мөнгө үлдээсэн гэдэг. Гэхдээ тэр үеийн болоод сүүлд авсан бондуудын зарцуулалт буруу байснаас өрөнд орлоо гэх яриа бий. Үнэхээр цаг хугацаа нь тулчихсан юм уу. Эсвэл зарцуулалтаа тооцоогүй байсан хэрэг үү?
-МАН-ынхан тухайн үед эдийн засгийн эргэлтээ сайжруулах, тэлэх, богино хугацаанд үр өгөөжөө өгөх төсөлд зарцуулахаар бэлдэж байсан. Харамсалтай нь амжаагүй дараагийн Засгийн газартаа босгосон 580 сая доллараа үлдээсэн. Гэтэл гудамж, талбай засах, цэцэг тарих зэрэг урт хугацаанд өгөөжөө өгөх эсвэл бүр өгөөжөө өгөхөөргүй төслүүдэд хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн байдал өнөөгийн нөхцөлд хүрчихсэн гэдгийг бүгд ойлгох хэрэгтэй. Гэхдээ бүгд ойлгохгүй биш ойлгоод байх шиг байгаа юм. Зүгээр л ойлгоогүй дүр эсгээд байна уу гэж хараад байна. Яагаад гэхээр энэ хүмүүс чинь гадаад, дотоодод янз бүрийн боловсрол эзэмшчихсэн шүү дээ.
Ямар ч улс орон арилжааны, өндөр хүүтэй зээлээр эдийн засагтаа урт хугацаанд өгөөжөө өгөх зам тавих зэрэг төслийг санхүүжүүлдэггүй. Ингэж санхүүжүүлсэн цөнхөн улс нь эхнээсээ өрөө төлж чадахааргүй боллоо, дампуурлаа гэдгээ хэлчихээд байгаа. Үүнээс жишээ авч болох байсан. Бид үйлдвэрлэгч улс биш. Худалдаа, наймаа эрхэлдэг орон. Тийм болохоор үйлдвэрлэлээ сэргээх, экспортын чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ганц, хоёр үйлдвэр бий болгоход анхаарах ёстой байсан. Харамсалтай нь ингэж чадаагүйгээс эдийн засаг хямарч, ард иргэдийн амьдрал хүндэрч, аймгуудыг холбосон сайхан замуудтай л үлдэх нь. Уг нь бид үр өгөөжөө богино хугацаанд өгөх төслүүдийг санхүүжүүлэх л байсан юм. Түүнээс гарсан үр өгөөжөөр замуудаа тавьсан бол дээр байсан. Тэгж чадаагүйгээс ирэх 2017, 2018 онуудад төлж эхлэх өрийг хэрхэн төлөх вэ гэдэг асуудал үүсчихээд байна.
-Та энэ парламентын үед Сангийн сайдаар тодорхой хугацаанд ажилласан хүн. Тухайн үед парламентад суудалтай намууд нэгдсэн хэвээрээ буруу алхам хийчихжээ, одоо засах ёстой гээд арга хэмжээ авч эхэлсэн бол өнөөгийн шатанд хүрэхээргүй, нэмж өр тавихгүй байх боломж байсан уу?
-Сангийн сайдын ажлыг аваад нэлээд гайхсан. Эдийн засгийн нөхцөл хүндэрчихсэн байсан.Тийм болохоор засч эхлэхээр оролдсон. Эхний ээлжинд бодит нөхцөл байдлыг УИХ-ын гишүүд, ард иргэдэд танилцуулах ёстой юм байна гэж бодсон. Тэр ч утгаараа танилцуулсан. Төсвийн тогтвортой байдлын хуульд нийцүүлэх ёстой өрийн 40 хувийн босго л гэхэд алдагдчихсан. Бодит байдал дээр 58.3 болчихсон байна гэдгийг тодорхой болгосон. Төсвийн адлагдал нь 2-3 жил хэтэрхий өндөр байсан учраас түүнийгээ буюу төсвийн цоорхойгоо нөхөхийн тулд өндөр хүүтэй бонд гарган дотоодын зах зээлд гаргачихсан байх жишээний.
Өөрөөр хэлбэл бизнесээ дэмжих ёстой хөрөнгийг Засгийн газар нь татаж аваад банкуудын захирлын сэйфэнд цаас болгоод хийчихсэн. Энэ мэтээс шалтгаалаад гадаад өр, төсвийн асуудал зэрэг нь хүндэрчихсэн. Дээр нь бизнесийн салбарынхан маш олон ажил эхлүүлээд гацчихсан, хөрөнгө оруулалт нь хүндэрчихсэн байлаа. Төрөөс ажил авсан юм чинь мөнгөө авч л таарна гээд байсан хөрөнгөө барьцаанд тавиад зээл авчихсан аж ахуйн нэгж, компаниуд засаг мөнгийг нь өгч чадахгүй болохоор өрөө төлж чадахгүй, хөрөнгөө хураалган, дампуурлаа зарлахаас аргагүйд хүрчихсэн байсан шүү дээ.
Тиймээс эхний ээлжинд төвсийг зөв гольдирол руу явуулах замыг нь тавьсан. Мэдээж төсвийг ганцхан жилийн хугацаанд засч залруулна гэсэн ойлголт ямар ч тохиолдолд байхгүй. Тийм болохоор эхний ээлжинд ажил аваад долоо хоногийн дараа 2014 оны төсвийн тодотголыг өргөн барьсан. Түүнээс 14 хоногийн дараа 2015 оны төсвийн тодотголыг өргөн барьсан.
Ийм зарчмаар төсвийг засах л гээд байгаа юм. Дараагийн ээлжинд өрийн хэмжээ хүндэрчихсэн учраас эхлээд бүгдийг нь бодит болгоё, дараа нь хэрхэн төлөх вэ гэдэг асуудлыг цэгцэлье хэмээн төлөвлөсөн. Тэр ч утгаараа Өрийн удирдлагын тухай хууль боловсруулагдаад явж байхад нь дахин хянаж үзээд УИХ-д өргөн барьж батлуулсан. Үүний дараа Өрийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулж, батлуулсан. Мөн хөрөнгө оруулагчдад үүсчихээд байгаа гацааг арилгахын тулд судалж үзэн, төсвийн тодотголдоо ч шинээр ажил эхлүүлэхгүй, хуучнуудаа анхаарах ёстой, 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн байдлаар санхүүжилтийг нь олгох зэрэг шийдлүүдийг гаргаж тавьсан. Ингэснээр тодорхой хэмжээний аж ахуйн нэгжүүд улсаас авах мөнгө авч өөрсдийн ачаагаа хөнгөлсөн.
-Үндсэндээ төсвийн алдагдлаас эхлээд сайжруулахын тулд маш их таналт хийсэн гэж ойлгогдсон. Бүр зарим байгууллагыг хүртэл татан буулгаж, дотоодоос бонд босгохгүй гээд л?
-Бид маш өндөр буюу 5.7 хувийн хүүтэй дотоод бонд босгочихсон байсан. Тэр нь гурван их наяд төгрөг болчихсон байсан. Хэрвээ цаашдаа яваад байвал зах зээлд эргэлдэж байх нийт мөнгөнөөс гурван их наядыг Засгийн газар нь аваад арилжааны банкны захирлын сэйфэнд цаас болгоод хийчихээр мөнгө дутагдах нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс дотоод бонд аль болох авахгүй байх зорилт тавьж байсан. Үүний хүрээнд төсвийн тэвчиж болох бүх зардлыг бууруулсан. Ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг татан буулгасан.
Төсөв батлагдсаны дараа ч тэвчиж болох бүх зардлыг тэвчих шийдвэр гаргаж, нэлээд чангахан ажиллахаар зүтгэсэн. Ингэсний үр дүн ч харагдсан. Тухайн үед өмнөх жилүүдэд эхний зургаан сарын байдлаар 500-600 орчим тэрбум төгрөгийн Засгийн газрын дотоод бонд гаргадаг байсныг 70 тэрбум төгрөгийн л бонд гаргасан. Энэ бол тодорхой хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний үр дүн гэж бодож байгаа. Монгол Улсын дотоод бонд 1.3 их наяд төгрөг гэдэг бол 1.5 тэрбум доллар шүү дээ. Өмнө нь 1.5 тэрбум долларын “Чингис” бонд 4.125, 5.125 хувийн өндөр хүүтэй гэж байсан даа. Мэдээж гадаад зээлийн эрсдэл гэдэг улс орны хувьд аюултай. Гэхдээ дотоод бондын эрсдэл нь “Чингис” бондтой тэнцэх хэмжээнд оччихсон, гадны бондын хүүнээсээ гурав дахин өндөр байгаа юм. Энэ нь өөрөө төсвийг хүндрэлд оруулах нөхцөлийг бүрдүүлчихсэн. Тиймээс л дотоод бондоос аль болох татгалзахыг хичээсэн.
-Та Сангийн сайдын ажлыг аваад гайхсан гэж байна. Үндсэндээ Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам хоёрын хооронд хөрөнгө оруулалт, төсвийн асар их будилаан байсан байх нь гэж хардаж болох уу?
-Намайг ажил авсны дараа гадны санхүүгийн байгууллагын төлөөлөгчид уулзах хүсэлт тавьж эхэлсэн. Би бүгдтэй нь уулзсан. Тэд “Сангийн яам гадаад зээл, тусламжийн бодлогыг хариуцдаг болсонд баяртай байна. Та энэ Засгийн газартай ойлголцоод цаашаа явна гэдэгт итгэлтэй байгаа. Та ямар бодолтой байна вэ” гэдэг асуултыг тавьж байсан. Миний хувьд “Монгол Улс бол дэлхийн нэг улс. Тиймээс санхүүгийн үнэлэлт дүгнэлт өгдөг, туслалцаа, дэмжлэг өгдөг дэлхийн бүх байгууллагатай Монгол Улсын Засгийн газар хэзээд хамтарч ажиллана” гэдэг хариултыг өгч байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр тэдгээр хүмүүсээс харилцаа нь хөндийрчихсөн байсныг л харуулж байгаа хэрэг.
Тэрхүү харилцааг ойртуулах зайлшгүй шаардлагатай. Яагаад гэвэл Монгол Улс тал дээр бусад улсаас хамааралгүйгээр оршин тогтнодог улс биш учраас дэлхийн бусад байгууллагуудтай хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай. Тиймдээ ч эдийн засгийн уналтаас хэрхэн гарах вэ гэдэг төлөвлөгөө боловсруулж эхэлсэн. Ингэхдээ эдийн засгийн чиглэлээр судалгаа явуулдаг дотоодын байгууллага, иргэдийг урьж, яаман дээр зөвлөлдсөн. Мөн дэлхийн санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллан, яамны ажилчид маань үлдсэн ажлуудыг боловсруулсан.
-Эдийн засгийн хөгжлийн яамныханд итгэл алдарсан байсан хэрэг үү?
-Орж ирж уулзсан хүмүүс ямар ч байсан Сангийн яаманд төвлөрч байгаад баяртай байна. Танай улстай хамтран ажиллах хүрээнд энэ Засгийн газар биднийг дэмжин ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна гэж хэлж байсан. Түүнээс би өмнөх Засгийн газарт ажиллаж байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Гадны санхүүгийн байгууллагынхан надад хэлсэн үгийг л би хэлж байна.
-Жил бүрийн эхний хагаст төсөв алдагдалтай байдаг. Хоёрдугаар хагаст тэрхүү алдагдлаа нөхдөг гэж ярьдаг. Энэ жилийн тухайд сонгууль болж төр, засаг солигдоно. Зардал нэлээд гарна гэж байгаа. Тэгэхээр эдийн засгийн хувьд ядаж гал унтраах хэмжээний боломж бий болов уу?
-Чадахгүй. Монгол Улсын төсвийн орлого дахиад тасарна. Яагаад гэвэл эдийн засагт бололцоо угаасаа байхгүй учраас орлогын хэмжээгээ бууруулах байсан юм. Иргэн хүн ч олох орлогынхоо хэмжээнд тулгуурлан өрхийн төсвөө тооцолдог. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэсэн үг.
Гэтэл Монгол Улсын төсвөө батлахдаа зарлагатаа тааруулж баталдаг. Өөрөөр хэлбэл зардалдаа тааруулж орлого олно гэж батлаад байгаа нь аюул. Аливаа зүйлд боломж гэж байдаг. Түүндээ тааруулж төлөвлөх ёстой.